“Хүрд”-ний хүүхдүүд
Төрүүлсэн хүүхдээ хог шиг хаях үзэгдэл өнөөгийн нийгэмд газар авчээ. Жилд барагцаагаар 5-10 хүүхэд эцэг, эхдээ гологдож гудамж, орц, хогийн цэгт хаягддаг золгүй тавилан ногдож байна. Дээхнэ үед зарим хүн ядуу амьдралаасаа болж сүм, хийдийн хүрдэн дээр хүүхдээ тавиад явдаг байсан тухай настнууд ярьдаг. Гэхдээ ийн орхихдоо хүнлэг сэтгэл, мөн чанартай байсан юм. Сайн хүн хүүхдийг минь авч өсгөөсэй хэмээн залбиран мөргөж, сүмийн хүрд бараадуулан тавьдаг байсан заншил өдгөө мартагджээ. Тааралдсан газраа хог шиг хаяад зугтдаг, адгууснаас доор цэвдэг сэтгэлтнүүд олширлоо.
Өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн VII хорооны 10 дугаар байрны орцонд ой долоон сартай охиноо орхиж явсан хэрэг гарсан. Охиныг нэгэн бүсгүй олж ЭХЭМҮТ-д хүргэн асарч тойлж, хүмүүсийг туслахыг уриалснаар хүүхдээ хаясан хэрэг ил болсон билээ. Цагдаагийнхан ээжийг нь хайж олсон ч охины биеийн байдал дээрдэхгүй байсаар өөд болсон.
2016 он гарснаас хойш 10 хүүхэд эцэг, эхдээ хаягджээ.
Харин ээжид нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Ер нь төрүүлсэн хүүхдээ хаях эрүүгийн гэмт хэрэг гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй гэж Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Ариунтуяа хэллээ.
Цагдаагийн мэдээнд байсхийгээд л аль нэг дүүргээс хаягдсан нярай хүүхдийг олсон тухай бүртгэсэн байдаг ч эрүүгийн хэрэг үүсгэж шалгах нь тоотойхон гэнэ. Өнгөрсөн жил л гэхэд энэ төрлийн гэмт хэргээс нэг хүнд л эрүүгийн хэрэг үүсгэсэн мэдээ байна. Хаягдсан хүүхдийг олсныхоо дараа холбогдох байгууллагад нь хүлээлгэж өгөх, төрсний гэрчилгээтэй болгох, цаашлаад эцэг, эхийг нь эрэн сурвалжлах том ажил ундардаг талаар цагдаагийн байгууллагын холбогдох мэргэжлийн хүмүүс хэлж байв. Дор хаяж зургаан сар эрж хайсны эцэст хүүхдээ хаяс ан эмэгтэйчүүд олддог юм байна.
Сүүлийн үед гудамж, орцноос олсон хүүхдийг төрийн бус болон шашны байгууллагын харьяа асрамжийн газарт өгөхийг хуулиар хоригложээ. Зөвхөн Хүүхдийн төв сувилалд хүлээлгэж өгдөг болсон байна.
Бид Хүүхдийн төв сувиллын Стратеги төлөвлөлт, судалгаа шинжилгээний албаны дарга Д.Мандахнартай холбогдож тус сувилалд очсон хүүхдүүдийн талаар мэдээлэл авлаа. Хүүхдийн төв сувилалд 2015 онд олдсон 21 хүүхдийг аваачсан байна. Эдгээр хүүхдийн долоо нь Баянгол, Сонгинохайрханаас тав, Сүхбаатараас нэг, Чингэлтэй, Баянзүрх дүүргээс тус бүр дөрвөн хүүхэд олджээ. Олдсон хүүхдүүдээс зургаа нь хүмүүст үрчлэгдсэн байна. Мөн 12-ынх нь эцэг, эхийг нь олж хүлээлгэн өгсөн бол гурвыг нь гадаадын иргэнд үрчлүүлжээ. Харин энэ оны эхний байдлаар 10 хүүхэд олдсоны хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй байв. Эдгээр хүүхдээс одоогоор зургааг нь эцэг, эхэд нь өгөөд байгаа аж. Энэ оны эхний хоёр сард олдсон хүүхдүүд ихэвчлэн дутуу төрсөн, эрхтэн системийн гажигтай, цус багадалт, тураал, сульдаатай байсан гэж Д.Мандахнар ярилаа.
Монгол Улсын үндсэн хуульд хүн амьд явах эрхтэй гэж заасан байдаг. Харамсалтай нь, дөнгөж хорвоод ирээд эцэг, эхдээ гологдсон зарим нярайд хамгаалуулах нь байтугай амьдрах эрх алга. Нөгөөтэйгүүр монгол хүний үнэлэмж тэр дундаа нялх хүүхэд зүгээр л нэг хуурамч, хямд бараа мэт үнэлэгдэх болов. Зарим нь арван сар хэвлийдээ тээсэн үрээ зарна хэмээн олон нийтэд зарладаг боллоо. Өнгөрсөн онд нэгэн эмэгтэй зар түгээж, төрүүлсэн хүүхдээ хүнд үрчлүүлжээ. Тэгвэл саяхан нэг бүсгүй тавдугаар сард төрөх хүүхдээ хүнд үрчлүүлэх хүсэлтэйгээ телевизээр зарлаад байна.
Түүнчлэн “Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн Ганжавхлан өөрийн цахим хуудсандаа монгол эмэгтэйчүүд төрөх дөхсөн хойноо урд хөрш рүү гарч хүүхдээ 5000-10000 юаниар худалддаг хэмээн бичсэн нь олныг цочроосон. Гэхдээ энэ мэдээлэл үнэн, эсэхийг цагдаагийн байгууллагынхан шалгах боломжгүй байдаг аж. Үнэхээр тэжээж чадахгүй бол хүүхдээ хог дээр хаяснаас зар тавиад үрчлүүлэх нь зөв хэмээн хэлэх хүн ч байна.
Иймд хүүхдээ хог мэт голоод хаясан эцэг, эхчүүдэд төрийн төмөр нүүрийг харуулах нь хожим Монголын нийгэм ирээ дүйд зөв төлөвшин хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэх учиртай.
ХҮҮХДЭЭ ХАЯСАН ХҮНД ЧАНГА ШИЙТГЭЛ ОНОГДУУЛДАГ БОЛНО
Хүүхдийн төлөө үндэсний газрын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Т.Энхтайванаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хаягдсан нярай хүүхдүүдийн эрх зөрчигдөж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах талаар танай байгууллага юу хийдэг вэ. Эцэг, эхчүүд яагаад хүүхдээ хаяж байна вэ гэдгийг судалж үзсэн үү?
-Эцэг, эхчүүдийн талаар судалж байгаагүй. Хүүхдээ хаясан хүмүүсийн ярианаас орлогогүй, ажилгүй ядуу байгаагаас болоод тэжээж чадахгүй гэдэг шалтгаанаар хүүхдээ хаядаг юм билээ. Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхэд хорвоод мэндэлсэн бол эцэг, эх асран хамгаалагчаас үл хамаараад өөрийн гэсэн эрхтэй байна. Тэр эрх нь амьд явах, сурч боловсрох, эсэн мэнд өсөж торних зэрэг асуудал байдаг. Гэтэл өмнө нь энэ талаар их бүрхэг байсан. Иймд хүүхдээ хаясан хүнтэй ямар хариуцлага тооцох вэ гэдгийг холбогдох хуулиудад тодорхой оруулж өгч байгаа. Энэ хууль батлагдчихвал хариуцлага хүлээлгэдэг болно.
Тэжээх чадваргүй учраас хүүхдээ хаясан гэж хэлж суугаа ээж өнөөдөр хуулийн хүрээнд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ гэдгийг мэдэхгүй л яваа. Хүүхэд хамгааллын хуулиар хүүхдээ нэг удаа хаяхыг завдвал өндөр торгууль төлнө. Ийм хуулийг иргэд өөрсдөө сайн судлах ёстой. Хуулиа мэддэг хэрнээ санаатайгаар хүүхдээ хаясан бол тухайн хүн өөрөө хариуцлага хүлээнэ. Тухайн хүний хүүхдээ хаясан шалтгааныг тодруулахын тулд бүх холбогдох байгууллага хамтарч ажиллах хэрэгтэй. Ажилгүй, орлогогүй, мөн бага насны хүүхэдтэй ээжүүдийг ажлын байраар хангахад бодлогоор яаж зохицуулах вэ гэдгийг Хөдөлмөрийн яам шийддэг ч юм уу олон талын оролцоо хэрэгтэй байдаг. Төр, засгаас төрсөн ээжүүдэд боломжийн хэмжээгээр халамжийн мөнгө өгдөг. Гэхдээ энэ амьдралд нь хүрэлцэхгүй байна.
-Хүүхэд хамгааллын тухай хуульд нярай хүүхдээ хаясан хүмүүст чанга хариуцлага оногдуулахаар оруулж байгаа гэл үү?
-Олдмол хүүхдүүдийг хор ооны хэв журмын цагдаа нар илрүүлээд дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвд мэдээлдэг. Олсон хүүхдийн Хүүхдийн төв сувилал руу явуулдаг. Сувилалд очсон хүүхдийг эхлээд эрүүл мэндийн үзлэгт оруулдаг юм. Тэнд очиж байгаа хүүхдүүд голдуу хөгжлийн бэрхшээлтэй байдаг. Оны өмнөхөн нэг ээж хүүхдээ хаяснаас болоод охин амиа алдсан хэрэг гарлаа.
Бид ийм зүйл гараад байна. Давтагдаад болохгүй нь гэж ярихаас илүү гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн асуудалд анхаарал хандуулмаар байна. Ингэхийн тулд наад зах нь гэр бүлийн боловсролыг хүн бүрт багаас нь олгох хэрэгтэй. Тиймээс бид цагдаа, онцгой байдал, БСШУЯ-тай хамтраад ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн программд оруулж өгмөөр байгаа юм. Одоо иргэний боловсрол гэдэг хичээл ордог юм билээ. Цаа шид салбарын түвшинд бүх бодлогоо нэгтгээд хүүхдийн чадварт тохирсон мэдээлэл өгч байхаар тохиролцоо хийж байна.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад гэр бүлийн боловсрол гэсэн бүхэл бүтэн хэсэг явж байгаа. Энэ бол хүний насан туршийн боловсрол гэсэн үг. Ер нь хүүхдийн эрх байнга л зөрчигдөж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг, хойт ээж, аавын зодуурын дарамтаас гарч чаддаггүй гээд зохицуулах асуудал олон бий. Өнөөдөр нярай хүүхдээ хаяж гээгээд байгаа зүйл бол зөвхөн нэг л асуудал. Хуучин нийгмийн үед хүүхдээ хаях үзэгдэл ховор байсан байх. Харин сүүлийн үед нэмэгдэх хандлагатай болчихоод байна.
Б.Гандолгор
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
МУУ ШҮҮ