Монгол Улсыг ОҮИТБС-ын удирдах хорооны даргын нэрэмжит шагналаар шагнав
Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Перу Улсын нийслэл Лима хотод энэ сарын 24-25-ны өдөр болсон ОҮИТБС /Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга/-ын Удирдах дээд байгууллагын олон улсын 7 дугаар бага хуралд оролцлоо.
Уг хурлын үеэр Монгол Улс ОҮИТБС-ын тайлан, мэдээллийг цахимжуулахад үлгэр жишээ ажиллаж байгаа улсаар үнэлэгдэж ОҮИТБС-ын удирдах хорооны даргын нэрэмжит шагналаар шагнав.
Шагналыг Уул уурхайн сайд Р.Жигжид гардаж авах үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улс ОҮИТБС-ыг хэрэгжүүлж эхэлснээс хойш 10 дахь жилтэй
гээ золгож байна. Энэ хугацаанд бид нийт 9 удаагийн нэгтгэл тайлан гаргаж, хэвлэн нийтлүүлэн, энэ салбарын хувь нэмэр, ололт амжилтыг олон нийтэд нээлттэй, ил тод танилцуулан сурталчилж ирлээ. Бидний 2015 онд шинээр нэвтрүүлсэн ОҮИТБС-ын цахим тайлагналын систем, шинэчлэн сайжруулсан цахим хуудсыг үнэлж олон улсын Удирдах хорооны даргын нэрэмжит шагналыг олгож байгаад баяртай байна.
Бид бүхэн цаашид уламжлалт ажлаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ санаачилгыг өргөн хүрээнд тайлбарлан таниулах ажлыг улам эрчимжүүлж, харилцаа холбоо, сургалт сурталчилгааг орон нутагт идэвхжүүлэх, цахим тайлагналын системийн шинэчлэлийг сайжруулан дараагийн шатанд төрийн байгууллагуудын сүлжээтэй холбох, мэдээлэл боловсруулах ажлыг улам боловсронгуй болгох, Олон улсын байгууллагаас Монгол Улсын ил тод байдлыг баталгаажуулахад хийх шаардлагатай бэлтгэл ажлыг хангах зорилт тавин ажиллаж байна” гэлээ.
Хурлын үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид БНПУ-ын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд хатагтай Роза Мария Ортиз болон Колумбын Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Мариа Изабель Уллоа Круз нартай уулзалт хийсэн. Уулзалтын үеэр Монгол Улсын уул уурхайн салбарын талаар мэдээлэл өгч хоёр талын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов.
Мөн ХБНГУ-ын Эдийн засаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Увэ Бэкмайертэй уулзаж уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Германы тал Монгол улсаас импортлох боломжтой эрдэс баялгийн талаар сонирхоод, өөрийн аж ахуйн нэгжүүдийг Монголд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах талаар анхаарал тавихаа илэрхийлэв. Уул уурхайн сайд Р.Жигжид Герман улстай эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, ялангуяа газрын ховор элементийг олборлох, ашиглах, нүүрсийг гүн боловсруулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байдгаа илэрхийллээ. Мөн тэрбээр БНПУ-ын Байгалийн нөөцийн засаглалын хүрээлэнгийн Ерөнхийлөгч Даниел Кауфманныг хүлээн авч уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Байгалийн нөөцийн засаглалын хүрээлэн Монгол Улсыг сонгож төсөл хэрэгжүүлж байгаа нь нүдээ олсон сайн сонголт болсон тухай ноён Кауфманн сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэв.
URL: