“Ардчилал” гэх хөшгөөр халхалж иргэдийнхээ эрхийг боомилсон Монгол Улс
Энэхүү тайлан мэдээнээс харахад Монгол Улс ардчилсан улс мөн үү гэдэг асуултын хариулт ихээхэн бүрхэг байгааг та анзаарч харах болно. Ямартай ч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цаазаар авах ялыг бүрэн халсан Эрүүгийн шинэ хууль баталсан нь ардчиллын нэг үнэт ололт болсныг тэд бахархан тэмдэглэсэн байна. Гэвч энэхүү хууль нь ирэх есдүгээр сараас хэрэгжиж эхлэх билээ.
Хууль, гууль болов хэмээн ярьж, хууль хэнийг хамгаалж, хэнийг шийтгэдэг вэ гэсэн асуулт сүүлийн 20 жил хариултгүй хэвээр байна. Хууль, хяналтын байгуулага хүний эрх, эрх чөлөөнд зүй бусаар халдсаар байгаа явдлыг таслан зогсоох талаар дорвитой арга хэмжээ авахгүй удаж буй. Тус байгууллагаас гаргасан тайланд “Хууль сахиулагчид байцаалтын үеэр хэрэг хүлээлгэхээр эрүүдэн шүүж, зүй бус харьцсан хэрэгт ял завших явдал өргөн тархсан” гэдгийг цохон тэмдэглэжээ. Илрэхгүй удаж буй хэргүүдэд сэжиглэгдэн хоригдсон иргэд өмгөөллийн эрхээр хангагдсан эсэх, зарим нь өдгөө хаана хоригдож буй нь мэдэгдэхгүй байна. Түүнээс гадна улс орныхоо төлөө зүтгэж яваад амь эрсэдсэн улс төрчийг хүртэл илрэхгүй байгаа хэргийн захиалагчаар тодруулаад байгаа нь нууц биш.
Ардчилсан төрт улсыг тунхаглан зарласан Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д “Монгол Улсын иргэн нь халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривч лагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хам гаална” хэмээн заасан байдаг. Гэвч энэ хууль цаасан л үлдсэн гэдгийг дээрх тайлангаас харж болно.
Тус тайланд “Хууль сахиулагчид эрүүдэн шүүж, зүй бус харьцсан гэмт хэрэгтээ ял завших нь үргэлжилсээр байна. 2014 онд Улсын Ерөнхий про курорын дэргэдэх Мөрдөн байцаах алба татан буугдсанаар эрүүдэн шүүгдсэн, зүй бус харьцсан тухай өргөдөл гомдлыг хараат бус байгууллага биш цагдаагийн байгууллага өөрөө шалгах болсон нь шударга байдалтай холбоотой санаа зовоох асуудлыг нэмэгдүүлж байна. Зөвхөн тодорхой хэсэг албан тушаалтнуудын хэрэг Эрүүгийн хуулийн 251-ээр зүйлчлэгдэн шүүхээр орсон ч мэдүүлэг авахаар хүч хэтрүүлэн хэрэглэсэн бусад хэргүүд хариуцлагаас мултарсан байна. Бие махбодийн эрүү шүүлтийг бодвол сэтгэл санааны эрүү шүүлт нь нотлоход хэцүү байдгаас энэ төрлийн гомдлыг ихэнхдээ хэрэгсэхгүй болгожээ” гэж дурджээ. Аймшигтай сонсогдохгүй байна гэж үү. Ардчилал нэг өдөр ирдэггүй. Мянган жилийн тэмцлийн үр дүн ч байж болно. Харин нураан сүйтгэж, ганц хүний эс бол хэсэг бүлэг хүний дарангуйллыг тогтооход ганцхан өдөр, ганц хором байхад л хангалттай гэсэн үг бий. Хуулиар далайлгаж, иргэдийн дунд айдас бий болгож байгаа нь ардчилал хаана байна гэж иргэд асуухад хүргэж байж мэдэх юм. Ингэж хэлэх ч үндэс байна. Тус байгууллагын тайланд “Эрүү дэн шүүх болон бусад зүй бус харьцаанаас ангид байх, эрүүл мэндээ хамгаалуулах, гэр бүл, өмгөөлөгчтэйгөө уулзах зэрэг шүүхийн өмнөх шатны эрхийг үгүйсгэх тохиолдлууд үргэлжилсээр байна.
Сэжигтэн, түүний гэр бүлийн гишүүдийг цагдаа, прокурор айлган сүрдүүлсэн, хууран мэхэлсэн тохиолдлууд мөн бүртгэгдсэн” гэд гийг цохон тэмдэглэсэн байна. Хэрэв энэхүү тайланд дурдсан дээрх тохиолдолууд үнэн бол хуулийн байгууллагууд авлига, албан тушаал, танил тал, хэн нэгэн “үл үзэгдэгч”-ийн тушаал заавраар ажилладаг болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл ардчиллын хэвлийд дарангуйллын үр соёлж байна гэж ойлгож болно.
Энэ бол нэг тайланд дурдаад өнгөрөх, анхаарлын гадна орхих сэдэв биш. Үүний улмаас хүчирхийлэл газар авч улам идэвхжих аюултай. Төрийн нэр хүнд ч унана. Иргэдийн төрд итгэх итгэл алдарч, ардчиллын гол цөм болсон хүний эрх хөсөр хаягдана. Хийгээгүй хэргийг хүчээр хүлээлгэх, хожим нь жинхэнэ гэмт хэрэгтэн баригдлаа ч хилс хэрэгт гүтгэгдэж, хэрэг хүлээсэн иргэний сэтгэл санааны хохирлыг төр, хүчээр хэрэг хүлээлгэгсэд ч барагдуулж чадахгүй. Хамгийн гол нь ардчилсан улс гэх бүрхүүл дор үйлдсэн хүчирхийлэл Монгол Улсыг бусдад худалч, хуурмаг харагдуулах болно.
Үүнээс гадна өнгөрч буй 2015 онд Улаанбаатар хотын иргэд айдас дунд амьдарч байв. Хэзээ хот төлөвлөлтөд өртөж, албадан нүүх бичиг ирэх бол гэдэг түгшүүр дунд амьдарсан. Тиймээс ч тус байгууллагын тайланд энэ талаар “Нийслэл Улаанбаатар хотын гэр хороолол (шаардлагатай үндсэн үйлчилгээ дутмаг газар)-ын оршин суугчид орон гэрийг нь хүчээр нүүлгэн шилжүүлж болзошгүй байнгын айдас дунд амьдарч байв. Хот хөгжүүлэх төлөвлөгөө нь ил тод бус, бодлого эсвэл хуульдаа албадан нүүлгэлтийг хориглоогүй байгаа нь асуудлыг хүндрүүлж байна. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн зарим оршин суугчид хот хөгжүүлэх төлөвлөгөө ба газар чөлөөлөх гэрээнд хүчээр гарын үсэг зуруулахаар заналхийлж, айлган сүрдүүлсэн тухай гомдол гаргасан” гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Хэдийгээр оршин суух газраа өөрөө сонгох эрхтэй ч энэхүү эрхээ эдэлж чадахгүй байгаа нь иргэний эрх, эрх чөлөөний тухай ойлголт байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Тус байгууллагын тайлангаас үзвэл хүний эрх, эрх чөлөө хөсөр хаягдаж, “Ардчилал” гэх хөшигний цаана иргэдээ боолчилсон улс орон болж байгааг харж болно. Сүүлийн гурав, дөрөвхөн жилийн дотор үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлсний төлөө сэтгүүлчид хохирох болсон. Үүнийг ч тус байгууллагын гаргасан тайланд онцлон дурдсан байна. Ийнхүү хүний эрхийн хамгийн түгээмэл эрх, эрх чөлөөг “Ардчилагчид” нухчин дарж байна. Өнөөгийн ардчилсан хүчний төр баригчид ардчиллыг өмчилж, ард түмэнд өгөх ёстой эрх байдаг гэдгийг мэдэхгүйгээр 25 жил явсан байна.Тус байгууллагын тайланд “Авилга, хууль тогтоогчдын үйл ажиллагааг сурвалжлан бичсэнийг нэр төрд халдсан хэмээж сэтгүүлчдийн эсрэг Монгол улсын Эрүүгийн болон Иргэний хуульд заасан зүйл заалтыг хэрэглэсэн байна. Олон сэтгүүлч, хараат бус хэвлэлүүд хуулийн санкцаас эмээж өөрсдийгөө цензурдэх болсон” гэдгийг илчлэн тэмдэглэсэн байна.
Энэ бол бидний мэдэж буй сэдвүүд. Тэдний зүгээс бидэнд тавьсан тайлан. Гэхдээ тэдний тайлан дэлхий нийтээр тарж, 150 орчим орны долоон сая гаруй хүнд хүрч байгааг анхаарлын гадна үлдээж болохгүй. Ардчилсан Монгол Улсын өнгөрсөн жилийн хүний эрхийн төлөв байдал ийм байв. Ингэж дэлхий нийтэд хүрлээ. Удахгүй бид ардчилсан сонгууль хийж, төрийн эрх баригчдыг сонгох болно. Гэтэл дээрх тайлангаас харвал хүний эрхийн тухай ойлголт манай улсад байгаа эсэхэд эргэлзэхээр байна. Монголын ард түмэн эрүүдэн шүүлгэж, үг хэлэх эрхээ хасуулж, оршин суух газраа сонгож чадахгүй байгаа тохиолдолд төрийн эрх баригчдаа ардчилсан шударга сонгуулиар сонгож чадна гэж үү. Эргэлзээтэй бас боломжгүй байж магадгүй гэдгийг дээрх тайлан хэлээд байна бус уу.
Д.Лхагва-Очир
URL: