Жүдо бөхийн Дэлхийн чансаа шинэчлэгдэв

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF )-ноос дэлхийн чансааг шинэчиллээ. Анх 2013 оноос олон улсын жүдо бөхийн холбоо дэлхийн чансааг тэргүүлж буй бөхчүүдээ мөнгөн шагналаар урамшуулдаг болсноор жүдо бөх өндөр хөгжсөн улс гүрнүүд тамирчдынхаа чансаанд онцгой анхаарал хандуулдаг болсон. Өнгөрсөн 2015 онд манай улсаас гавьяат тамирчин М.Уранцэцэг, Д.Сумъяа, Азербайжанаас Рустам Оружов, Эльмар Гасымов, Францаас Тедди Ринер, Японоос Наохиса Такато, Украинаас Георгий Зантарая, Гүржээс Автандил Црикишвили, БНСУ-аас Гвак Дон Хан, Румынээс Андреа Читу, Словениэс Тина Трстеньяк, АНУ-аас Кайла Харрисон, БНХАУ-аас Юү Сон нар дэлхийн чансааг тэргүүлэв. 2013 оны дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг хоёр жил дараалан дэлхийн чансааг тэргүүлсэн бол ОУХМ Д.Сумъяа анх удаа жингийнхэнийгээ тэргүүлээд байсан. Дэлхийн чансаанд хэр удаан тэргүүлснээс нь хамааран урамшууллын мөнгө нь янз бүр байдаг юм.

Олимпийн алт, хүрэл медальт, дэлхийн найман удаагийн аварга Тедди Ринер (Франц), энэ жилийн
дэлхийн аварга Тина Трстеньяк (Словени) нар тус бүр 50 мянган ам.доллар хүртэхээр болсон. Харин үлдсэн нь 10 мянган ам.доллараар шагнуулахаар болсон юм.
Сонирхуулахад, 2013 онд гавьяат тамирчин С.Ням-Очир
73 кг-ын жинд, ОУХМ Д.Төмөрхүлэг 66 кг-д, өнгөрсөн жил
гавьяат тамирчин Г.Болдбаатар 60 кг-д, М.Уранцэцэг 48
кг-д дэлхийн чансааг тэргүүлж мөнгөн шагнал хүртэж байжээ. Харин энэ удаагийн шинэчлэсэн чансаагаар эмэгтэйчүүдээс тэргүүлэгчийн байр огт өөрчлөгдөөгүй бол эрэгтэй долоон жингийн дөрөвт нь “гуулин” улсын жүдочид тэргүүлж эхлээд байна. Тухайлбал манай ОУХМ Д.Төмөрхүлэгийн тэргүүлж байсан 66 кг жинд дэлхийн аварга Ан Баул нэгдүгээрт эрэмблэгдэж байгаа бол 60 кг-д Ким Вон-Жин Японы Наохиса Такатогоос тэргүүллээ эргүүлэн авсан байна. Та бүхэн жүдо бөхийн жин тус бүрийн дэлхийн болон олимпийн чансааг доорх холбоосоор харна уу!!! Монгол Улс одоогийн байдлаар 14 жингийн 12-т нь олимпийн эрх авах боломжтой байна. Жүдо бөхийн олимпийн шигшээ багаа дэмжье. Хамтын хүч амжилт

URL:

Сэтгэгдэл бичих