Малчдад туслах цуваа хөдөллөө

Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо,  МУЗН-ийн хамтарсан цагаан зудтай, цагийн байдал хүнд байгаа орон нутгийн малчдад хүрэх тусламжийн цуваа өнөөдөр “Дүнжингарав” худалдааны төвийн урдах талбайгаас хөдөллөө.

Цуваа Архангай, Баян-Өлгий, Завхан, Увс, Төв аймгийн тус бүр 240 малчин өрх буюу нийт 1200 өрх тус бүрт сарын хүнсний багц, 64 мянган төгрөг, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нийт 600 өрхийн 300 өрх тус бүрт нэг  сарын хүнсний тусламж, үлдсэн 300 өрхөд 192 мянган төгрөгийн хүмүүнлэгийн тусламж хүргэнэ.

Тусламжийг тээвэрлэхэд Дэлхийн амьтдыг хамгаалах байгууллага 3000 ам.доллар буюу  6 сая гаруй төгрөгийн тусламж хандивлаж мөн малын өвөлжөөний дулаалгын хучлагыг малчдад хүргүүлж байна.

Хүнсний тусламжийн 1 багцад 25 кг гурил, 10 кг цагаан будаа, 2 кг элсэн чихэр, 1 л ургамлын тос болон 0.5 гр давс, 1.5 кг цай багтжээ. Уг багц нь дунджаар 4-5 ам бүлтэй өрхийн 1 сар ын хэрэглээ юм.

Бэлэн мөнгийг ХААН банкны аймаг, сумдын салбараар зуданд нэрвэгдсэн болон нэрвэгдэж болзошгүй малчин иргэдийн гарт МУЗН-ийн эмзэг өрхийн шаардлагын дагуу сонгож бүртгэсний дагуу тараана.

Тусламжид 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй малчин өрх  хамрагдах юм.

Ч.Ариунболд

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих