Төгрөгийн ханш улам л уруудах нь
Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш суларсаар нэг ам.доллар 2030-аас даваад явчихлаа. Энэ нь 2016 оны төсөвт нэг ам.долларын ханшийг 2030 гэж тооцсоноос хэтэрч байна гэсэн үг. Төгрөгийн ханш ийн суларсаар байгаа манайд орж ирэх гадаад валютын урсгал, хөрөнгө оруулалт зэрэгтэй салшгүй холбоотой гэдэг ойлгомжтой.
Одоогоос таван жилийн өмнө хөрөнгө оруулалт нэмэгдэн, уул уурхай салбар ид цэцэглэж, эдийн засгийн өсөлт анх удаагаа 17 хувь давж байлаа. Тэр үед нэг ам.доллар 1260 төгрөгтэй тэнцэж байсан. Гэтэл өнгөрсөн жил манай эдийн засгийн өсөлт гурван хувьд ч хүрээгүй.
Энэ жил ч бас иймэрхүү хэмжээнд л байх тухай эдийн засагчид, олон улсын байгууллагууд дурдсаар байна. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2030 ч биш бүр 2090 төгрөг давна гэсэн тооцоо ч байна.
Тэгвэл Монголбанкны тухайд ам.долларын ханш энэ онд тогтвортой байх тухайд Зах зээлийн газрын захирал Ж.Батаа нь хэлсэн байна. Тэрбээр “…Жишээлбэл, жил бүрийн 1, 2 дугаар сард Цагаан сар, баяр ёслолын бэлтгэлтэй холбоотойгоор төгрөгийн ам.доллартай харьцах ханшид түр зуурын хэлбэлзэл бий болох хандлага ажиглагдсаар ирсэн. Уг нөлөөлөл энэ жил мөн давтагдаж, банкуудын дуудлага худалдаагаар худалдан авах ам.долларын захиалгын хэмжээ 2016 оны 1 дүгээр сард гэхэд 300 сая ам.долларт хүрч, өмнөх сараас 2.2 дахин өссөн байна. Өөрөөр хэлбэл, валютын зах дахь богино хугацааны эрэлт, нийлүүлэлтийн зөрүү нэмэгдэж, төгрөгийн ам.доллартай харьцах ханшид сулрах дарамтыг үзүүлсэн юм. Гэвч энэ нөхцөлд Монголбанкнаас валютын зах дахь оролцоогоо хадгалж, оны эхнээс өнөөдрийн байдлаар 280 гаруй сая ам.долларыг валютын захад нийлүүлсэн. Ингэснээр төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлт өмнөх оны мөн үед 85 төгрөг буюу 4.5 хувиар сулраад байсан бол одоогоор оны эхнээс дөнгөж 33 төгрөг буюу 1.7 хувиар суларсан үзүүлэлттэй байна” гэжээ.
Ж.Батаагийн хувьд төгрөгийн ханш тогтвортой байх тухайд “Энэ онд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор төлбөрийн тэнцэлд эерэг өөрчлөлт гарна гэсэн нааштай хүлээлттэй байна. Түүнчлэн Засгийн газраас ойрын хугацаанд 500 сая ам.доллараас 1 тэрбум ам.долларын хөрөнгө олон улсын зах зээл дээр гаргахаар ажиллаж байгааг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу. Уг хөрөнгийг амжилттай босгосноор зах зээлийн хүлээлт, хөрөнгө оруулагчдын хандлагад таатай нөлөө үзүүлнэ гэж бид харж байна. Ингэснээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ онд харьцангуй тогтвортой байх хүлээлттэй байна” гэсэн тайлбар өгчээ.
Тэгвэл эдийн засагч, судлаачид арай өөр ойрын хугацаанд валютын ханш тогтворжих магадлал тун тааруу гэсэн байр суурьтай байгаагаа хэвлэлд ярьсан аж. Тухайлахад, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн тэнхимийн эрхлэгч Б.Алтанцэцэг, СЭЗДС-ийн Эдийн засгийн онолын тэнхимийн эрхлэгч Ц.Батсүх нар ийм байр суурь илэрхийлжээ.
Ц.Батсүх “Валютын ханш энэ хавартаа тогтворжихгүй. Цаашид өсөх хандлага ажиглагдаж байна. Учир нь валют орж ирэх урсгал багассан. Мөн Төвбанкны албан нөөцийн хэмжээ буурч байгаа зэрэг нөлөөлөх хүчин зүйл бий. Хэрэв төсөвт валютаар хийх зардал байгаа бол зайлшгүй тодотгоно. Харин орлого талдаа орж ирэх урсгал нэмэгдвэл ашигтай байх болно. Өөрөөр хэлбэл, зэсийн экспортын хэмжээ өсвөл валютын хэмжээ өснө. Ингэснээр валютын орлого нэмэгдэнэ” гэжээ.
Харин Б.Алтанцэцэг “Валютын ханш тогтворжино гэхэд маш хэцүү. Ойрын хугацаанд юу болох вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Одоогоор хөрөнгө оруулалт хэрхэх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Нэг талаас хавар үйл ажиллагаа идэвхжих үе, нөгөө талаас мөнгөний бодлого зөөлөрч байгаа үед валютын ханш чангарч, төгрөгийн ханш сулрах болно. Ийм нөхцөлд ам.долларын ханш суларна гэдэгт найдах хэрэггүй” гэсэн байна.
Мэргэжлийн хүмүүсийн эдгээр байр сууринаас харахад Монгол төгрөг маань улам л сулрах нь тэр хэмжээгээр бидний амьдрал ч хэцүүдэх нь гэсэн эмзэглэл төрж байна. Хэдий Монголбанк өөдрөг төсөөлөлтэй байгаа ч тэдний үгэнд итгэх хүн ховор болсон цаг. Ерөнхийлөгч Н.Золжаргал нь хэрвээ ам.долларын ханш 2000-аас давбал суудлаа өгнө гэсэн гэдэг. Гэвч аль хэдийн ханш 2000-аас даваад алга болж. Эндээс харахад эдийн засгийн судлаачдынх илүү бодитой нь ойлгомжтой мэт.
П.Дорж
Эх сурвалж: Gereg.mn
URL: