Н.Батцэрэг сайд БНХАУ-ын Байгаль орчны сайдтай хэлэлцээр хийлээ
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгийн БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах яамны сайд Чен Зениний урилгаар хийж байгаа албан ёсны айлчлал Бээжин хотноо эхэллээ. Тус улсын Байгаль орчныг хамгаалах яамны сайд Чэнь Зининтэй хийсэн хэлэлцээрээр Н.Батцэрэг сайд хоёр яамны бодлогын зөвлөлдөх анхны уулзалтыг энэ ондоо багтаан Бээжин хотноо зохион байгуулах саналыг тавьжээ. Хоёр талын экспертүүд уулзалтаас өмнө хамтран ажиллах чиглэл болон төсөл арга хэмжээний танилцуулгаа хийх хуралдааныг Улаанбаатар хотноо хийхээр тохиролцсон аж.
Мөн Япон, БНХАУ, БНСУ-ын Байгаль орчны сайд нарын гурван талт хамтын ажиллагааны сайд нарын уулзалтад ажиглагчаар оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Япон, БНХАУ, БНСУ-ын Байгаль орчны сайд нарын гурван талт хамтын ажиллагаа нь Зүүн хойд Азийн байгаль орчны салбарын бүс нутгийн өндөр түвшний хамтын ажиллагааны механизмд гол үүрэг гүйцэтгэж агаарын чанарыг сайжруулах, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ, байгаль орчны боловсрол, ногоон эдийн засаг, корпорацийн нийгмийн хариуцлага зэрэг чиглэлүүдээр ажиллаж байгаа юм.
Дараагийн нэг чухал асуудал болох химийн гаралтай бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалтын асуудал хурцаар тавигдаж байгаа талаар ярилцлаа. Үүнтэй холбогдуулан эдгээр төрлийн бараа бүтээгдэхүүний дийлэнх нь БНХАУ-аас Монголд импортоор орж ирж байгаа бөгөөд уул уурхайн салбарт ашиглагдаагүй үлдсэн химийн гаралтай бараа, бүтээгдэхүүнийг устгахад хоёр улс хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Манай улсад 2014 оны байдлаар “Петрочайна дачин тамсаг” компанид 500 орчим тн, “Зонхэутиан” компанид 300 тн гаруй хугацаа нь дууссан болон чанарын шаардлага хангахгүй болсон устгуулах шаардлагатай химийн бодисын хог хаягдал байдаг аж.
БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах яамны сайд Чэнь Зинин: “Монгол, Хятад орны найрсаг хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж ирсэн. Хоёр орон байгаль орчны салбарыг чухалчлан үзэж ирсэн нь цаашдаа томоохон төсөл хөтөлбөр арга хэмжээн дээр хамтран ажиллах, туршлага солилцож байгаад баяртай байна. Хөгжиж буй орнуудын хувьд байгаль орчны салбар тэргүүн эгнээний хамгийн чухал асуудал болоод байна. Манай улсын хувьд био экологийн тэр дундаа усны салбарын асуудал нэн тэргүүнд тавигдаж усны хуулийг шинээр гаргахаар ажиллаж байна.
Нөгөө талаас түүхий нүүрсээр эрчим хүчийг хамгийн боловсронгуй болгох техникийн шинэчлэл хийгдэж байна. Энэ үүднээс нүүрсийг орчин үед хамгийн ихээр хоргүй нөхцөлд хэрэглэдэг болно.
Монголын талаас тавьж байгаа химийн хортой бодисийг устгах ажил дээр хамтран ажиллах боломжтой. Мөн хоёр улсын хувьд байгаль экологийн чухал асуудал болсон цөлжилт, шар шороон шуурганы эсрэг хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн хэлсэн юм.
Мөн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харъяа Цаг уур орчны шинжилгээний газар, БНХАУ-ын Байгаль орчны Шинжлэх ухааны академийн хамтран боловсруулсан 3,9 сая юанийн “Монгол ба Хятадын хөрш зэргэлдээх бүс нутгийн шороон шуурга цөлжилтийн мониторинг, үнэлгээ” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол, Хятад улсын байгаль орчны сайд нарын албан ёсны хэлэлцээрээр эдийн засгийн болон байгаль экологийн томоохон асуудал дээр харилцан санал солилцсон уулзалт амжилттай өндөрлөлөө.
Б.Төгөл
Эх сурвалж: БОНХАЖЯ
URL: