Д.Баярсайхан: Монгол цэргүүд олон юм ярьдаггүй болохоор хамгийн хүнд даалгавар өгдөг

Монгол Улсаас анх удаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны бүсийн командлагчаар сонгогдон ажилласан бригадын генерал Д.Баярсайхантай ярилцлаа. Тэрээр Өмнөд Суданд 5000 орчим цэргийг командалж байжээ. Энхийг сахиулах ажиллагаанд монгол хүн анх удаа ийм өндөр албан тушаал хашсан гэсэн үг. Түүний ярилцлагыг хүргэе. 

-Амрыг эрье. Эрхэм генерал аа. Өмнөд Суданд жил гаруй үүрэг гүйцэтгээд ирсэн гэсэн. Ирээд хэр удаж байна вэ?

-Уг нь миний томилолтын хугацаа нэг жил байсан. Гэтэл миний хариуцаж байсан газарт  цагийн байдал хурцдаад НҮБ-ын цэргийн командлагч дахин нэг сар сунгах хүсэлт гаргасан юм.

-Та яагаад саналыг нь хүлээн авсан юм бэ. Дайн байлдаантай газраас хурдан явъя гэж бодоогүй юү?

-Уг нь бушуухан гэртээ харих юмсан л гэж бодож байсан. Гэхдээ надад итгэл хүлээлгэж байхад татгалзаж чадаагүй.

-Таныг очих үед Өмнөд Суданд нөхцөл байдал ямар байсан бэ?

-2013  оны арванхоёрдугаар сард Өмнөд Суданд улс төрийн зөрчил гарч, Ерөнхийлөгчөө дагасан динка, дэд ерөнхийлөгчийг дэмждэг нүэр гэдэг ястнууд хоорондоо байлдсан. Тэдний хоморгонд  маш олон энгийн иргэд амь насаа алдаж, орон гэргүй болсон. Тиймээс  НҮБ нөхцөл байдалд үнэлгээ хийж үзээд энхийг сахиулах цэргийн тоог 12500 болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Цэргийн тоог нэмсэн учраас, нийт цэргээ өмнөд, хойд, баруун, зүүн гэсэн дөрвөн сектор болгож хуваасан.  Хойд секторын командлагчаар би сонгогдож очсон юм. Миний хариуцдаг секторт Монголын батальон багтдаг. Манай батальон байсан болохоор намайг тэнд томилсон байж ч магадгүй л дээ. Гэхдээ би  өөр газар байрладаг байсан юм. Өмнөд Суданд Малакал, Бентью гэдэг  хоёр том хот байдаг. Бентьюд Монголын цэргүүд байрлаж, миний штаб Малакалд байсан. Хойд сектор гэдэг нь төсөөлөх юм бол Дорноговь, Сүхбаатар аймгийг нийлүүлсэн хэм­жээний газар нутагтай. Тэр газрыг НҮБ надад хариуцуулж өгсөн.

-Та тэгээд юуг нь хариуцах вэ. Аюулгүй байдлыг нь хариуцах уу?

-Миний шууд харьяанд Энэтхэг, Руанда, Гана, Монголын дөрвөн батальоны 3500 цэрэг байсан.  Манай секторт цагийн байдал хурцадмал байсан учраас нэмж хоёр рот цэрэг өгсөн.  Бас  тактикийн команд­лалд  эмнэл­гийн, барилгын цэрэг,  инже­нерийн холбогч офицерын цэрэг, цагдаа­гийн, Бангладешийн усан цэр­гийн­хэн багтдаг. Тактикийн командлал гэдэг нь цагийн байдал хурцадмал үед би тэднийг командлана гэсэн үг л дээ.

-Өмнөд Суданы Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн үл ойлголцлоос дайн дэгдсэн гэсэн. Хоёр Ерөнхий­лөгч маргалдахаараа зэвсэг бариад л байлдчихдаг хэрэг үү? 

-Өмнөд Судан улс 2011 онд бай­гуу­лагдсан, гэтэл 2013 оны дол­дугаар сард дэд ерөнхийлөгч нь Засгийн газраа тараасан байгаа юм. Түүнийхээ дараа 2015 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарласан. Үүнээс болоод л маргаан үүссэн байдаг юм. Уг нь зохицуулж болох асуудал. Гэтэл Ерөнхийлөгчийн аюулгүй байд­­лыг хангах үүрэгтэй цэргүүд нь эсрэг талдаа хүч хэрэглэн баривчлах үеэр цэргүүдийн дунд байсан  нүэр, динка ястнууд хоорондоо буудалцаад эхэлсэн. Тэгээд ястан хоорондын тэмцэл улс орон даяар тарчихсан.

-Өмнөд Судан хэдэн хүн амтай улс вэ?

-2008 оны тооллогоор найман сая гаруй хүн амтай байсан гэдэг юм. Түүнээс хойш тооллого хийсэн эсэхийг мэдэхгүй. 2011 онд Хойд Суданаас тусдаа гарсан улс. Өмнөд, Хойд Суданы хооронд шашин хоорондын мөргөлдөөнөөс шалтгаалсан иргэний дайн болж байсан.  Намайг 2014 оны аравдугаар сард очиход Бентьюд том байлдаан болсон. Тэгэхэд өмнө нь Засгийн газрын талд генерал байсан хүн цэргээ аваад сөргөлдөгч талд орчихоод эргээд Засгийн газрынхантай байлдсан.  Түүнээс хойш айхтар олон хүн эрсэдсэн байлдаан болоогүй.

-Засгийн газрын эсрэг талд орсон генералтай таныг их дотно найзууд гэж уншиж байсан санагдлаа.

-Түүнийг Жонсон Олони гэдэг. Хүмүүс чи яагаад Олонитай найз болсон юм гээд асуугаад байдаг юм. Жонсон Олонийг өмнө нь Засгийн газрын талд  байхад бид танилцсан.  Тэр нэг секторын командлагчийн туслах байсан юм.

-Жонсон Олони өөрийн үзэл бод­лоороо нөгөө талд орсон юм уу, өөр шалтгаантай юу?

-Олани динка, нүэр ч биш. Шилүки ястан, шилүки цэргийн ко­манд­лагч. 2014 оны үймээний үеэр нүэрийн цэргүүд 200 гаруй шилүки цэргийг буудаад алчихсан юм билээ. Бас Олонигийн нэгдүгээр орлогч генералыг засгийн газрын цэргүүд буудаад амийг нь хөнөөчихсөн. Отож байгаад салаа цэрэгтэй нь  устгасан байдаг. Үүнээс асуудал үүссэн. Дээр нь нэмээд Дэлхийн хүнсний хөтөлбөр гэж дайн самуунтай газар хэрэгжүүлдэг программ байдаг. Тус хөтөлбөрт орон нутгийн гурван хүн ажиллаж байгаад гэнэт алга болчихсон. Тэдний нэг нь Олонигийн хамаатан байсан. Сүүлд шарил нь олдсон. Ингээд хувь, хувьсгалын асуудал гараад эсрэг талд орчихсон гэж би ойлгосон.

-Та Өмнөд Суданд ямар үүрэгтэй очсон бэ. Засгийн газрын сөр­гөл­дөгч талыг устгах зорилготой юу эсвэл хэлэлцээ хийж эвлэрүүлэх үүрэгтэй юм уу?

-НҮБ-ийн энхийг сахиулах ажил­лагаа гэдэг төвийг сахьсан байх ёстой. НҮБ одоогоор Өмнөд Суданы аль ч талыг дэмжихгүй байгаа. Тиймээс миний үүрэг ч ижил. Засгийн газрыг ч, сөргөлдөгч талыг ч дэмжихгүй.

-Хоёр тал байлдаад эхлэхэд та яах юм. Хараад байж байх уу?

-Бид яах ч үгүй. НҮБ-ээс бидэнд энгийн иргэдийг хамгаал гэдэг л үүрэг өгдөг. Өөр асуудал байхгүй. Дайн болж байгаа газраас энгийн иргэдийг татаж авна. Тэд хоорондоо байлдаж хэн нь хэнийгээ алах нь сонин биш. Гэхдээ намайг наашаа ирэхийн өмнө НҮБ-ийн мандат өөрчлөгдөж “Гал зогсоох гэрээний биелэлтэд хяналт тавь” гэж үүрэг  өгсөн гэсэн. Хоёр тал гал зогсоох гэрээ байгуулсан бол хэрхэн биелүүлж байгааг хянах ёстой гэсэн үг.

-Манайх шиг дайн байлдаангүй улсын иргэдэд таны яриа төсөөлөгдөхгүй байгаа байх. Тэд яг кинон дээр гардаг шиг буудалцаад байх уу?

-Тийм. Дайн гэж тэр мөн. Гэхдээ мэдээж шалтгаан байгаа болохоор байл­даж байгаа. Намайг үүрэг гүй­цэтгэж байх үед хойд сектор Өмнөд Суданд хамгийн хүнд нөхцөлд байсан.  Учир нь тэнд нефтийн орд, газрын тостой. Маш олон ястан байдаг учраас зөрчил ихтэй. Биднийг анх очиход олон энгийн иргэн амиа алдаж, цогцос нь хөөгөөд  өмхийрчихсэн хүнд ярихын аргагүй дүр зураг угтсан. Байлдааны дараа Бентью ямар ч оршин суугчгүй хоосон, Малакалд дэлгүүр, зах нь үйл ажиллагаа явуулаад хөл хөдөлгөөнтэй байдаг байв. Түүнээс хойш Бентью хот гайгүй тайван болж байтал Малакалд зөрчил хурцадсан. Намайг буцах үед Бентью гайгүй цэцэглээд, Малакал хоосорсон. Намайг байх жил гаруйн хугацаанд Малакал хотыг гурван удаа өгч авалцсан. Жонсон Олони энэ хотыг хоёр удаа эзэлж авсан бол гурав дахь байлдааны үеэр эзэлж авсан ч цэргээ  татаад гараад явчихсан.

-Амиа алдсан хүний цогцос энэ тэрийг цэргүүд зөөвөрлөж цэвэрлэх үү?

-Тэнд ажиллаж байгаа олон улсын байгууллагууд өөр өөрийн гэсэн үүрэгтэй байдаг. Тийм нөхцөлд Улаан загалмайн байгууллага ажилладаг.

-XXI зуунд манай дэлхий дээр ийм үйл явдал болж байгаа гэдэгт итгэж чадахгүй юм. Тэднийг зохи­цуулах арга байдаггүй юм уу?

-НҮБ зохицуулах гээд үзээд байгаа байхгүй юү. Миний ойлгож байгаагаар үзэл бодлын зөрчлийн улмаас дайтаж байгаа. Гэхдээ цаана нь эдийн засгийн сонирхол ч байгаа байх.

-Таны секторт байсан Бангла­дешийн цэргүүдийг Засгийн газрын сөрөг талынхан  барьцаалсан гэсэн. Өөрөөр хэлбэл, таны найз Жонсон Олонигийн цэргүүд. Та энэ үед ямар арга хэмжээ авсан бэ?

-Олонигийн цэргүүд манай цэргийг 2015 оны аравдугаар сарын 26-нд барьцаалсан. Тэд НҮБ-ын бирваазтай шатахууныг авахын тулд барьцаалсан. Бирвааз гэдэг нь Нил мөрнөөр ачаа тээвэрлэдэг том завийг хэлдэг юм. Би Жонсон Олонитай уулзахаар байрлаж байгаа газарт нь нисдэг тэргээр очсон. Тэр надтай уулзаагүй. Гэхдээ тэд шатахууныг юүлж авах хугацаа хожихын тулд цэргүүдийг барьцаалж шуугиан дэгдээсэн. Тэгээд шатахууныг юүлж авмагцаа буу, зэвсэг, утас холбооны хэрэгсэл бүгдийг нь хурааж аваад барьцааны цэргүүдийг суллаад явуулчихсан байсан.  Тэд 350 тонн шатахуун авсан. Сүүлд Засгийн газрын нэг генералтай уулзсан чинь “Та Жонсон Олонид зэвсэг, холбооны хэрэгсэл, шатахуун өгсөн шүү” гэсэн.

-Барьцаалагдсан цэргүүдэд сэт­гэл зүйн асуудал тулгарна биз?

-Тэднийг сүрдүүлж, хоёр цэргийг буудна гэж  авч яваад гарыг нь ард нь хүлж сөхрүүлж суулгаж яг цаазлах гэж байгаа дүр үзүүлж бөөн юм болсон гэсэн. Барьцаалсан цэргийн ангийн генерал нь “Та нарын амь яг өндөг шиг байгаа. Би базвал хагарна” гэж дарамталсан байгаа юм. Айхтар нөхцөлд орсон хүмүүс сэтгэл  зүйн дарамтад ордог. Ийм нөхцөлд болсон үйл явдлыг маш сайн яриулж байх хэрэгтэй байдаг. Тиймээс бид барь­цаа­лагдсан цэргүүдийг шөнө ха­руулд гарч байхад нь очиж уулзаж ярилц­даг байлаа. Тэнд яг юу болсон талаар асуухад нулимс нь цийлэгнээд ярьж эхэлдэг. Ингэж маш сайн яриу­лаагүйгээс болж  өвчин болдог. Гэрээ санагалзах өвчин гэж байдаг. Гэрээсээ хол байгаа хүн, хүнд байдалд орохоор тийм өвчтэй болдог. Тиймээс үүнийг эмчлэх энгийн арга нь өөрөөр нь яриулах, ярилцах явдал байдаг.

-Харин таны сэтгэл зүйн байдал хэр байв?

-Би чинь командлагч хүн шүү дээ. Ца­гийн байдал хурцдахад би тайван байхгүй бол болдоггүй. Ялангуяа 2013 онд Иракт манай цэргүүд халдлагад өртөж байх үед би маш тайван байсан. Яагаад гэдгээ одоо ч мэддэггүй юм. Би тийм тайван хүн биш байхгүй юү. Асуудал үүслээ гэж мужийн зохи­цуулагч над руу утасдахад “Та битгий сандар, сандарч байгааг дуунаас чинь мэдэрч байна. Та сандарвал бүх зүйл нурна” гэж хэлсэн. Тэгээд “Та одоо ямар хувцастай байна” гэж асуу­сан нөгөө хүн маань “Хуяг, дуулга мал­гай­тай байна” гэсэн. Би түүнд “За ямар ч гэсэн малгайгаа тайлаад тавь” гэсэн. Түүнийг малгай­гаа аваад тавьсан ха­жууд нь байсан хүмүүс ч бүгд тайв­ширсан гэж сүүлд ярьж байв. Энэ мэтээр ямар ч үед хүн тайван байж чадвал асуудлыг зөвөөр шийддэг. Ер нь тэгээд цэргийн сэтгэл зүй гэж тусдаа байдаг юм.

-Яг өнөөдөр Өмнөд Суданд нөхцөл байдал ямар байгаа бол?

-Миний дүгнэж байгаагаар, сөрөг хүчний ар тал зэвсэг техникийн хангалтгүй болсон. Тэгэхээр дахин байлдаан болохгүй байх. Засгийн газрын тал ч тэднийг  хангалт, хоол хүнснээс нь таслъя гэсэн бодолтой байгаа юм шиг байна лээ.

-Та явсан үүргээ биелүүлээд ирсэн гэж үзэж байгаа юу?

-НҮБ энхийг сахиулах ажилла­гаанд оролцсон хүн болгонд тодор­хойлолт хийж явуулдаг. Би НҮБ-ийн “UNMISS” ажиллагаанаас “чадварлаг” гэдэг үнэлгээ авч ирсэн. Миний коман­далж байсан сектор хамгийн хүнд нөхцөлд байсан. Гэхдээ миний боловсруулсан бичиг баримтыг бусад нь загвар болгодог байлаа. Бусад сек­торын командлагч нарт цагийн байдлын үед зөвлөгөө өгнө. Нэг удаа бид уулзаж тайлангаа тавьсан “Та байлдаантай кино ярилаа. Эд нар ахуйн асуудал ярилаа” гэж байсан. Үнэндээ бусад секторт асуудал бараг байхгүй. Би тийм үнэлгээтэй ирсэн гэж зарлаад  байлтай биш. Харин таныг асуусан учраас хэллээ.

-Олон орны цэргүүдээс монгол­чууд ялгардаг гэсэн, үнэн үү?

-Дэндүү ялгардаг. Заримдаа мон­гол цэргүүдээ өрөвддөг. Хэтэрхий идэвхтэй, ер нь их хөдөлмөрч хүмүүс юм уу, мэдэхгүй.  Их хөдөлмөрлөдөг, өгсөн үүрэг даалгаврыг ягштал бие­лүүлэх гэж хичээдэг. Би нэг жишээ хэлье. 2014 онд Бентьюд нефть олбор­­лох үйлдвэрт барьцаалагдсан иргэдийг татаж авах даалгавар ирсэн юм. Гэтэл монгол цэргүүд л тэр байлдаж байгаа улсуудын дундуур ороод иргэдийг гаргаад ирж байгаа юм. Энэ мэт тохиолдол олон л доо. Надад нэг генерал “Зөрүүлж байлдах бол Монголын цэргүүд л байлдаж магад­гүй. Бусад нь ч юу л бол” гэж хэлж байсан. Бидний өмнөөс буудвал эргүү­лээд буудах эрхэй байдаг юм. Ер нь монгол цэргүүд олон таван юм яриад байдаггүй, тэрнээс болдог юм уу хамгийн хүнд даалгаврыг монгол цэргүүдэд өгөөд байх шиг санагддаг.

-Цаашдаа ч олон монгол эрс энхийг сахиулах ажиллагаанд орол­цох байх. Та тэдэнд анхааруулж юу гэж хэлмээр байна?

-Хамгийн эрсдэлтэй нь өвчин. Малари гэдэг өвчин шумуулаар дамж­даг. Манайхаар бол ханиадархуу өвчин. Гэхдээ тархинд нөлөөлбөл үхдэг. Мөн зика вирус дэлгэрсэн. Тиймээс өвчнөөс сэргийлэх ёстой гэж хэлмээр байна. Ямар нэгэн эрсдэлтэй нөхцөл байдалд дарга нараа сайн харж байх хэрэгтэй. Дарга нар буруу шийдвэр гаргахгүй байх. Харин НҮБ-ын талаас анхаарах зүйл гэвэл уул овоо шиг их. НҮБ-ын зохион байгуулалт, ажил үүргээ гүйцэтгэх хурд их муу. Даалгавар өгөхөөр манай  монгол цэргүүд “НҮБ-ын хурдаар уу, Монголын хурдаар хийх үү” гэж асуудаг юм. Арай дэндүү удаан шүү.

-Та болон энхийг сахиулахаар явж байгаа хүмүүс юуны төлөө ийм дайн самуун, өвчинтэй газар руу яваад байдаг юм бэ?

-Миний хувьд юм үзье гэсэн. Ер нь газар дээр юу болдгийг харъя, ажил хийж үзье гэж бодож явсан. Нүдээр харж биеэр мэдэрнэ гэдэг өөр шүү дээ. Би маш их туршлага хуримт­луулсан. Цэргүүд ч асар их туршлага хуримтлуулах ёстой. Ингэснээр манай батлан хамгаалах салбар бэхжинэ. Би үзсэн харсан зүйл, туршлагаасаа ном бичнэ гэж бодож байгаа. Энэ нь Монголын зэвсэгт хүчинд оруулж байгаа хөрөнгө оруулалт болох юм.

М.Алтанцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих