Таван тэрбумаар Туркэд урлуулсан цагдаагийн дүрэмт хувцас “насгүй” болжээ
Цагдаагийн алба хаагчид цалингаараа дүрэмт хувцас хийлгэхэд хүрчээ. Учир нь тэдэнд 2014 онд шинэчлэн хийж өгсөн дүрэмт хувцас нэг удаа угаахад л будаг гарч, ягаан өнгөөр судалтан өнгөө алдаж, сэмэрч урагддаг талаарх гомдлоо алба хаагчид оёдолчдод учирлаж, шинээр дүрэмт хувцас хийлгэх захиалга өгч эхэлсэн байна.
Уг нь төрийн албаныхны дүрэмт хувцасны зардлыг улсын төсвөөс гаргадаг. Гэтэл цагдаагийнхан дүрэмт хувцсаа жил байтугай зургаан сар ч өмсөх чанарын шаардлага хангахгүй урагдаж мууддагаас дээрх байдалд хүрсэн гэнэ.
Цагдаагийнхны хувцасны загварыг өөрчилж, шинээр хийх саналыг тухайн үеийн Хууль зүйн сайд гаргаж, Ерөнхийлөгчид танилцуулснаар 2013 онд уг санаачлагыг баталж, улсын төсвөөс таван тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Тухайлбал, 2013-2016 онд цагдаагийн алба хаагчдыг шинэ загварын дүрэмт хувцасаар хангах төлөвлөгөө боловсруулж ажилласан байдаг. Төлөвлөгөөний дагуу 2014 оны дөрөвдүгээр сарын эхээр дүрэмт хувцасныхаа эхний хэсгийг алба хаагчид хүлээн авсан юм.
Тухайн үед мөнөөх дүрэмт хувцасны талаар амтай бүхэн шүүмжилж, анчин гөрөөчний хувцас хэмээсэн ч алба хаагчид нь “биед эвтэйхэн, стандартад нийцсэн, үрчийдэггүй” гэх “сурталчилгаа” хийснээр дээрх шүүмж, маргаан алсарч намжсан билээ. Тэр үед дарга нь алба хаагчдадаа “Хувцасны талаар нэг ч тааламжгүй үг унагаж болохгүй” гэх лүндэн буулгасан учраас тэд гудамж талбайд зогсохдоо бусдад муу муухайгаар чичлүүлсэн ч дүрэмт хувцсаа “магтсаар” байж. Дүрэмт хувцасны шинэчлэл нь Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний хууль зүйн “шинэчлэл”-ийн хүрээнд хийсэн ажлын нэг гэж хэлж болно.
Тэрбээр, дотоодын оёдолчин, үйлдвэрлэгчдээ голж, Туркийн компанитай хувцас урлах гэрээ байгуулсан нь бас л нэлээд шүүмжлэл дагуулж байсан юм. Ямартай ч нэг бүрийн үнэ нь 130 мянган төгрөгийн үнэтэй гэх цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас “насгүй” болж, жилийн дөрвөн улирал байтугай нэг улирлыг ч давахгүй ноорч буй учраас алба хаагчид оёдлын газрыг сэмхэн зорьж, цалингаараа хувцас урлуулах болсон сурагтай.
Б.Дэлгэр
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Тэмбүүжинг ирэх сонгуулиар гаргахгүй байж байгаад гадаад руу зугатхаас нь өмнө барьж хориод улсад учруулсан асар их хохирлыг нь төлүүлж, цаашид улс төр, засгаас алс хол байлгах хэрэгтэй. Насанд хүрээгүй хүүхдийн амьдралаар тоглосон нь хууль зүйн сайд хүнд байж болохгүй хэрэг.