Б.Сумъяа: Солонгос эзэн ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн

4sg54gdf

-Бичлэгүүдийг цааш дамжуулж ямар ч зорилгоор ашиглаж болзошгүй-

Манай улсад гадны сүлжээ дэлгүүр, ресторан, засвар үйлчилгээний газрууд хэдэн зуугаараа бий. Гэвч тэдгээр газрынхан зөвхөн ашиг олоод зогсохгүй манай улсын хууль дүрмийг уландаа гишгэж дураар аашлах тохиолдол гарах болсон. Хамгийн сүүлд л гэхэд Солонгосын  “Коrea Bell Mart” гэх сүлжээ дэлгүүрийн эзэн эмэгтэй ажилчдынхаа ариун цэврийн өрөөнд нууц камер байрлуулж бичлэг хийдэг байсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэ удаа уг хэргийн хохирогч Б.Сумъяатай холбогдож дараах зүйлийг тодруулсан юм. Тэрээр солонгос эрийн үйлдлийг ажлын байрны бэлгийн дарамт хэмээн үзэж буй ажээ.

-“Коrea Bell Mart” дэлгүүр ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ. Та тус дэлгүүрт хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?

-Хүнс, гэр ахуйн бараа худалддаг, нийслэлд гурван салбар ажиллуулдаг Бөхийн өргөөний салбар том нь. Би тэнд 2013 онд нээгдэхэд нь ажиллаж эхэлсэн. Түүнээс дөрөв, таван жилийн өмнө анхны салбар нь нээгдсэн юм билээ.

-Нууц камер байрлуулсныг хэзээ олж мэдэв?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр мэдсэн. Түүнээс өмнө арын өрөө, хувцас солих өрөөнд камертай байсан. Бид тэр камерыг зөвхөн дүрс л бичдэг байх гэж боддог байсан. Гэтэл дуу давхар бичдэг байсан юм байна. Ажилчдын юу ярьж байгааг дэлгүүрийн эзэн орчуулагчаараа дамжуулж мэддэг байсан юм билээ.

-Тэр үед дэлгүүрийн эзэн юу гэж байв?

-Бид солонгос хэл мэдэхгүй болохоор шууд өөрт нь хэлэх боломжгүй байсан. Орчуулагч, жолооч нараар нь дамжуулж анхааруулсан. Гэвч анхааруулгыг тоогоогүй.

-Дараа нь та өөрөө тэр камерыг олжээ?

-Тийм. Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд олсон. Ажилтнуудыг хардаж камер байрлуулж болно. Гэхдээ ариун цэврийн өрөөнд, бүр суултуур руу харуулж тавьсан нь өөр зорилготой.

-Тухайлбал?

-Ажлын байрны бэлгийн дарамт гэж үзэж байгаа. Тэр хүн гаж донтой. Анхааруулаад байхад дахин тавьж, бичлэг хийсээр байсан.

-Танайх хэчнээн эмэгтэй ажилтантай вэ?

-Өмнө нь 15 эмэгтэй байсан. Одоо найм, есөн хүн байгаа.

-Дэлгүүрийн эзэн ямар ааш зантай хүн бэ. Та бүхнийг ямар нэгэн байдлаар дарамталж байсан уу?

-Захирал ааш зангийн хувьд нэлээд бүдүүлэг хүн. Би Монгол Улсын иргэн, эх орондоо амьдарч, ажиллаж хууль тогтоомжийг огт тоодоггүй.

Бусад ажилтнуудад яаж хандаж байсныг мэдэхгүй. Надад захирлын зүгээс дарамт ирж байсан. Ажил дээр татаж чангаах, гар хөлнөөс барих, уулзъя гэх байдлаар. Ажил тарсны дараа залгадаг. Арга ядахдаа дугаарыг нь блоколж байсан удаатай. Даанч тэр үед тэр үйлдлийг нь баримтжуулж, цагдаа шүүхэд хандах хуулийн ойлголт байгаагүй учраас хоёр гурван жил тийм байдлаар ажилласан.

-Одоо ямар байгууллагад хандаад байна?

-Өнөөдөр /өчигдөр/ Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст өргөдлөө өгсөн. Өмнө нь Нийтийн эрхийг хамгаалах холбоонд хандаж хуульзүйн зөвлөгөө авсан.

-Камер олсноос болж дарамталсан юм уу?

-Нууц камер олсон өдрөөс хойш би ажиллахаа больсон. Тэр үед танихгүй дугаараас залгаж, янз бүрийн мессэж хүртэл ирж байсан. Бусад ажилтнуудын хувьд ажлын байраа хамгаалж намайг “Одоо больчих, уучилчих” гэх зэргээр ятгаж байгаа. Энэ бол уучлаад орхих асуудал биш. Би маш их гомдолтой байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч байж дураараа авирлаж болохгүй. Тэр магадгүй бичлэгүүдийг цааш дамжуулж ямар ч зорилгоор ашиглаж байж болзошгүй.

Б.Заяа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих