Эрхэм гишүүдэд гашуудлын цэцэгс илгээе

УИХ-ын намрын чуулган ирэх долоо хоногт эхэлнэ. Энэ үеэр эрхэм спикер ба түүний нөхдөд гашуудлын цэцэгс илгээвэл яасан юм бэ. Алгын чинээ цаасан дээр ард түмний хувь заяа, Монголын ирээдүйг зурахаас татгалзаж сурсан тэдэнд үүнээс өөр сюрприз барьж чадахгүй нь. Хаврын чуулганы үйл ажиллагааг хагарал, хямралаар өн­дөр­лөж хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг гацаасных нь төлөө торгууль хү­лээл­гэе. Торгуулийн мөн­гийг цалингаас нь суутгая, болох уу! Ийм утгатай зурвас бас бичье. Тэгэх цаг ч болж. Хамтарсан Засгийн газар биш, хийх ажлаа олж ядсан эрхэм гишүүдийн тухай нухацтайхан хэлэлцэх үе нь яг одоо.

Ингэхэд Д.Дэмбэрэлийн дивизийнхэнд ямар дүн тавья даа, байз. Дунд уу, муу юу. Уг нь УИХ-ын ээл­жит сонгууль эхлэхэд хэдхэн сар үлдчихээд байдаг.

Хөнжилдөө ч, хоолныхоо ширээн дээр ч хууль засаж, төсөл боловсруулдгийг нь бодохоор эрхэм гишүүдийг өрөвдөөд байх юм. Нойр, хоолоо умартан байж ноорхой, цоорхой хууль баталдгийг нь санахаар хүн чанаргүй загнаж боломгүй санагдана. Гэвч одоо яалтай. Эл асуудлыг ард түмнээр хэлэлцүүлье. Эрхэм гишүүдэд дунд, муу дүн тавьж зүрхлэхгүй юм чинь Ардын намынхнаас урьтаж, сонгогчдын дунд хэлэлцүүлэг явуулъя. УИХ-ын хаврын чуулган завсарлах үед тэд “Ардчилсан намынхан биднийг бойкотолж, Сонгуулийн тухай хуулийг шинэчлүүлэхгүй байна. Тиймээс ард түмнээсээ асууя” гэж байсан билүү, үгүй билүү. Иймэрхүү утгатай мэдээллийг нэг хэсэг хийж байгаад чимээгүй болчихсон юм чинь эрх баригчдын тактикийг өрсөж хэрэглэмээр байна. Тэгмэгцээ ард иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулж, Ардын нам болон Ардчилсан намд дүн тавиулмаар байх чинь.

“УИХ-ын гишүүдийн тоог 76 биш, 99 болгоё” гэнэ үү. Эрхэм гишүүд сонгуулийн тогтолцооны та­лаар зөвшилцөж чадаагүй. Нам, намаараа нанчилдсан хэвээр бай­хад ямар золиг нь ийм “балай” юм санаачилчихав аа. Ийм мэдээ дуулсан зарим нь “Парламентын тан­химд өөр, өөр үзэл бодлыг урал­дуулах тусам улс оронд тустай” хэмээж байхад нөгөө хэсэг нь тооны машинаар тоо бодоод эхэлчихжээ. Арга ч үгүй биз. Эрхэм гишүүд анх хувь, хувьдаа 10 сая төгрөг төсөвлүүлсэн нь илэрсэн учир тойрогт зарцуулах хөрөнгө болгон өнгийг нь хувиргасан. Тойрог руугаа “шуудан”-аар илгээх тэрхүү мөнгө нь эцэстээ нэг тэрбум төгрөг болон арвижсан. Тэгэхээр Үндсэн хуульд ийм өөрчлөлт оруулах санал боловсруулсан нөхдийг хардалгүй яах вэ. Мань 76-д хуваарилдаг мөнгө 99 тэрбум төгрөг болж, төсвийн сан хөмрөгийг “суйлах” гээд байна, цаана чинь. Ардчилсан намын гишүүдийн уур гараагүй байхад Ардын намын голдуу гишүүд Үндсэн хуулийг өөрчлөх тухай нэг иймэрхүү төлөвлөгөө боловсруулчихлаа. Тэгэхээр одоо яана гэсэн үг вэ. Үндсэн хуулийн шинэчлэлээр Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чагтална гэсэн үг үү. Эрхэм гишүүд намрын чуулганы эхээр сонгуулийн тогтолцоог хэрхэхээ нэг мөр шийдэж, маргаанаа таслахаар төлөвлөсөн ч өмнө нь Үндсэн хуулийн өөрчлөлт ийн “хөндөлсөв”. Мажоритари, пропорциональ да­вам­гайлсан тогтолцоо. Ма­гадгүй, үүнийг Үндсэн хуулийг өөрчилснийхөө маргааш ч хэлэлцэж мэднэ. Гэвч яг одоохондоо Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлуудын дараалалд алга.

Төсөв үү, Тавантолгой юу. Аль эсвэл Ерөнхий сайд С.Батболд уу, Д.Зоригт сайд уу. Өө, бүр Оюутолгой юу. Эрхэм гишүүдэд энэ мэт хэлэлцэх асуудал зөндөө. Тиймээс тэд он дуустал ордонд хонож магадгүй. “Гэртээ хонохгүй” гэдгээ ч гэргий нартаа эртхэн хэлбэл таарна. Ганц, хоёрхон төслөөс болж, элдвээр хардуулах нь дэмий биз дээ. Тэгээд ч ямар насаараа УИХ-ын гишүүн байх юм биш. Дээр нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хугацаанд нь хэлэлцэж чадаагүй. Ер сонгууль дөхөж, төгсөлтийн шалгалтаа өгөх болсон ч манай 76-ийн хувьд цаг яагаа ч үгүй байна. Уг нь үндсэн чиглэлийн төслийг өнгөрсөн долдугаар сарын 1-нээс өмнө хэлэлцэн батлах ёстой байсан. Гэвч манай хэд мажоритари, пропорциональ тогтолцоог мон­голоор “орчуулах” гэсээр хамаг цагаа алдсан билээ. Одоо яалтай, тэдэнд тийм толь бичиг байхгүй юм чинь. Цаг хугацааг ухрааж болох биш, ямар. Ирэх оны төсвөө үндсэн чиглэлгүйгээр хэлэлцэг. Эрхэм гишүүд 2012 оны төсвийн бүх орлого, зарлагыг нарийвчлан хуваарилсан үндсэн чиглэлгүйгээр улсыг төсвийг хэрхэн батлахыг нь харцгаая. Тоонд сайн гишүүдийг шалгаруулах номинацитай ч болъё. “Эх оронч улстөрч”, энэ тэр гэж цаасан малгай өмсгөж байхаар энэ нь дээр.

Ер нь энэ намрын чуулганаар хачин, хачин “юм” их болж мэднэ шүү. Ардын намынхан “Ардчилсан намыг бид л хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулсан” хэмээн үнэрхдэг байсан бол одоо Ардчилсан намынхны өмнө сөгдөн мөргөхдөө тулах нь. Учир нь сонгуулийн тогтолцоог манай, танайдаа ашигтайгаар өөрчлөхийг Н.Алтанхуягийн цэргүүд дэмж­чихвэл бүх зүйл “OK” болох гээд байгаа юм. Гэтэл цаадуул нь нэг л нааштай хандахгүй байгаа учраас эрх баригчид эвийг нь олохоос өөр аргагүй болоод байна. Ардын нам, Ардчилсан намынхан Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр нэг иймэрхүү реакцитай байж байтал нөгөө 20 босоод ирвэл яана аа. Яагаав, Ерөнхий сайдыг өрөөндөө ганцаараа байхад нь олуулаа орж айлгасан хэд. Монголын Ерөнхий сайдаас гадна гадаад эрхэмтэй заргалдаж эхэлсэн тэд маш ууртай байгаа шүү! Мань хэд яг ийм үедээ Ерөнхий сайд С.Батболдоос Оюутолгойтой холбоотой шаардлагынхаа хариуг нэхэж эхэлбэл бүр ч аюултай. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт энэ үеэр Төрийн ордноос хол байсан нь дээр.

Тавантолгой… Тийм ээ, энэ бол нүүрсний орд. Таван настай жаал ч ийн мэдэхтэйгээ болсон. Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг улсын наадмын өмнөхөн Тавантолгойд хөрөнгө оруулах стратегийн хөрөнгө оруулагчдыг шалгаруулснаа мэ­дэгдсэн. Гэтэл яасан гээч. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ сарын эхээр хуралдаж, Тавантолгой төслийг буцаах нь тэр. “Энэхүү төсөл нь манай улсын хууль, тогтоомжтой нийцээгүй байна” хэмээн Төрийн тэргүүн ч мэдэгдсэн удаатай. Харин зарим эх сурвалжийн мэдээлснээр, Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нар саяхан уул­заж, Тавантолгой төсөлд зарим өөрч­лөлтийг хийн эцэслэн шийд­­вэрлэхээр тохиролцсон су­­рагтай. Хэрэв энэ үнэн бол Та­ван­толгойн талаарх асуудал улс­төрчдийн толгойг нэг их өвт­гөхгүй нь бололтой. Ямартай ч эрхэм гишүүдийн хувьд “Гэрийн даалгавар” ихтэй байх нь. Гэрийн даалгавраа хийгээгүй сурагчид багш ямар дүн тавьдаг билээ. Яг тийм дүнг иргэн та УИХ-ын гишүүдэд тавьж яагаад болохгүй гэж. Гэхдээ тэдэнд одоохондоо муу дүн тавиад хэрэггүй шүү. Харин УИХ-ын 2012 оны сонгуулиар ямар дүн тавих нь сонгогч таны бүрэн эрх. Сонирхолтой нь хууль батлахаас гэдийдэг, хурал хаяж гардаг нөхдийн бүрэн эрхээ эдлэх хугацаа тэр үед дуусгавар болчихсон байна.

С.Баттулга

“Улс төрийн тойм” сонин


URL:

Сэтгэгдэл бичих