Нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжид хариуцлага тооцно
“Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”өөс санаачлан “Туул гол ба тул гамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулав. Хэлэлцүүлэгт БОНХАЖЯны мэргэжилтэн Т.Давааням, Усны үндэсний төвийн захирал Ш.Ганзориг, “Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн” ий ерөнхий зохицуулагч Б.Жагар, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын Усны секторын эрхлэгч, доктор Г.Даваа болон холбогдох газрын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Оролцогчид Төрөөс усны талаар баримтлах бодлого, менежмент, Туул голд тулгамдаж буй асуудал, Урсацын горим зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Улмаар энэ чиглэлийн хууль, тогтоол, тушаал, дүрэм, норм стандартын хэрэгжилтэд иргэн хяналт тавьж ажиллах, туул голын сав газарт төсвийн болон олон улсын байгууллагын хандиваар хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүнг олон нийтэд мэдээлэх, төрөөс усны асуудлаар зөв оновчтой бодлого, шийдвэр гаргах шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байв.
Энэ үеэр “Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн” ий ерөнхий зохицуулагч Б.Жагар “Туул гол ба тулгамдаж буй асуудал хэлэлцүүлэг ихээхэн ач холбогдолтой болж буйг онцолмоор байна. Туул голд тулгамдаж буй асуудлыг ерөнхийдөө гурван хэсэгт авч үздэг. Арьс, ширний үйлдвэр, туул гол орчим хайрга, дайрга олборлодог аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа болон нөхөн сэргээлт гэж хуваадаг. Мөн Туулын бургасыг зүй зохисгүй тайрах, огтлох зэргээс үүдэн гол ширгэх, урсац нь тасалдах нөхцөл байдал үүсээд байна.
Иймд эдгээр нөхцөл байдалд зохицуулалт хийх, хайрга, дайрга олборлодог аж ахуйн нэгж байгууллагын нөхөн сэргээлтийг заавал хийлгэх хэрэгтэй. Туул гол орчимд 60 гаруй байгууллага хайрга, дайрга олборлох эрхтэй. Эдгээрээс 20 гаруй нь нөхөн сэргээлт хийдэггүй. Тиймээс эдгээр байгууллагад хариуцлага хүлээлгэх, цаашид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын хяналтыг чангатгах нь чухал. Улмаар үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна” гэв.
Д.Нэргүй
URL: