Далд өвчний ил онош
-ТАТВАРЫН ОРЧНОО ӨӨРЧЛӨХГҮЙГЭЭР ЭНЭ ӨВЧИН ЭДГЭХГҮЙ-
Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжсэний дараа 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө буюу ДНБ-ээс ч илүү хөрөнгө ил боллоо. Бүгд л шагширч, шогширч байна. Үр дүн нь хэзээ, яаж мэдэгдэх бол оо гэх асуулт нийгэмд тархаж байна. Гэтэл энэ бол далд эдийн засагт эргэлдэж буй хөрөнгө, гүйлгээ, орлогыг илчлэх эхний л арга. Өөрөөр хэлбэл, энэ бол эрх баригчдын нэг мэх юм. Тэдэнд дахиад ч мэх бий. Тэр нь НӨАТ-ын тухай хууль.
Эдгээр мэхний зорилго нь бүх хөрөнгө, орлого, гүйлгээг бүртгэх явдал. Тэгж чадвал тэдгээрт татвар оногдуулж чадна. Татвар сайн хуримтлуулж чадвал төрийн чадамж сайжирна. Төсвийн орлогоо бүрдүүлэх гэж зовохгүй болно. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлснээр хөрөнгө, орлого бүрийг бүртгээд авчихлаа. Одоо НӨАТ-ын тухай хуулиар гүйлгээнд оролцож буй нэг төгрөг бүрийг бүртгэж авах болно. Цаашид далд гээд буй бүртгэлгүй эдийн засгийг хазаарлаж, улмаар нам дарж авах төлөвлөгөө ийнхүү амжилттай хэрэгжиж байна. Гэхдээ яагаад хүлээлтээс давсан хэмжээний далд хөрөнгө ил гарав аа гэдгийг бодож, тооцох учиртай. Шалтгаан нь маш энгийн. Энэ нь НӨАТ-ын хуультай шууд хамааралтай. НӨАТ-ын хууль хэрэгжсэнээр цаашдаа төгрөг нэг бүрийг тоолох нөхцөлийг бүрдүүлж, хоёр тайлантай аж ахуйн нэгж, компаниуд зах зээлээс шахагдаж, аягүйтвэл ял хариуцлагад унаж мэдэх болсон тул нуусан бүхнээ илчлэхээр яарсан хэрэг. Түүнээс биш гэнэт л ухаан орж, гэм нүглээ цайруулж, нуусан далдалснаа илчилсэн хэрэг хараахан биш юм. НӨАТ-ын хуулийн нөлөөгөөр хэр их хэмжээний мөнгөн орлого ил болохыг хэн ч одоогоор таашгүй. Тиймд Монголын эдийн засагт цоо шинэ орчин үүсэх нь илэрхий боллоо. НӨАТ-ын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн хууль, Аудитын хуулиуд шинээр хэрэгжинэ. Санхүүгийн бүхий л бүртгэл, данс тооцоо цахим хэлбэрт шилжиж байгаа. Энэ нь магадгүй бүртгэлгүй нэг төгрөг ч байх боломжгүй нөхцөл байдлыг бий болгоно. Тодруулбал, нэг төгрөг бүрт татвар оногдох бололцоо бүрдэнэ. Шинэ хуулиар НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгосон. Өмнө нь 10 сая төгрөг байхад ч компаниуд төлдөггүй байсныг санах хэрэгтэй. Тэгвэл одоо төлөхөөс өөр аргагүй болж байна. НӨАТ бол бүртгэлийн систем учраас тэр. Гэхдээ нэг ялгаа гарч байгаа нь өмнө нь НӨАТ-ыг аж ахуйн нэгж төлдөг байсан бол одоо эцсийн хэрэглэгч төлнө. Аж ахуйн нэгж бол төрд НӨАТ-ыг суутган авч өгөгч буюу дамжуулагч болж хувирч байгаа гэж энгийнээр ойлгож болох юм. Өмнө нь цааш нь дамжуулахгүйгээр өөрөө авчихдаг байсан. Түүнийгээ нуудаг байсан.
Төр ийм л угсраа мэхийг эдийн засагт ашиглаж байна. Хүндэрч байгаа эдийн засагт энэ нь мэдээж бодит дэмжлэг болно. Гэвч мэхийг дутуу хийж болдоггүй. Тиймээс далд эдийн засгийг цаашид цэцэглүүлэхгүй байх тэр нөхцөлийг л бүрдүүлэх ёстой.
Үр дүн хүлээлтээс хэт давсан нь дараагийн их хүлээлтийг үүсгэдэг муу талтай. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг санаачлагчид анх 3-4 их наяд төгрөгийн далд орлого ил болно гэж тооцоолж байв. ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан “Хуулийн хүрээнд найман их наяд хөрөнгө илрэх боломжтой” гэж тайлбарлаж байлаа. Татварын байгууллагаас хийсэн төсөөлөл хүртэл ингэж хол зөрлөө. Тиймд далд эдийн засгийн судалгаа бодитой биш төдийгүй бидэнд тэр талын баримжаа ч алга байна гэсэн үг. Энэ ил гарсан хөрөнгө бол төрийн бүртгэл, данснаас гадуур байсан хөрөнгө юм. Энэхүү 34 их наяд төгрөгийн үр шимийг хүртэхийн тулд хууль эрх зүйн зарим өөрчлөлтийг хийх шаардлагатай. Дахин шинэ арга, шинэ зарчим хэрэгтэй болж байгаа. Тэгэхгүйгээр ил гарсан хөрөнгийг Монгол Улс эдийн засагтаа үр өгөөжтэйгээр ашиглаж чадахгүйд хүрнэ. Үр шимийг яаж хүртэх вэ. Асуултын хариултыг ДНБ-ээс ч илүү энэ их хөрөнгө орлогыг яагаад нуухад хүрсэн бэ гэдгээс эхэлж хайх нь зөв. Энэ нь ерөөс татварын орчин өнгөрсөн 25 жилийн хугацаанд үнэхээр тэвчих аргагүй байсны тод илэрхийлэл. Татвараас зайлсхийх, бултах, хөрөнгө орлогоо нуух нь Монголын хуулиар хатуу хүнд ялтай гэмт хэрэг. Түүнийг мэдсээр байж иргэд, аж ахуйн нэгжүүд энэ үйлдлийг хийсээр байсан байх нь. Үүнийхээ төлөө магадгүй бүртгэлийн ажилтан, татварын байцаагч, хууль хяналтынханд авлига, хээл хахууль өгч ч байсан болж таарах гээд байна.
Нөгөөтэйгүүр, далд эдийн засагт байсан ийм их хэмжээний мөнгийг нийтээрээ нууж байсан гэвэл мэдээж боломжгүй. Хүн амын тодорхой хувьд нь л ийм их хэмжээний хөрөнгө төвлөрсөн байжээ гэдгийг давхар харуулж буй юм. Баялгийн тайлангаар хүн амын нэг хувь хүрэхгүй баячуудын хөрөнгө ДНБ-ий 70 орчим хувийг эзэлж байна гэсэн судалгаа гарсан байдаг. Монголын нийт хөрөнгийн 80 орчим хувь нь 200 гэр бүлийн гарт төвлөрч байна гэх шуугиан гарч байсныг санаж буй биз ээ. Тэгвэл одоо ил болон далдтайгаа нийлээд ДНБ хоёр дахин өсчихлөө. Өөрөөр хэлбэл, мөнөөх 200 гэр бүлийн хөрөнгө бидний төсөөлж байснаас хоёр дахин их байжээ л гэсэн үг. Гэхдээ нөгөө талдаа далд хөрөнгүүд ил болсноор ойролцоогоор 100 орчим мянган аж ахуйн нэгж зах зээлд орж ирнэ. Ингэснээр мэдээж өрсөлдөөн бий болно. Хамгийн гол нь тэд бүгд нэг тайлан баланстай, хөрөнгө нь бүгд албан ёсных болно. Энэ утгаараа эдийн засагт эерэг үр нөлөө авчрах нь дамжиггүй. Гэвч эмчилгээг зөвхөн онош тавиад орхичихож болдоггүй. Далд эдийн засагт байгаа хөрөнгө орлогыг бүртгэсэн нь ердөө л онош төдий үйл ажиллагаа юм. Монголын эдийн засагт ийм их хэмжээний өвчин, нян байжээ гэдгийг илчлээд гаргаад ирлээ. Одоо гагцхүү эмчлэх учиртай.
Мартаагүй бол 2008 онд яг ийм оношийг уг нь Монголын төр эдийн засагтаа тавьж байсан. Татварын өршөөлийн хууль гэж батлаад тухайн үед 5.6 их наяд хөрөнгийг ил болгосон. Гэвч эмчилгээг нь хийлгүй орхисноос болж, долоохон жилийн дотор ямар их хэмжээний хөрөнгө далд хэлбэрт шилжсэнийг одоо мэдээд дуу алдан гайхаж байх жишээтэй. Орлого олсон бол ил тод бүртгүүлж, шударгаар татвараа төлөхийн оронд нуудаг хэлбэр рүү илүү шилжсэн нь өвчин эмчлэгдэх нь байтугай улам архагшсаны шинж. Шуудхандаа татварын орлогыг л нэмэгдүүлэх гэж эдийн засгийн өршөөл үзүүлж байгаа нь мэдээж юм. Гэтэл манай өмнөх туршлагаас харахад Татварын өршөөлийн хуулийн дараа улсын татварын орлого нэмэгдэх бус, харин багассан дүн байдаг. Энэ нь татварын тогтолцоонд маань асуудал байгаагийн илрэл. Нөгөөтэйгүүр, далд хөрөнгийг ил болгоно гээд ойр ойрхон өршөөл үзүүлдэг улс орон болчихвол нийгэм, эдийн засагт түүнээсээ илүү хор уршиг тарина. Жишээ нь Аргентин улс 1987 онд татвараа төлөөгүй аж ахуйн нэгжүүдэд татвараа төлөх боломж олгох, бүртгэгдээгүй байгаа орлого хөрөнгийг ил болгох зорилгоор татварын өршөөлийн хуулийг баталсан ч энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн бүтэлгүй хууль болон үлдсэн байдаг. Эсрэгээрээ харин ч татвараас зайлсхийх эрмэлзлэлийг бий болгосон.
Гол алдаа нь “Татварын өршөөлийн хууль нь зөвхөн нэг удаа байх ёстой” гэсэн үндсэн зарчмыг зөрчснөөс болсон байна. Аль ч улс орны хувьд татварын өршөөлийг хэрэгжүүлэх гол зорилго, агуулга нь улсын төсөвт татвараас орж ирж буй орлогыг нэмэгдүүлэх, татвараа төлөх эрмэлзлэлийг бий болгох, татвар төлөлтийн эрх тэгш, шударга зарчмыг алдагдуулахгүй хэрэгжүүлэхийн төлөө байдаг. Тиймд бид татвар төлөгчдийн татвараас зугтааж байгаа гол шалтгааныг олж, гаж буруу татварын тогтолцоогоо өөрчлөхгүйгээр ямар ч үр дүнгийн тухай ярихад эрт байна.
Д.Дамдинжав
Ардын эрх
URL: