Зэвсэг агссан эрлэгүүд
Хээлтэй хандгайг хөнөөж, зэрэмдэглээд хаячихсан дүрс бүхий мэдээлэл нийгмийн сүлжээгээр нэг тарав. Энэ хэргийг Улаанбаатар хотын хамгаалалттай бүс, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт үйлдсэн байна. Газар дээр нь байдлыг анх харсан эх сурвалжийн мэдээлж буйгаар “Хандгайн эврийн угийг нь ухаж хөрөөдөөд, гуяных нь махыг шулаад авчихсан, хээлийг нь гаргаад хажууд нь тавьчихсан зэргээс харахад яалт ч үгүй хүн хөнөөсөн нь тодорхой” гэж ярилаа.
Гэтэл энэ бүсийг хариуцдаг байгаль хамгаалагчид нь “чоно барьсан” хэмээн мэдүүлсэн сурагтай. Угтаа бол байгаль орчныг хамгаалах бодлого, хяналт хэрхэн сульдан суларсныг нотлох нэг баримт энэ. Үнэндээ зэрлэг амьтдыг, нэн ховордож цөөрсөн, “Улаан ном”-д бүртгэлтэй амьтны эд эрхтнийг нь авах гэж, халуун цусыг нь уух гэж хөнөөдөг хэргүүд тасрахгүй байна.
Ан сонирхогчдын ганц бүлэг гэхэд л 160 гаруй гишүүнтэй байна
Тэрчлэн гэмтнүүд баригдахгүйгээр барахгүй баригдсан ч ял шийтгэлээс мултран үлддэг жишээ олныг дурдаж болно. Энэ юутай холбоотой вэ? Шалтаг шалтгааны эхний жишээ гэхэд л Монгол Улсын хэмжээнд хэдэн төрлийн, хэчнээн буу хэдэн хүн эзэмшиж байгаа талаарх бодит бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан одоо хэр алга.
Галт зэвсгийн хяналт, хууль эрх зүйн орчны зохицуулалт дутагдсанаас олон хүн ангийн болон байлдааны зориулалттай буугаар зэвсэглэсэн эрлэгүүд болчихоод байна.
ТӨМӨР ЗҮРХТЭЙ “ЖААЛ”-УУД
…Хөх төмөр хөндлөн үүрэхээсээ өмнө олзонд нүд аньж сурсан буюу хэзээ гох мултлахаа мэддэг болсон хүнд анчин гөрөөчин нэр хайрладаг байсан юм, монголчууд. Харин одоо төмөр хүлэг, дурантай буугаар зэвсэглэсэн залуус өөрийгөө анчин хэмээн өргөмжилж, цээжээ дэлдэн хөөрцөглөх болов. Эцэж цуцтал нь машинаар хөөж, хэтрүүлбэл, буугаа бараг л толгойд нь тулгаж байгаад намнадаг хүмүүсийг анчин хэмээн нэрлэж болно гэж үү. Унагах амьтныхаа хаана нь онилохоо мэдэхгүй, гөрөөчин хүний ёс жудаг, баримталдаг дүрмийн наад захын ойлголтгүй, мөсөн зүрхтэй “жаал”-ууд сүрийг үзүүлэн давхих нь Монголд өдгөө хэрээс хэтэрсэн.
Алж л байвал сэтгэл нь ханадаг, буудаж л байвал хорхой нь дарагддаг гаж донтнуудыг үнэндээ ойлгохгүй юм. Зарим нь бүр амьтны халуун цус уух гэж аллага үйлдэж байна. Тэрчлэн сүүлийн үед цус уудаг, эрхтнийг нь залгидаг хэлбэр сонирхлыг нь татахаа больсон гэнэ. Эд эрхтнийг нь түүхийгээр нь, яг араатан мэт тасчин идвэл илүү хүчтэй үйлчилдэг хэмээн бие биендээ зөвлөдөг болсон сураг ч дуулдав. “Энэ бол ердөө л гаж дон шүү дээ. Амьтан алж таашаал авна гэдэг сэтгэцийн өвчин” хэмээн байгалиа хамгаалагч Ц.Дамдинсүрэн тодорхойлов. Анч удамтай монголчуудын өнгө зүс ийнхүү алуурчин төрхийг олсноор хүйтэн зэвсэг агссан ангуучид хэдэн мянгаар тоологдож, араасаа цусанд шунасан араатнуудыг төрүүлж эхэлсэн нь энэ.
Тэгвэл жинхэнэ анчин гэж хэнийг хэлэх вэ? Ном сударт өгүүлснээр мэргэжлийн анчин нь тухайн ан амьтныхаа талаар мэдлэг мэдээлэлтэй, экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй, байгалиа давхар хамгаалах талаар тодорхой хүлээсэн үүрэгтэй, хүнлэг хүмүүс байх учиртай. Энэ ч утгаараа монголчууд анчин гөрөөчин хүнийг байгаль хамгаалагчийн хэмжээнд ойлгон хүндэтгэдэг заншил байв. Тэд наад зах нь хэзээ, хаана, ямар амьтан агнахаа, яаж буудахаа, нас бие гүйцсэн эсэх, үржлийн буюу ороо нь орсон, ороогүй цагийг мэднэ. Ерөнхийдөө уужуу тайван сэтгэл, алсын хараа, эр хүний ур ухаан нэлээд шаарддаг онцгой мэргэжил хэмээн олон улсад хүлээн зөвшөөрдөг. Тэгээд ч хуучин цагт эр хүнийг амьдрахын тулд ан хийж болно. Харин шунаж, сэтгэлээ баясгах гэж аллага үйлдэж болохгүй хэмээн анхааруулдаг байсан юм.
- 2008 оны аравдугаар сараас 2009 оны аравдугаар сарын хооронд Улаанбаатарт 500-гаад галт зэвсэг шинээр бүртгэгдэж байв.
- Халуун цус уудаг, зүрх залгидаг үзэгдэл бол эртний бөөгийн, их ан ав хийсний, дайнд ялсан, эсвэл тулалдахаас өмнө үйлддэг заншил болохоос эмчилгээ биш хэмээн сануулж байна.
- Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар Монголын 10 хүн тутмын нэг нь анчин хэмээн тодорхойлжээ
Анчин хүнийг байгаль хамгаалагчийн түвшинд ойлгон, хүндэтгэдэг заншилтай байв
Монголчууд сонин содон хийгээд нүүдэллэж яваа, хээлтэй, эсвэл үр төлөө дагуулсан амьтан руу онилох нь бүү хэл, үргээж цочоохыг цээрлэдэг. Харин энэ ёсыг даган мөрдөж, хангай дэлхий, байгаль эхдээ хүндэтгэлтэй ханддаг жинхэнэ гөрөөчин өнөөдөр Монголд хэд байгаа бол. “Маш цөөхөн, хэдхэн арваар л тоологдоно” хэмээн өөрийгөө анчин гэж өргөмжилсөн нэг танил маань өгүүлэв.
Хустайн нуруунд хэдэн жилийн өмнө хулгайн анчид 13 буга алсан хэрэг гарсан. Анчин ч гэж дээ. Эрлэгүүдийн буудсан буган сүргийн гурав нь согоо бөгөөд хэзээ мөдгүй янзагалах байжээ. Гэтэл тэд согоог буудаад, хээлийг нь гаргаж хаячихаад, савыг нь аваад явсан аймшигтай хэрэг үйлдсэн юм. Ийм хүйтэн сэтгэлтнүүд одоо хүртэл шийтгэл амсаагүй явааг мартаж болохгүй.
АНЧДЫН БҮЛЭГ ЗАЛУУСААР БҮЛ НЭМЖ БАЙНА
Сүүлийн үед Монголын анчдын холбоо, нийгэмлэг, ан сонирхогчдын бүлэг гээд хэдэн зуун гишүүнтэй сайн дурын байгууллага цахим сүлжээгээр холбогдон олноор төрж байна. Ан сонирхогчдын нэг бүлэг гэхэд 160 гаруй гишүүнтэй байх жишээтэй, мэдээлэл нь дандаа хаалттай. Тэд голдуу хаана, хэн ямар амьтан алснаа гишүүддээ тайлагнаж, анд аль бүлэг, хэдүүлээ, ямар унаа тэрэгтэй явахаа, хэдэн төгрөгөөр нийлэх вэ гээд бүх мэдээллээ солилцдог гэнэ. Амьтан алж зугаацдаг гаж донтнууд ийнхүү залуу үеэр хүч нэмэн өргөжиж байгаа нь үнэндээ бидний хувьд аюул юм.
Түүнчлэн зарим архаг анчин өсвөр насны хүүхдээ дагуулан, амьтан хэрхэн хөөж, буудах талаар заан сургадаг болжээ. Ингэхэд энэ хичээл өсвөр насныханд хэрхэн тусах бол. Цусандаа будагдан үхсэн амьтан хараад цэрвэж эмээдэггүй нийгмийг төлөвшүүлж байгаагаа архаг “анчид” яагаад ухаарахгүй байна вэ. Монголчууд мал гаргахдаа хүртэл хүүхэд, эмэгтэйчүүдийнхээ нүдийг хааж, холдуулж хориглодог биш бил үү.
Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар Монголын 10 хүн тутмын нэг нь анчин хэмээн тодорхойлсон байх юм. Гэхдээ энэ харьцуулалт одоогоос арваад жилийн өмнө буюу 2006 онд гаргасан үзүүлэлт. Түүнчлэн байнга анд явдаг буюу өөрсдийгөө жинхэнэ анчин хэмээн үздэг хүн 245.000 байна гэжээ. Энэ тоо өнөөдөр өссөн үү гэхээс буураагүй. Бас бүгд буутай. Гэтэл цагдаагийн байгууллагын мэдээнд дурдсанаар үндэсний хэмжээнд 2010 оны үед 30000 гаруй хүн буу эзэмших эрхтэй байсан гээд бод доо.
Бас нэг судалгаанаас харахад 2008 оны аравдугаар сараас 2009 оны аравдугаар сарын хооронд Улаанбаатарт 500-гаад галт зэвсэг шинээр бүртгэгдэж байжээ. Нэг үгээр хэлбэл, нийслэлд өдөрт нэгээс илүү тооны зэвсэг иргэдийн эзэмшилд очсон гэсэн үг. Түүнчлэн нэг иргэний нэр дээр хэд гурваараа, бүр 10 буу бүртгүүлсэн тохиолдол ч байдаг гэнэ. Эндээс бид Монгол Улсад галт зэвсгийн хэрэглээ хараа хяналтаас хэдийнэ гарсныг ойлгочихож болно.
ГАЖ ДОНТНУУДЫН ХИЙРХЭЛ
Гаж донтнуудын хийрхэл үүгээр зогсохгүй. Гөрөөсний халуун цус ууж таашаал авдаг хүн араатнууд олширсоор байна. Энэ ой гутам үйлдлээ тэд эртнээс уламжилж ирсэн эмчилгээний онцгой жор хэмээн тайлбарладаг. Түүхээ сануулъя. Монголын эзэнт гүрний цэргүүд зөвхөн жанжныхаа зөвшөөрлөөр, зарим онцгой тохиолдолд маш нарийн тогтоосон тунгаар мориныхоо цусыг уудаг байжээ. Сүүлдээ голдуу сулралтай эрчүүд яргуй идсэн гөрөөсний, хулангийн, чонын цусыг жилд нэг удаа маш бага хэмжээтэй уудаг болсон байна. Харин одоо туулайн зүрхийг халуунаар нь, “амьдаар” нь залгих, цөсийг нь архинд дарж хэрэглэх, тарваганы хүн мах, чонын хэл, цаашлаад төмсгийг нь хүртэл залгидаг гээд “онцгой эмчилгээ”-нүүдийг тоочвол барагдахгүй. XXI зууны монгол эр хүний сэтгэхүй ингэтлээ доройтох ч гэж.
Тэгвэл орчин үеийн шинжлэх ухаан юу гэх бол. Үнэндээ энэ нь ямар ч уламжлалт анагаах ухаантай хамаагүй бөгөөд зөвхөн дом, мухар сүсэг, зарим хүний дотор нуугдах араатан шинж хэмээн үзэж байна. Бор гөрөөс гэхэд ой, хөндий хоёрын заагийн шимтэй хэсгийн мараагаар үхэр, хоньтой нийлж бэлчдэгээс шүлхий, бруцеллёз зэрэг янз бүрийн өвчнөөр өвчлөх, вирус тээх нь элбэг. Ийм амьтны түүхий цусыг ууснаар тээж яваа өвчнийг нь шууд авна гэсэн үг аж.
Ганц удаагийн анд зориулдаг зардлаа байгаль хамгаалах ажилд хандивлаж яагаад болохгүй гэж
Цус бол аливаа амьтны биеийн бүх эд эрхтэн рүү тэжээл зөөдөг. Үүнтэй холбоотойгоор тэрхүү тэжээллэг орчинд нян хамгийн түрүүнд үрждэг юм байна. Тэрчлэн хээрийн амьтан эрүүл гэсэн ташаа ойлголт хүмүүсийн дунд байдаг нь харамсалтай хэмээн эрдэмтэд ярилаа. Угтаа халуун цус уудаг, зүрх залгидаг үзэгдэл бол эртний бөөгийн, их ан ав хийсний, дайнд ялсан, эсвэл тулалдахаас өмнө үйлддэг заншил болохоос эмчилгээ биш хэмээн сануулж байна.
Ингэхэд манай залуус анчин, анчдын бүлгийн гишүүн хэмээн хөөрцөглөж байхаар хамгаалах, үржүүлэх талаар нэгдэн нийлж, бусдыгаа уриалж яагаад болохгүй гэж. Зэвсэг агссан эрлэг бус, цэцэг барьсан элч болж яагаад болохгүй гэж. Хэзээ мөдгүй устаж болзошгүй мазаалайд, шагайн чинээ заарнаасаа болж хядуулсаар дуусаж буй баданга хүдэрт, мал, малчин, хүн, уул уурхайн үйлдвэрлэлд газар нутгаа, хоол тэжээлээ дээрэмдүүлж, хотонд нь орохоос өөр гарцгүй үлдсэн саарал чоныг, эврээсээ, сүүлнээсээ болж алуулдаг бөхөнг, буга согоог хамгаалахад ганц удаагийн анд зориулдаг зардлаа хандив болгон цуглуулж яагаад болохгүй гэж. Хожим танд буян нь ирнэ. Гэхдээ энд нэг л зүйл үгүйлэгдэж байна. Хамгийн гол нь, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах талаар санал санаачилга гаргах байгальд хайртай монгол чанар дутагдаж байна, тэдэнд.
Ц.Цэвээнхэрлэн
URL: