УИХ-ын гишүүн О.Баасанхүү Х.Сартоног хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Индонезийн парламентын бүлгийн дарга О.Баасанхүү Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Индонез-Монголын парламентын бүлгийн гишүүн Хутомо Сартоног өнөөдөр /2016.02.26/ хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү уулзалтын эхэнд ноён Хутомо Сартоног Монгол оронд тавтай зочлохыг уриад Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНИУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Жазилул Фавайд тэргүүтэй төлөөлөгчидтэй мөн уулзсан талаар дурдав. Тэрээр, Монгол Улс Бүгд Найрамдах Индонез Улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглээд парламент хоорондын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх түүхэн үүрэг бидэнд байна гэлээ.

Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Индонез-Монголын парламентын бүлгийн гишүүн Хутомо Сартоно найрсаг дотноор хүлээн авч буйд талархаж буйгаа илэрхийлээд цаашид хоёр орны болоод парламент хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх талаар ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн Монгол Улсад хийж буй энэхүү албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхим хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.

Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг болон бусад албаны хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих