Толгойгүй төрийн алба

Эрүүл мэнд, спортын яам, Санхүү­гийн зохицуулах хороо, Хүүхдийн төлөө үндэсний газар, Үндсэн хуулийн Цэц гээд удирдан чиглүүлэх толгойгүй төрийн байгууллага олон байна. Мөн удирдлагын баг нь бүрэлдэхүүнгүй газар ч бий. Тухайлбал, Монголбанк тэргүүн дэд ерөнхийлөгчгүй байгаа. Уг нь эдгээр байгууллагын тэргүүнийг томилдог газрууд нь байнгын удирдлагаар хангаж үйл ажиллагааг нь тасралтгүй түргэн шуурхай явуулах ёстой. Гэвч нэр дурдсан байгууллагууд удирдлагагүй болоод удаж байна. Цаашдаа ч удах бололтой. Учир нь, Эрүүл мэнд, спортын сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог. Тиймээс ирэх дөрөвдүгээр сар хүртэл эдгээр албан тушаал эзэнгүй байна гэсэн үг. Магадгүй тэр хүртэл мартагдаж сонгуулийн дараа бүрдэх шинэ парламентад томилох эрх нь шилжиж ч мэднэ.
Төрийн байгууллагуудын эдгээр албан тушаал хэзээ, ямар шалтгааны улмаас эзгүйрснийг эргэн сануулъя.

2015.11.04-нд АТГ-ынхан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчилсан. Хоёр өдрийн дараа Г.Шийлэгдамба албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн билээ. Түүнээс хойшхи дөрвөн сарын хугацаанд Г.Шийлэгдамбыг албан ёсоор чөлөөлж, дараагийн хүнийг нь томилсонгүй.

2015.12.24-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг чөлөөлөв. Тэрээр УИХ-ын сонгуулиар Сүхбаатар эсвэл Дархан-Уул аймгаас нэр дэвшихээр төлөвлөж байгаа учраас Сонгуулийн тухай хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдсөн юм.

2015.12.25-нд Засгийн газар ээлжит бусаар хуралдаж нэлээд олон агентлагийн даргыг чөлөөлж, тэдгээрийн оронд томилгоо хийсэн. Гэвч Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяагийн оронд хэн нэгнийг томилоогүй юм. Тэрээр мөн л сонгуульд нэр дэвших зорилгоор өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ.

2016.01.29-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяаг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн. Тэрээр ямар учир шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн нь тодорхой бус. Учир нь, УИХ-ын дарга З.Энхболд гишүүдэд түүнээс асуулт асуух боломж олголгүйгээр алхаа тогшчихсон юм. “З.Нарантуяа УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ”, “З.Нарантуяаг Үндсэн хуулийн цэцийн даргаар томилно” гэх мэдээлэл гарсан. Хэрэв УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол маргаан үүсч мэдэх юм. Учир нь, Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн тавд “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-нээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна” гэсэн заалт бий.

2016.02.19-нд УИХ ээлжит бус чуулганы хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах шийдвэр гаргасан. Багагүй маргаан дагуулсан энэхүү шийдвэрийн үр дагавар цаашаа хэрхэн үргэлжилж, Үндсэн хуулийн цэцийн даргын суудалд хэн очих нь тодорхой бус байна. Ямартай ч, Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцийн даргыг чөлөөлсөн УИХ-ын шийдвэрт хориг тавьсангүй.

С.Шийлэгтөмөр

Эх сурвалж: Ардын эрх


URL:

Сэтгэгдэл бичих