Элчин сайд Т.Кидокоро, есдүгээр сар Монголтой холбоотой гэв

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Япон улсаас манай оронд суугаа  Элчин сайд ноён Т.Кидокорог нутаг буцах болсонтой нь холбогдуулан өчигдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Ноён Элчин сайд Т.Кидокоро Монгол Улсад томилогдон ажиллахдаа хоёр жил хагасын хугацааг энд өнгөрүүлсэн байна. Түүнийг томилолтын хугацаандаа Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхи зүтгэлтэй ажилласныг нь Монгол Улсын төр, засаг үнэлж байгааг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл онцлоод, “Алтан гадас” одонгоор шагнуулсан явдалд нь баяр хүргэлээ.

Монгол, Японы харилцааны хөгжилд хоёр улсын Парламентын харилцаа, хамтын ажиллагаа ихээхэн үүрэг гүйцэтгэж буйг УИХ-ын дарга тэмдэглээд, Парламент хоорондын харилцааны хөгжилд ноён Элчин сайд мөн чухал үүрэгтэй оролцож, хамтран ажиллаж ирсэнд нь УИХ-ын дарга талархал илэрхийлэв.

Өнгөрсөн онд хоёр тал Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхээр тохиролцсон нь түүхэн ач холбогдолтой алхам болсныг тэрээр тэмдэглэхийн сацуу энэхүү стратегийн харилцааны тулгуур баганы нэг нь эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа болохыг дурдсан юм. Түүнчлэн  Ноён Элчин сайдыг манай оронд ажиллах хугацаанд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах үйл явцын эхлэл тавигдсаныг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл онцолж байв.

УИХ-ын эрхэм дарга хэлэхдээ, цаашид стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай Хамтарсан мэдэгдлийн агуулгыг бодит ажил хэрэг болгох, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг уул уурхайн салбарт төдийгүй дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллах хүсэлтэй байгааг дурдсан юм.

Ирэх жил тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд ач холбогдол өгч байгааг УИХ-ын дарга мөн дурдсан. Ноён Элчин сайд Т.Кидокорогийн Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган, идэвхтэй ажиллаж ирснийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл сайшааж, цаашид ч хоёр орны харилцаанд өөрийн хувь нэмрээ үргэлжлүүлэн оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм.

Ноён Элчин сайд Т.Кидокоро, УИХ-ын эрхэм даргыг Төрийн ордонд хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд өнгөрөгч гуравдугаар сард Японы ард түмэнд тохиолдсон бэрхшээлийн үеэр Монгол Улс тусламжийн гараа сунгасан явдалд мөн талархаж буйгаа хэлсэн юм.

Тэрээр Монголд анх 1973 онд ажиллахаар томилогдон ирж байсан удаатай, гэхдээ тэр өдөр есдүгээр сарын 28 байсан гэдгийг дурдаад, нийтдээ Монголд найман жил хагасын хугацаанд амьдарсан түүхтэй юм байна гэлээ. Ноён Элчин сайд манай орны 13 аймгаар  аялж байснаа дурсаж, хамгийн сүүлд Ховд аймагт очсон хэмээн сонирхууллаа.

Мөн Элчин сайд есдүгээр сарын нэгэнд төрсөн бөгөөд энэ сар түүнийг Монголтой холбож байдгийг ч дашрамд сонирхуулж байв. Тэрээр өнөөдөр буюу есдүгээр сарын 28-нд мөн УИХ-ын даргатай уулзсан юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих