ПУТИН-МЕДВЕДЕВИЙН хослол Оросын ардчиллын толь болох нь
Бямба гарагт болсон “Нэгдмэл Орос” намын их хурал дээр В.Путин өөрийн нэрийг Ерөнхийлөгчид дэвшүүлэхийг зөвшөөрсөн нь Оросын төдийгүй гадаадын хэвлэлүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж байна. Өмнөх дугаарт барууны голлох сонинуудын дүгнэлтийг толилуулсан бол энэ удаад Оросын ИТАР-ТАСС агентлагийн улс төрийн тоймч Михаил Калмыковын бичсэн“Путин-Медведевийн хослол Оросын ардчиллын толь болох нь” гэсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
“Лүндэн буулгагчид дахиад л шившгээ хутгалаа. Тэмдэглэл хөтлөгч улс төр судлаачдийн хувьд карьераа тун нэр муутай төгсгөж байх шиг. Учир нь Ерөнхийлөгч-Төрийн Дум гэсэн хөзрийн тавилын байрлалыг тэдний хэн нь ч тааж чадаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Гэхдээ бүх зүйл бүгдэд илэрхий мэт санагдаж байсан, учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хувилбар ердөө хоёрхон байсан ч эцсийн шийдвэр ихэнх хүний хувьд гэнэтийн зүйл байлаа. Гэхдээ үүрэг ролийг хуваарилсан нь бус нэгдмэл санаатай гэдгээ маш буурь суурьтайгаар харуулж чадсан нь харин санамсаргүй тохиол болов.
Улс төрийн шинжээчид Оросын улс төр дэх жам ёсны бус гэмээр дуализмын /хослол/ үзэгдлийг даван туулах асуудал дээр дэндүү их анхаарлаа хандуулж байсан гэдэгт гол учир байгаа юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэ хослол үеэ өнгөрөөсөн, Орос оронд нэгдмэл, хатуу удирдлага хэрэгтэй, сонгууль нь засаглал, төрийн аппарат, үзэл суртал болон бие хүмүүсийн хооронд бий болсон хуваагдмал байдлыг эцэслэнэ гэх мэтээр тэд бичиж байлаа.
Путин, Медведев хоёр “өөрсдийнх нь хооронд ялгаа бий, тэр нь заримдаа илэрхий, тод илэрдэг гэдгийг хүлээн зөвшөөрч байсан нь үнэн. Энэ ялгаа нь гадаад, дотоод бодлого, эдийн засгийн хөгжил, боловсон хүчний асуудлаархи тактикийн шинжтэй зүйлүүд дээр илт мэдрэгдэж байсан. Тэр ч байтугай удирдагчдын хоорондохь бодит болоод хийсвэр ялгаануудыг няхуур бүртгэн авдаг улс төр судлалын ухааны шинэ чиглэл бий болсон гээд бод доо.
Гэхдээ, удирдагчид маань өөрсдийнх дунд ялгаа, санал зөрөлдөөн, таарч тохирохгүй зүйл байгаа гэдэгт огт аягүйцдэггүй байсан. Тэдний хэн нь ч Орос орны бодит байдал болон дэлхийн улс төрийн бодлогын “дов сондуул” дээгүүр нийцэн зохицож, зэрэгцэн алхана гэж бүр анхнаасаа л огт амлаагүй шүү дээ. Улс төр судлаачид болоод улс төрчид зүгээр л өөрөө өөрсдийгөө айлгаж байсан хэрэг. Иймэрхүү айдаст холбооны болон орон нутгийн засаг захиргааны зарим түшмэд автсан байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.
“Нэгдмэл Орос” намын их хурлын дараа манан арилах үед чухам юу болов оо?
Оросын улс төрөөс түүний тулгуур багануудын нэгийг хасах замаар байдлыг илүү тодорхой болгох гэж оролдож байсан тэр хүмүүс эндүүрчээ. Тандем буюу хослол хэвээр хадгалагдахаар боллоо.
Харин шинжээчид шатарт хэрэглэгддэг “ноён, тэрэг хоёрыг солбих” /рокировка/ гэдэг хэллэгийг тэр даруйд нь ашиглах болов. Гэхдээ энэ солбио нь зөвхөн шатрын хөлөг дээрх боднуудын байрлалыг солино гэсэн үг биш, харин өөрсдийн нийтлэг байр суурийг бэхжүүлэх үүднээс байраа сольж буй хэрэг юм.
Солбио хийснээр Путины байр суурь бэхжих үү? Мэдээжийн хэрэг. Одоо тэрбээр ерөнхийлөгчийн бүрэн эрхийг эдлэх болно. Түүний туршлага, нэр хүнд нь энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь дөхөм болно гэдэгт Медведев итгэлтэй байгаа.
Харин Медведевийн байр суурь бэхжих үү? Үүнд эргэлзэх огт хэрэггүй. Тэрбээр намаа удирдан сонгуульд ялсныхаа дараа намын аппаратын төдийгүй цаашдаа дорвитой шинэчлэгдсэн засгийн газрын дэмжлэгийг хүлээх болно. Медведев одоо залуу, эрч хүчтэй, үр дүнтэй ажиллаж чадах удирдлагын багийг бүрдүүлж чадна гэдгийг Путин тэмдэглэн хэлсэн билээ. Тэгэхээр Медведев Ерөнхийлөгчийн албан тушаалыг амжилттай хашжээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг.
Путин, Медведев дөрвөн жилийн өмнөх тохиролцооноосоо өчүүхэн төдий ч ухраагүй, Орос улс болоод оросын сонгогчдыг буруутгах шалтгийг хэнд ч олгосонгүй. Өөрсдөөсөө, бие биенээсээ урвасангүй, бие биенийхээ итгэл найдварыг алдсангүй.
Энэ хоёр хүн улс орны удирдлагын залуур дээр улс төрчдийн бүхэл бүтэн хоёр үеийг байлгаж чадсан. Путин, Медведев хоёр насны хувьд төдийлөн их зөрөөтэй биш боловч өөр өөр цаг үе, өөр өөр нөхцөл байдлын дунд төлөвшсөн билээ. Өнөөдөр 50 настнууд болон 30 настай орос хүмүүсийн хувьд “Манай үеийн баатрууд” хэрэгтэй болжээ. Гэхдээ ялагч баатрууд. Өнөөдөр бид хэн бэ, маргааш хэрхэн амьдрах вэ гэсэн асуултад хариулт хайсан Оросын иргэд телевизийн дэлгэцнээ энэ хоёр хүний зүг өөрийн эрхгүй ширтэн харцгааж байна.
Өнгөрсөн он жилүүдэд Путин өөрийгөө хариуцлага хүлээх чадвартай, эрч хүчтэй удирдагч гэдгээ, харин Медведев тухайн үүссэн нөхцөл байдалд тохирсон оновчтой шийдвэр гаргаж чадах орчин үеийн улс төрч, нийгэм дэхь эмзэг асуудлыг шууд хөндөж чаддаг хүн гэдгээ харуулж чадсан. Түүнээс гадна, шийдмэг алхам хийж чаддаг хүн гэдгээ Гүржтэй хийсэн мөргөлдөөний үеэр тэрбээр харуулсан билээ.
Б.Адъяахүү /МОНЦАМЭ/
URL: