Д.Ганбат: Шадар сайд экипажийн даргатай уулзахыг хүссэн ч гарч ирээгүй

УИХ-ын гурван гишүүн гадагш зорчихдоо тусгай нислэгээр явахыг шаардан, МИАТ-ын онгоцыг30-аад минут саатуулсан асуудал гарсан. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өчигдөр байнгын хорооны ажлын тайлангийн үеэр энэ талаар мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ“МИАТ компанийн онгоцыг саатуулсан асуудал байхгүй.

Шинийн гурван, дөрвөн байна уу, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь бид гурав албан ажлаар гадагшаа явсан. Шадар сайд онгоцны экипажтай уулзах хүсэлт тавьсан ч экипажийн дарга ирээгүй. Аливаа төрийн байгууллага, төрийн өмчит компанийн ажил төрөлтэй Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн танилцах эрхтэй.

Сахилга хариуцлага хаа хаанаа муу байгаа гэж яригддаг. Тийм учраас бид тухай бүрт нь анхаарал тавьж, ажлын хариуцлагыг шалгаж байх ёстой. Шадар сайд Ц.Оюунбаатарыг би Онцгой байдлын комиссын даргын хувьд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга, МИАТ компанийн дарга, Зам тээврийн сайд руу залга. Хүний амь нас, өмч хөрөнгө хариуцсан байгууллага байж, яагаад ийм байдаг юм бэ гэсэн.

Утсаар залгахад бүх л байгууллага утсаа авахгүй, хариу өгөхгүй байсан. Ийм л юм болсон” гэв. Түүнчлэн намрын ээлжит чуулган болон ээлжит бус чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны хийсэн ажлын талаар танилцууллаа. Намрын чуулганы хугацаанд Байнгын хороо 19 удаа хуралдаж, 55 асуудлыг хэлэлцсэн ба хуулийн төсөл 257, УИХ-ын тогтоолын төсөл 12-ыг хэлэлцэн, санал, дүгнэлт 29, танилцуулга тав, зарчмын зөрүүтэй 324 саналын томьёолол тус тус бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлжээ.

Байнгын хороо нийт 60 цаг 16 минут хуралдсан байна. Байнгын хорооны тогтоолоор 15 ажлын хэсэг байгуулан 35 удаа хуралдаж, хууль, тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх үүрэгтэйгээр ажилласан хэмээн Байнгын хорооны дарга Д.Ганбат танилцууллаа. Түүнчлэн тайлант хугацаанд иргэдээс ирүүлсэн 59 өргөдөл, гомдол болон байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 134 албан бичиг, санал хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэн, хариуг хугацаанд нь өгчээ.

Байнгын хороо бие даасан гурван хууль үүнд, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан. Хууль зүйн байнгын хорооноос нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 254, хүчингүй болсонд тооцох тухай хууль 13, тогтоолын төсөл 13-г тус тус хэлэлцэн, нэгдсэн хуралдаанаар  батлуулсан байна.


URL:

Нэр: Зочин Огноо: 25 February 2016

Тэнэгээ чи танилцах цагаа олсонгүй. Баянхонгорынхон энэ тэнэгийг дахин битгий гаргаарай

Нэр: Зочин Огноо: 27 February 2016

Яаж яваад ийм “Дүүф” гар УИХ-д ороод суучихдаг байнаа. Ямар ард түмэн байна тийм төр байдаг гэдэг. Үнэн үг юм байна даа.

Нэр: З.Энхболд Огноо: 27 February 2016

НЭГ ТАРВАГАНЫ НҮХНЭЭС НӨГӨӨ ТАРВАГАНЫ НҮХРҮҮ Л НИСЭЖ ЯВСАН БАЙХДАА ЧИ.

Сэтгэгдэл бичих