З.Долгорсүрэн: Чамдаа

Уйлмаар сэтгэлээ аргадаж урсах нулимсаа би тэвчлээ
Ухаан хүрэхгүй амьдралын тухай олон хоног эргэцүүлэн бодлоо
Хагацал гуниг нь жамаа дагаад ирсэн юм байлгүй гэж өөрийгөө би тайтгарууллаа
Хайр үгүйрдэггүй орчлонд сэтгэлээ би чилээлээ …
Чамгүй үдсэн намрын ганцаардал хаврын гуниглалдаа би хайртай болчихож
Чихэнд минь шивнэсэн салхины эсгэрээнд би эрхэлдэг болчихож
Уртаас урт он жилүүдийн тэртээд уяхан зангаа гээгээд орхичихож
Ухаан алдам дурлалдаа мансуурч өрөөлийн харцыг хайхардаггүй болчихож…
Намайг хайрласан чинийхээ хайранд өөрийгөө аргамжиж
Нарт тэнгэрийн доор ганцаардалтай нөхөрлөж явахдаа
Бүсгүй сэтгэлийнхээ оршихуйг чамтайгаа хамт үдсээн
Бүлээн нулимс хайрын заяандаа нялхравч
Бадаг шүлэг минь уянгийн хэмнэлд задгайрсан
Хонгор балчир насанд минь дурлалд намайг эрхлүүлсэн
Хослох зүрхний гүндээ хайраар ижилдэн дассан чамайгаа
Санан санан дурсахдаа сэтгэлээ би өмрүүлдэг
Сайхан учралаа нандигнан итгэлдээ би хайрладаг
Хүний орчлонгоос од болон харвахдаа
Хэлж амжаагүй үгсээр чинь найргаа би хөглөдөг
Хүйтэн бороо уйлан шивэрсэн өдрүүдэд
Холын холоос чамайгаа би санагалздаг…

З.Долгорсүрэн 2009 он


URL:

Сэтгэгдэл бичих