Нийслэлийг хөгжүүлэх төслийн уралдаан зарлав

Нийслэлийн нутгийн зөвлөлөөс нийслэлийн хөгжлийг тодорхойлох төслийн талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн нутгийн зөвлөл нь Улаанбаатар хотоо дэлхийн жишигт хүрсэн хот болгох зорилгоор өдгөөгөөс дөрвөн сарын өмнө байгуулагдсан. Эл зөвлөл нь эрүүл мэнд, боловсрол, зам тээвэр, бүтээн байгуулалт гээд амьдралын таатай орчин бүрдүүлэх 39 салбар зөвлөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм байна.

Эдгээр 39 салбар зөвлөл бүртээ дэд ерөнхийлөгч томилж, хариуцсан асуудлаа дагнан ажиллах ажээ. Эхний ээлжинд зөвлөлийн ерөнхийлөгчөөр нь н.Буд ажиллаж байгаа бөгөөд дэд бүтэц хариуцсан ерөнхийлөгчөөр “Комик сервис”-ийн захирал н.Тамир, барилга хариуцсан дэд ерөнхийлөгчөөр “Монгол глобал” компанийн захирал н.Ганбаяр, гэр хороолол хариуцсан дэд ерөнхийлөгчөөр “Гацуурт” компанийн н.БатЭрдэнэ, гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр “Тоска” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал н.Цэнгүүн нар ажиллаж байгаа юм байна.

Харин цаана нь 35 салбар дэд ерөнхийлөгчийн албан тушаал эзнээ хүлээж байгаа ба цаашид тууштай ажил хийх, нийслэл хотоо гэсэн сэтгэлтэй залуусыг сонгон шалгаруулах гэнэ. Мөн энэ 39 салбарт чухам ямар ажил хийж, бүтээх талаар судалгаа, тооцоотой чиг хандлага гаргахын тулд “Миний мэргэжил нийслэлийн хөгжилд” шилдэг санааны төслийн уралдаан зарласнаа дуулгалаа.

Энэхүү уралдаан нь бүх хүнд нээлттэй бөгөөд “Хотын ерөнхий төлөвлөлт”, “Нийслэлд хэрэгцээтэй, нийслэлийн эрх зүйн орчинг сайжруулах төлөвл өгөө”, “Эрүүл нийслэлийг бүтээн байгуулна”, “Дэд бүтцийг хөгжүүлэх нь”, “Нийслэлийн иргэний ёс суртахууны үнэ цэнэ” гэсэн ерөнхий таван сэдвийн дор болох юм байна.

Төслийн бүтээл авах хугацаа аравдугаар сарын 20-нд дуусгавар болж 29-нд тохиох Нийслэлийн өдрөөр төслийн ялагчдыг тодруулах ажээ.

Харин арваннэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар шат эхлэх ба реалити хэлбэрээр телевизүүдтэй хамтран явуулах юм байна. Улмаар гуравдугаар шатанд шалгарсан төслүүдийг хэрэгжүүлэн ажиллах гэнэ.

Мөн 21 аймгийн нутгийн зөвлөлийг нийслэлийнхтэй хамтарч, нэгдсэн зөвлөл байгуулах санал тавихаар зэхэж байгаа юм байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих