Сонгууль тойрсон их мөнгөний урсгал ба төсвийн хүндрэл

Сонгууль дөхөж буйтай холбогдуулан нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн мөнгө тэр чигтээ намуудын халаас руу явж байгаа гэх. Намын дарга нар хэнийг хаана дэвшүүлэх асуудлаар тактик боловсруулж, дотоод хор буцалж буй энэ үед тойргоос нэр дэвших хийгээд жагсаалт руу шургалах боломжийн ханш харилцан адилгүй байгаа нь нууц биш. Мэдээж энэ мөнгө хандив нэрээр намын дансанд цутгах учиртай.

Ерөнхийдөө өнгөрсөн 2012 оны сонгуулиар МАН, АН, ИЗН, “Шударага ёс” эвсэл нийлээд 8 тэрбум 630 саяын хандив цуглуулсан гэх мэдээлэл бий. Эдгээр улстөрийн намуудын сонгуулийн зардал  37 тэрбум 200 сая төгрөгт хүрсэн гэх. Үүнийг задалбал, АН 16 тэрбум, МАН 14 тэрбум, ИЗНН 300 сая, Эвсэл 3 тэрбум, бусад бие даагчид 2 тэрбум 500 саяыг зарцуулсан гэх судалгаа гарсан байдаг.

Гэтэл 2012 оны УИХ-ын сонгуулиар СЕХ-ноос  нам, эвслийн сонгуулийн сурталчилгаандаа зарцуулах дээд хязгаарыг 9.6 тэрбум төгрөгөөр тогтоож өгч байсан. Сонгуулийн хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан Үндэсний аудитын газраас энэ жил улс төрийн намуудын сонгуульд зарцуулах мөнгөний дээд хэмжээг дахин зарлах учиртай. Ингэснээр улстөрийн намууд  сонгуулийн зардлаа төсвийн хүрээнээс болон хандив татвар сэлтээр цугларуулах нэгдсэн аргачлалаа гаргана гэсэн үг.

Тодруулж хэлбэл, албан ёсоор батлагдсан мөнгөн дүнгээс хэтэрсэн зардлаа хэрхэн яаж шингээх, судалгаанд тусгахгүй байх тал дээр ажиллана гэсэн үг.

Сангийн сайд Б.Болор “Энэ жил сонгууль болох учраас төсөвт тодотгол хийх нь гарцаагүй. Хаврын чуулганаар хийхгүй бол намрын чуулганаар хийнэ”  хэмээн өчигдөр онцолсон. Төсөв хэлэлцэх үеэр 14 тэрбум төгрөгийг сонгуульд зарцуулах саналыг Сангийн яамнаас оруулж ирсэн ч Төсвийн болон Төрийн байнгын хорооны хуралдаан дээр зардлыг 1.7 тэрбумаар нэмэх асуудал дэмжигдсэн. Ингэснээр 2016 оны улстөрийн сонгуулиар төсвөөс 16 орчим тэрбум төгрөг татахаар болсон билээ. Гэхдээ энэ бол зөвхөн сонгуулийн үйл ажиллагааны зардал.

Төсөвт сонгуультай холбоотой өөр ч хүндрэл ирнэ. Улстөрийн хүрээнд нууц байдлаар явдаг зүйл бол намын санхүүжилт. УИХ-ын нэг суудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцон улстөрийн намуудыг төсвөөс санхүүжүүлж байгаа. Энэ санхүүжилтийн 50 хувийг гишүүд тойрогтоо зарцуулж, үлдснийг нь намдаа өргөх учиртай. Гэтэл жагсаалтаар гарч ирсэн 28  гишүүний хувьд зарцуулах тойрог байхгүй учир шууд намадаа өгдөг.

Жагсаалтаар гарч ирсэн  28 гишүүний дөрвөн жилийн 10 сая төгрөг нь нийтдээ нэг тэрбум 120 сая төгрөг. Товчхондоо бол тойроггүй гишүүдийн энэ мөнгө МАНАН-д уусан сарниж, “Шударга ёс”-ноос гадуур урсан алга болж байгаа юм. Тэгэхээр төсвийн хүрээндсонгуулийн зардал дээр энэ мөнгө нэмэгдэхээр хүнд тусах нь ч аргагүй.

Шинээр батлагдсан сонгуулийн хуулинд нэр дэвшигчийн хувиасаа гаргадаг хөрөнгийг данс бүртгэлтэй болгож, хяналт тавих асуудлыг хуульчилж өгсөн нь бол үнэн. Улмаар сонгуулийн мөнгөн хандивын хэмжээг мөн шинэчлэн тогтоож, иргэн 3 сая төгрөг хүртэл, хуулийн этгээд 15 сая төгрөг хүртэл мөнгөн хандив өгч болно гэж зааж өгсөн нь бий.

Гэхдээ энэ бол хэрэгжих боломжгүй, цаасан дээр бичигдсэн тоо гэдгийг аль ч улстөрийн намууд ойлгож байгаа. Тиймдээ ч өнөөдөр жагсаалт үнэд орж,  тойргоос гарч ирэхгүй боломжгүй, мөнгөтэй эрхмүүд тэнд дугаарлаж буй гэх яриа явж буй. Төсвийн тодотголын он дөхүүлж, намрын чуулганаар хийдэг хуучин тогтолцоогоо эвдэж, “Төсөвт тодотгол хийх нөхцөл байдал бүрдвэл хавар хийнэ” гэсэн Сангийн сайдын үг чухам сонгуулиас л улбаатай юм.

Наадмын дараа намар гэдэг шиг энэ удаагийн парламентийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноор Монгол улс зогсчихгүй. Зохих зардлууд урсдагаараа урсаж, амьдрал хөвөрнө. Тэгэхээр шинэ парламентад баахан тоногчдихсон  хүндэрсэн төсөв өгөх үү, эсвэл өөрсдөө  булхайгаа засаж, хавар тодотголоо хийх үү гэдэг өөрөө бодох асуудал юм.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих