АСЕМ: Лаос ба Монгол
АСЕМ гэдэг байгууллага үүсэн бий болсноос хойш бүхэл бүтэн 20 жил өнгөрчээ. Өнгөрсөн энэ хугацаанд Ази болон Европ тивд асар их өөрчлөлт гарлаа. Азийн улс орнууд эдийн засгийн хувьд өсөн дэвжиж, олон зуун сая хүн ядуурлын зовлонгоос ангижирч чаджээ. Зүүн болон Баруун Европын улс орнууд хоорондоо нэгдэж Европын Холбоог байгуулсан нь тус тивийн орнуудын улстөрийн нэгдмэл байр суурийг илэрхийлэх хамгийн том бүтэц болж хувирав.
Энэ бүх амжилтыг уялдуулан нэгтгэж, хоёр тивийн хөгжлийн тусын тулд ашиглах нь нэн чухал болой. Тун удахгүй манай эх оронд 7 дугаар сарын 15-16-нд болох Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын 11 дэх удаагийн Дээд түвшний уулзалтад оролцохоор хоёр тивийн 53 орны удирдагчид хүрэлцэн ирж дээр асуудлыг хэлэлцэхээр болж байна.
АСЕМ Лаост
Эл бүгдийг нуршихаа түр азнаад, хэдийгээр очиж сурвалжлаагүй боловч өндөр хэмжээний чуулга уулзалтыг ном горимынх нь дагуу амжилттай зохион байгуулсан нэгэн орны талаар өгүүлэхийг зорилоо. “Энхийн төлөөх нөхөрлөл, хөгжил цэцэглэлтийн төлөөх түншлэл” уриан дор явагдсан АСЕМ-ын ээлжит Дээд түвшний уулзалтыг 2012 онд амжилттай зохион байгуулсан, эртний уламжлалт найрсаг харилцаат Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс /БНАЛАУ/ бол манайхтай хөгжлийн түвшнээр ойролцоо, сүүлийн жилүүдэд ДНБ нь 7,5-8 хувиар өсч, эрчимтэй хөгжиж буй орон юм.
Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээгээр манайхаас 2 дахин бага буюу 1900 орчим доллар. Бүдүүн багцаагаар тооцоход манайхаас хоёр дахин ядуу, бидэнтэй адил далайд гарцгүй энэ улс АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг элдэв долоон бэрхшээл зовлон тоочилгүйгээр “үзэл суртлын өндөр хэмжээнд зохион байгуулсан” ба завшааныг ашиглаад улс орныхоо нэр хүндийг дээшлүүлж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дэд бүтцээ сайжруулж чадсаныг дурдах нь зүйтэй.
АСЕМ нь Дээд түвшний уулзалтуудаа хоёр жил тутамд хоёр тивд сөөлжлөн хийдэг бөгөөд 2012 онд Ази тивийнхний ээлж таарч, харьцангуй буурай хөгжилтэй гэгдэх Лаосыг сонгосон юм. Харин лаосчуудын хувьд энэ нь эх нутагтаа олимпийн наадам зохион байгуулах эрх авсны дайтай онцгой завшаант үйл явдал болжээ.
Лаос нөхдүүд маань 2020 он гэхэд улс орноо буурай орнуудын жагсаалтаас гаргана гэсэн тов тодорхой зорилт тавиад түүндээ хүрэхийн тулд тун шаргуу ажиллаж байна. Үүний тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, дэд бүтэц, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх явдлыг эн тэргүүнд тавьж, АСЕМ-ын чуулганыг “алдах ёсгүй боломж” гэж үзээд “итгэл даах чадвартай түнш, хөрөнгө оруулахад таатай эрхзүйн орчин бүрдсэн улс” гэдгээ харуулахыг зорьжээ. Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ыг Даргалагчийн мэдэгдэл болон Энх тайван, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх тухай Вьентяны тунхаглалыг батлан гаргасныг дурдая.
Дээд түвшний 9 дэх удаагийн уулзалт тохиосон эл боломжийг лаос нөхөд маань тун овсгоотой ашиглаж, хоёр өдрийн дотор АСЕМ-ийн гишүүн түнш орнуудтайгаа 18 Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж амжсан байна. Тодруулбал, эдгээр Санамж бичгүүдэд янз бүрийн салбарт хэрэгжих хөгжлийн хөтөлбөрүүдэд зориулан санхүүгийн тусламж үзүүлэх тухай асуудлыг тусгажээ. Тухайлбал, Лаос-Хятадыг холбосон төмөр замын шугамыг өргөжүүлэх, Саваннахэт мужаас Лаос-Вьетнамын хил хүртэл төмөр зам барих төсөл гэх мэт.
Улс гүрний тэргүүн нар тэр болгон нэг дор тэр бүр олуулаа цуглаад байдаггүй завшааныг ашиглан Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд хоорондоо нүүр нүүрээ харалцан ярилцаж шийдэх асуудал мэдээж олон бий. Вьентяны уулзалтад 11 улсын төрийн тэргүүн, 21 улсын Засгийн газрын тэргүүн, нэг улсын шадар сайд, 12 улсын сайд нар, 4 дэд сайд болон 3 элчин сайд нар оролцжээ. Гурван улсын Ерөнхий сайд нар болон нэг улсын Ерөнхийлөгч АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын үеэр Лаос улсад албан ёсны айлчлал хийсэн байна. Дээд түвшний уулзалтад хүрэлцэн ирсэн 8 улсын төрийн тэргүүн, 8 улсын Ерөнхий сайд нар Лаосын Ерөнхийлөгчид бараалхжээ.
Лаос улс манай Монгол шиг Европ тивтэй өргөн харилцаатай биш. Харин Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Херман ван Ромпуи, Европын Комиссын тэргүүн Жозе Мануэль Баррозо тэргүүтэй Европын Холбооны дээд удирдлага бүрэн бүрэлдэхүүнээрээ Вьентянд хүрэлцэн ирснээр Лаос-Европын Холбооны харилцаа шинэ шатанд гарлаа.
Нөгөөтэйгүүр, ОХУ-ыг төлөөлж Ерөнхий сайд Д.Медведев Вьентьянд ирсэн боломжийг ашиглан лаосчууд Орост төлөх өрийн асуудлыг өөртөө ашигтайгаар шийдвэрлэж чадсан байна. Тодруулбал, 2003 онд ОХУ-ын зүгээс тус улсад төлөх Лаосын өрийн 70 хувь буюу 700 сая долларыг хүчингүй болгосон бол үлдсэн 400 орчим сая долларыг 33 жилийн хугацаанд хүүгийн хөнгөлөлттэйгээр төлж барагдуулахаар тохиролцжээ. Вьентяны чуулга уулзалтын үеэр Оросын Засгийн газрын тэргүүн Д.Медведев Лаост айлчлал хийх явцад үлдэгдэл өрийн асуудлыг нэгмөр шийджээ.
Лаосчууд олон улсын уулзалтыг амжилттай зохион байгуулахын тулд дэд бүтцээ, эн тэргүүнд нисэх онгоцны буудлаа өргөтгөн шинэчилсэн байна. Вьентян хотын “Ваттай” олон улсын нисэх онгоцны буудлыг 25 том болон дунд оврын нисэх онгоц, нийтдээ 40 онгоц хүлээн авах хүчин чадалтай болгон өргөтгөжээ. Тодруулбал, 16 ширхэг БОИНГ-747 онгоц хүлээн авах боломжтой болов.
Нисэх онгоцны буудлыг өргөтгөх ажлыг Хятад улсаас 37,8 сая долларын хүү багатай зээл авч Хятадын САМСЕ Инженеринг компаниар хийлгэжээ. Түүнчлэн Хятадын Засгийн газраас 450 сая юань буюу 70 сая орчим долларын зээл авч, Олон улсын хурлын төв барьж босгожээ. АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын нээлтийн ажиллагаа тус төвийн 1500 хүний суудалтай хамгийн том танхимд болсон байна. 24,8 мянган м.кв ашигтай талбай бүхий уг барилга нь Кейсон Фомвиханы нэрэмжит хурдны замын дагуу 7 га талбай газрыг эзлэн оршино.
Ерөнхийдөө бол, Лаос улс хөгжлийн хятад загвар буюу социализмыг зах зээлийн эдийн засагтай хослуулах чиг шугамыг баримталдаг бололтой юм.
Дашрамд сонирхуулахад, Вьентян хот 186 зочид буудалтай бөгөөд энэ нь 51 орны төлөөлөгчдийг байрлуулахад элбэг хүрэлцэхүйц тоо. Гэтэл эдгээр зочид буудлын ихэнх нь жижиг болон дунд хэмжээнийх тул эрхэм зочдын тав тух, аюулгүй байдлыг хангаж чадахгүй. Иймээс “Дон Чан” хэмээх Меконг мөрний дагуух 1,6 км газарт төр, засгийн тэргүүн нарт зориулан “АСЕМ Вилла” хотхоныг барьжээ. Хот төлөвлөлтийг алсын хараатай хийсний дүнд өдгөө энэ хотхон Вьентян хотын шинэ төв болон хувирав.
Урьд өмнө нь лаосчууд ийм өргөн хүрээтэй олон улсын арга хэмжээ нутагтаа зохион байгуулж байгаагүй учраас найрсаг харилцаатай улс орнуудаас тусламж дэмжлэгийг нэрэлхэн цааргалахгүйгээр авч байсан нь нүдээ олсон хэрэг байлаа.
Европын Холбооны хувьд лаосчуудад зориулан сургалт зохион байгуулж, албаны хүмүүсийг нь Европт урьж ирүүлэн, өмнөх Дээд түвшний уулзалтуудыг явуулсан туршлагаасаа хуваалцсан байна. Бруней болон Вьетнамын компаниуд бэлтгэл ажлын хүрээнд тус бүр 500 мянган долларын ажил гүйцэтгэжээ.
Лаост уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажилд Сингапур болон Австрали улс ихээхэн тусалжээ. Тухайлбал, энэ хоёр улс Лаосын англи хэлний орчуулагчдын ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулснаас гадна орчуулгын иж бүрэн төхөөрөмж нийлүүлж тусалсан байна.
Аливаа томоохон арга хэмжээ ямар нэгэн дуулиан шуугиангүйгээр болно гэдэг номонд хазгай. Лаост болсон уулзалтын үеэр дээд хэмжээний зочдыг байрлуулах хаус хотхоныг барихын тулд дээр дурдсан Дон Чан гэдэг газраас 500 гаруй фермийн аж ахуй эрхлэгчдийг хөөн гаргаж, хотын төвөөс 26 км-ийн зайд орших үржил шим муутай газарт аваачин суурьшуулсан гэж хүний эрхийг хамгаалах Глобал Уитнесс гэдэг байгууллага буруушааж байлаа.
Дашрамд дурдахад, Лаосын Засгийн газар АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулахад 30 сая орчим доллар зарцуулсан ба энэ мөнгөний 40 хувь нь тансаг ангиллын автомашин худалдан авахад зарцуулагджээ. Мөн олон тооны цагдаагийн машин, мотоцикл, миниван худалдан авч цагдаа нарынхаа ажиллах нөхцөл боломжийг эрс сайжруулав.
АСЕМ-ын их цугларалт дууссаны дараа төр, засгийн тэргүүн нарын үйлчилгээнд зориулан худалдаж авсан тансаг зэрэглэлийн автомашинуудыг дуудлага худалдаагаар борлуулсан байна. Тодруулбал, 2012 онд үйлдвэрлэсэн 40 ширхэг Мерседес Бенц Класс 350, 65 ширхэг Мерседес Бенц E Класс 350, 62 ширхэг Тоёота Камри автомашинуудыг бүгдийг нь худалджээ. Засгийн газрын хувьд эдгээр машинуудыг албан тушаалтнуудын хэрэгцээнд ашиглахаар төлөвлөж байсан боловч ард олны татварын хөрөнгөөр худалдан авсан энэ их хөрөнгийг үр ашигтай зарцуулах талаар нийгэмд мэтгэлцээн өрнөсний дараа дуудлагаар худалдах шийдвэр гаргасан байна.
АСЕМ Монголд
Зарим цахим хуудсанд нийтлэгдсэн АСЕМ-ын уулзалтын талаарх мэдээлэл, тойм нийтлэлийн дор байгаа сэтгэгдлүүдийн бараг 80 хувь нь энэ том арга хэмжээний ач холбогдол, үр дүнг мушгин гуйвуулсныг уншаад үнэхээрийн гайхшрал төрж, гутралд орохоор байна.
Ерөнхийд нь ажвал, энэ форумыг зохион байгуулахын тулд төсвөөс асар их хөрөнгө гаргаж, гадаадаас төлж дийлшгүй их зээл авч байна гэх буруу ойлголт ард олны дунд нэлээд газар аваад байгаа гэдгийг шуудхан хэлэх нь зүйтэй. Гэтэл төрт ёсны 2000 гаруй жилийн уламжлалтай улс үндэстэн ийм хэмжээний хурал цуглааныг зохион байгуулах чадваргүй гэж үү? Ганц нэг олон улсын хурал хийгээд л дампуурчих юм бол тусгаар улс гэгдэхийн утга учир нь юу билээ? Энэ талаар сэтгэгдэл бичихдээ огт боддоггүй иргэд олон байгаа нь харамсалтай.
Жорлондоо живэх гэж байж юуны чинь АСЕМ гэж загнах хүн олон бий. Гэтэл төв цэвэрлэх байгууламжийг 8,1 тэрбум төгрөгөөр засварлан 6 дугаар сар гэхэд үнэр танаргүй болгоно гэсэн шийдвэр гарчээ. “Нисэх буудал хэтэрхий жижиг учраас олон онгоц хүлээн авч чадахгүй” гэж нэг хэсэг шүүмжлэв. Гэтэл зорчигчдыг дамжин өнгөрүүлэх танхим барьж, нисэх онгоц хүлээн авах зогсоолуудын тоог нэмэгдүүлснээр Вьентяны буудалтай ойролцоо хүчин чадалтай болсон байна. Харин одоо бол “Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад орсны дараа өргөтгөн шинэчилсэн “Чингис хаан” буудлаа хүчин чадлаар нь бүрэн ашиглахын тулд юу хийх вэ? гэдэг дээр толгойгоо ажиллуулах хэрэгтэй.
Монголчууд бид ер нь сүүлийн бараг 30-аад жилийн туршид нэгэн санаагаар бүх нийтийн аян өрнүүлж, хот орноо цэмцгэр байлгахын төлөө нэгдмэл санаачилга гаргаагүй санагдана. Бүх нийтийн субботник хийхийг бараг л өнгөрсөн нийгмийн хоцрогдсон зүйл хэмээн тооцсоор байгаад бохир заваан орчноо өөрчлөх талаар дорвитой алхам хийлгүй өдий хүрсэн байх юм. Одоо АСЕМ-ын өмнө энэ сэтгэхүй хандлагаа өөрчлөх цаг нэгэнт болжээ.
Хамгийн наад зах нь гэхэд, нийслэл хот маань урьд өмнөхөөс илүү цэвэр цэмцгэр болж, нийслэлчүүд маань соёлч боловсон харьцаатай болох нь. Ядаж гудамжинд нус нулимсаа хаяхгүй, явган хүмүүс гудамжинд хоорондоо зөрөхдөө бие биенээ мөргөчих шахах бус харин баруун гар талаа барин зөрж хэвшвээс энэ нь хотын соёлын нэгэн элемент болон төлөвшинө.
АСЕМ-ийн уулзалтыг Улаанбаатарт хийх болсныг шүүмжлэх хүн олон байгаа хэдий ч нэгэнт зохион байгуулахаар шийдчихсэн бол хүн бүр сэтгэл нэгдэн ажиллаж, төр, засгаа дэмжих нь чухал болжээ.
Брюссель, Люксембург, Страсбург гэсэн Европын Холбооны гурван нийслэл, эсвэл Сингапур, Сөүл, Давост олон улсын дээд түвшний чуулга уулзалт болжээ гэвэл хэний ч гайхлыг төрүүлэхгүй. Харин Ази-Европын уулзвар цэг болсон Монгол оронд ийм үйл явдал тохиолоо гэвэл дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулах нь дамжиггүй.
Б.Адъяахүү
MONTSAME
URL: