Том уяачдад баяр хүргэе
Өнгөрсөн онд хурдан морины уралдаанд нийт 7155 хүүхэд оролцсоноос 423 нь унаж гэмтсэн бөгөөд гурван хүүхэд амь насаа алдсан. Мөн 2013 онд нийт 8148 морины хүүхэд уралдсанаас, 958 нь уралдааны үед мориноос ойчиж, 916 нь хөнгөн, 34 нь хүндэвтэр, дөрөв нь хүнд гэмтэл авч, зургаан хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ардчилсан орон хэмээн овоглодог ч хахир хүйтэнд адгуусны нуруун дээр цаг гаран түүнээс илүү хугацаагаар нялх хүүхэд суулгаад өөрсдөө дулаахан жийпэнд суугаад дагаж давхин, ташаал авдаг баяр, наадам өөр улс оронд байдаг болов уу.Энэ онд Төв, Сэлэнгэ зэрэг 12 аймгийн Засаг дарга өвлийн уралдааныг хориглох захирамж гаргаж, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Дүнжингарав-2016” уралдаан болон ирэх гуравдугаар сард болох Хангайн бүсийн морин уралдаанд хүүхэд оролцуулахгүй байх, хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд анхаарч ажиллахыг хүссэн албан бичиг хүргүүлсэн. Гэлээ ч зарим том уяачдад баяр хүргэмээр байна. Учир нь эрх мэдэл, эд хөрөнгө, ямба нь хэтийдсэн тэд өчигдөр төр засгийн шийдвэрийг ч үл тоож, өвлийн хасах хэмийн хүйтэнд “Дүнжингарав 2016” хурдан морины уралдаанаа зохион байгуулж чадлаа. Баяр хүргэхээс ч өөр яалтай билээ. Тус уралдааныг үзсэн хүмүүсийн яриагаар “Дүнжингарав-2016” хурдан морины бус жийп машины уралдаан болсон гэнэ. Мөн хүүхэд нь унасан морь нэлээд байсан атал “Өдөр унасан мах авдаггүй гэдэг шиг” нэг ч машин зогсож харагдаагүй аж. Ямартай ч гэртээ ээж, аавдаа эрхлэн, хичээл номоо давтаж, тоглож байх ёстой бяцхан үрсийг хүүхдийн эрхийг юман чинээ тоолгүй өвлийн жавар арилаагүй цагт, ир нь орсон адууны нуруун дээр суулгаад баярлаж чадсан зарим уяачид дахин баяр хүргэе. Өчигдрийн уралдаанд хэчнээн хүүхэд бэртэж, муугаар бодоход амь насаа алдсан тоо баримт удахгүй ил болно. Харин тэр тоо өөрсдөө хүүхэд байгаагүй юм шиг өөрсдөө хүүхэдгүй юм шиг зарим уяачын нэг чихээр ороод нөгөө чихээр нь гарах биз.
Б.Төгөлдөр
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ene kheden adasgiig ni bugdiig ni buudaj khayakh kherregteiahtee khunii khuukhdiin amiar naaddag ene zavaan zugaag NUBiin khunii erkhiin khoroond khandakh kheregtei…..
АЙМААР ЮМ БҮҮ ҮЗЭГД