Д.Жаргалсайхан: Эрх баригчид ард түмнийхээ дуу хоолойг сонсож байж зөв замаар явна

Нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайханы “Дефакто” ярилцлагын нэвтрүүлгийг Монголын Үндэсний Олон нийтийн Радио телевизээр гаргахаа больсон талаарх мэдээлэл өчигдөр цахим ертөнцөд шуугиан тарив. Уг асуудлыг “Дефакто” нэвтрүүлгийн хөтлөгч, эдийн засагч Д.Жаргалсайханаас тодрууллаа.

-“Дефакто” нэвтрүүлгийн сүүлийн дугаарт ҮХЦ-ийн дарга асан Ж.Амарсанаа оролцсон. МҮОНРТ зочноос болж гэрээгээ цуцалсан гэж ойлгож болох уу?

-Би хувьдаа тэгж ойлгож байгаа. Өнгөрөгч даваа гаригийн орой ҮХЦ-ийн дарга асан Ж.Амарсанаа гуайг урьж нэвтрүүлэгтээ оруулсан. Нэвтрүүлэгтээ ямар зочноо хэзээ урихаа би өөрөө шийддэг байсан. Гэтэл мягмар гаригийн үдээс хойш “Монголын Мэдээ” сувгийн захирал Ц.Мөнхтөр над руу утсаар яриад “Тантай бид цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүй боллоо. Удахгүй сонгууль болно. Сонгуулийн дараа хамтарч ажиллаж болох юм. Нэвтрүүлгийн бодлогын асуудал, тэнцвэртэй мэдээлэл өгөх үүднээс ийм шийдвэр гаргасан бололтой” гэж хэлсэн.

Миний хувьд тэнцвэртэй мэдээллийг олон нийтэд хүргэх үүднээс энэ хүнийг яриулсан.

Уг нь Үндсэн хуулийн цэцийн дарга байсан хүнийг яагаад ажлаас нь болиулчихваа гэдгийг монголын ард түмэнд үнэн бодит мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Ж.Амарсанаа гуайг зочноор урьсан юм.

-Та твиттертээ “Монголын Мэдээ” сувгийн захирал Ц.Мөнхтөр “Таны нэвтрүүлгийг дээрээс уламжлалтайгаар дахин эфирээр гаргахгүй боллоо” гэж хэлсэн” гэж жиргэсэн байсан. Энэ өгүүлбэр ямар утга учиртай юм бол?

-Албан ёсоор бол Ц.Мөнхтөр даргын дээр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь бий. Ц.Оюундарь даргын дээр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл байгаа. Миний мэдэхээр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл ойрын хугацаанд хуралдаагүй.

Үндэсний зөвлөл хуралдаж Д.Жаргалсайханыг болиул гэж хэлээгүй юм бол Ц.Мөнхтөр даргыг сонсгох хэмжээний аль нэг улс төрийн хүчнээс уг шийдвэрийг гаргасан гэж би ойлгож байгаа. Яг хэн дээрээс тушаасныг би мэдэхгүй. Би хий дэмий л Ц.Мөнхтөр даргад “Ингэж болохгүй. Бид хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй. Олон нийтэд тэнцвэртэй мэдээллийг хүргэх гэж энэ бүхнийг хийж байгаа” гэж хэлсэн.

-Танд өмнө нь дээд удирдлагаас зочин урих асуудалд зөвлөмж зөвлөгөө байдлаар ирж байсан уу?

-Яахав, цаг үеийн асуудлаар тийм хүнийг яриулбал зүгээр гэх мэт ажил хэргийн зөвлөмж байсан л даа. Гэхдээ “чи тэрийг урьж болно, тэрийг урьж болохгүй” гэсэн зүйл байгаагүй.

Миний хувьд сэтгүүлч, нэвтрүүлэгч биш. Манай өнөөгийн нийгэмд ярилцлагын нэвтрүүлэг хэрэгтэй гэдэг үүднээс “Дефакто”-г хийгээд тав, зургаан жил болж байна. Ярилцлагаар монголчууд бидний үнэ цэнэ баталгаажуулсан, ойлгуулсан, амьдрал дээрээ үлгэр жишээ болсон хүнийг урихыг хичээдэг.

Сая бол Ж.Амарсанаа гуайг зочноор урьсан. Цаашид ч нийгэмд ямар нэг асуудал, арга хэмжээ болоход нөгөө талд байгаа хүмүүсийг заавал яриулах болно. Ардчилсан нийгэмд дандаа л ялсан, дийлсэн тал нь яриад байх болохгүй. Аль алийг нь яриулах хэрэгтэй. Хамгийн гол нь олон түмэнд зөв мэдээллийг хүргэх ёстой.

-Таны энэ нэвтрүүлгийг хааснаар эрх баригчид сонгуулийн замаа засаж байна гэж ойлгож болох уу?

-Ардчилсан орны эрх баригчид ард түмнийхээ янз бүрийн дуу хоолойг сонсож байж зөв замаар явна. Түүнээс биш аль нэг механик техникээр үг хэлэх эрх чөлөөг хааж боож болохгүй л дээ.

Өнөөгийн нийгэмд амьдарч буй хүмүүс хоёр талын байр суурийг сонсож, өөрсдийн дүгнэлтээ гаргадаг цаг үед бид амьдарч байна.

-Та цаашид ямар алхам хийхээр төлөвлөж байна вэ?

-Би том инсититуцийн эсрэг алхам хийгээд байхаар хүн биш. Надад ямарваа нэгэн албан тушаал байхгүй.

Миний амьдралын хагас нь хуучин, хагас нь шинэ нийгэмд амьдарч яваа хүний хувьд юу болж байна, юу болохгүй байна гэдгийг хэлэх ёстой гэж үзэж байна.

Надад МҮОНРТ-ээс бусад телевизүүдээс хамтран ажиллаач гэсэн саналууд ирж байна. Тэдэнтэй хамтран ажиллана гэж бодож байна.

-Өчигдөр орой MNB.mn сайт дээр “Монголын Мэдээ” сувгийн захирлын орон тоон дээр ажлын байрны сонгон шалгаруулалт зарласан байсан. Та үүнийг мэдсэн үү?

-Тийм үү. Хараагүй юм байна.Хэрвээ тэгж байгаа бол Ц.Мөнхтөр захирал ажлаа больж байна гэсэн үг. Миний нэвтрүүлгийн асуудалтай холбогдуулан ийм зүйл болж буй бол харамсалтай байна.

-Ярилцсанд баярлалаа.


URL:

Сэтгэгдэл бичих