“Т.Батаарын музей” байна уу?
Саяхандаа, байр савнаас өгсүүлээд байгуулах гэж баахан юм болж байж үүдээ нээсэн Үлэг гүрвэлийн төв музей маань сүүлийн үед байгаа эсэх нь мэдэгдэхгүй болжээ. Сураг сонсох нь ээ, музейн анхны захирал “Ажлаас үндэслэлгүй халсан” гэх заргатай шүүхээр явж байгаа, шинэ захирал багагүй хугацааны дараа ажил хүлээж авсан ч ямар нэгэн үзэсгэлэн гаргасангүй. “Өдрийн сувалжлага” энэ асуудлыг онцоллоо. “Тэнгис” кино театрын наад тал дахь хуучин “Лениний музей” байгаад МАН-ын байр болж, сүүлд ТӨХ мэдэлдээ авч “Үлэг гүрвэлийн музей”-д өмчлүүлсэн саарал байшинг зорьж очвол “Т.Батаарын музей” гэх хаяг нь хэвээр, харин үүдэн дээрээ “Дотоод ажилтай” гэсэн зарлал өлгөчихөж. Хүн орж гарч харагдахгүй юм. Жижүүрээс “Танайх ажиллаж байгаа юу” гэвэл “Хаалттай. Ажиллахгүй байгаа” гэв. Захирал руу нь утас цохиход гадуур ажилтай яваа гэсэн тул цаг болзов. Музейн хонгил үүднээс эхлээд нэг давхрын заал анх нээхэд ямар байсан хэвээр байгааг үзэхэд ямартай ч музей байх нь байна гэсэн бодол төрөв. Харин нэмэгдсэн зүйл алга. Хоёр, гуравдугаар давхарын том заалнууд хоосон, засварын ажил эхлээд орхижээ. Товлосон цагтаа очиход Ч.Дариймаа захирал “Манайх өнгөрсөн арванхоёрдугаар сард халаалтаа холбуулж авсан. Ирэх сарын 16-нд шинэ үзэсгэлэн гаргахаар бэлтгэж байгаа” гэсээр угтав. Тэрээр өмнө нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт соёлын салбар хариуцсан байцаагчаар ажиллаж байсан. 2014 оны аравдугаар сард музейн захирлаар томилогджээ.
“Т.Батаарын музей” сүүлийн үед яагаад чимээгүй болсныг сонирхоход тэрээр “Музей үйл ажиллагааныхаа 2016 оны төлөвлөгөөг өнгөрсөн сард батлуулсан. Хамгийн эхний ажил нь ирэх сарын 16-нд дэлгэх “Үлэг гүрвэлийн 3 D үзэсгэлэн” юм. Үлэг гүрвэлийн зургууд амилж, дуу авиа гаргах, хөдөлгөөн, орчныг мэдрүүлэх үзэсгэлэн техник, технологийн дэвшлийг өргөн ашиглахаараа онцлог. Энэ ажилд БСШУЯ, “Аргун трейд” компани хамтран ажиллаж байна. Дараагийнх нь дөрөвдүгээр сард музейн гол танхимд нээлтээ хийх “Батаарын үзэсгэлэн” ажээ. Үүнд хүн болгоны мэддэг болсон Америкаас ирсэн “Батаарын нөхөд, дээр нь ШУА-ийн Палентологи, геологийн хүрээлэнд судалгаа хийж дуусаад хадгалж буй болон музейн ажилтнуудын сэргээн зассан дурсгалууд, удахгүй АНУ, Белги улсаас авчрах Монголоос алдагдсан олдворуудыг тавихаар төлөвлөсөн” гэв.Музейн анхны захирал Н.Жавзмаагийн талаар сураглахад “Ажлаас үндэслэлгүй халсан” гэсэн гомдол гарган шүүхээр асуудлаа шийдүүлэхээр их удаан явж байна. Шүүхээр асуудлыг эцэслээгүй, салбарын яам ямар нэгэн шийдвэр гаргаагүй учраас би өнөөдрийг хүртэл ажлаа хийгээд явж байна” гэв.
Шүүхийн цахим сангаас хайлт хийж үзвэл, Монгол Улсын хэмжээнд өнөөдөр ийм гомдол гаргасан 33 төрийн албан хаагчийн нэхэмжлэл шүүхийн шатанд байгаа бөгөөд тэдний нэг нь Н.Жавзмаа ажээ. 2014 оны 11 сарын 1-нээс эхлэн түүний нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны гэхчлэн нийт зургаан удаагийн шүүх хурал болж, хамгийн сүүлд Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаас “ССАЖ-ын сайдын 2014 оны арванхоёрдугаар дугаар сарын 23-ны өдрийн Б-20 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Н.Жавзмааг 2014 оны аравдугаар сарын 23 ны өдрөөс өмнө ажиллаж байсан албан тушаалд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгохыг БСШУ-ны сайдад даалгасугай” гэж шийдвэрлэжээ. “Shuukh.mn” цахим мэдээллийн сан дахь хамгийн сүүлийн мэдээгээр энэ сарын 22-нд болсон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 12 дахь шүүх хурлаас Н.Жавзмаагийн нэхэмжлэлтэй Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэлэлцсэн нь бүртгэгджээ. Н.Жавзмаатай утсаар холбогдож цөөн асуултад хариу авав.
-Та “Ажлаас үндэслэлгүй халсан” гэсэн гомдол гаргаж шүүхээр удтал явсан гэсэн. Саяхан Дээд шүүх дээр хяналтын шүүх хурал болжээ. Ямар шийдвэр гарсан бэ?
- Юуны өмнө шударга шүүхэд баярлалаа гэж хэлье. Өмнө нь “Үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг үгийг утгыг төдий л анзааралгүй явж, өөр дээр ирэхээр ухаардаг юм байна. Жил гаруй хугацаанд шүүхээр явсны дүнд эцсийн шийдвэр гарлаа. Тогтоолоо гар дээрээ хараахан аваагүй байна. Дээд шүүхээс намайг ажлаас үндэслэлгүй халсныг нотлох баримтуудаар тогтоож, 2014 оны аравдугаар сарын 23-наас өмнө ажиллаж байсан албан тушаалд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олго гэсэн Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэлэлцээд зөв гэж үзэж баталгаажуулсан..
-Хэрэв ажлаа хийж байсан бол юу хийж амжуулах байв?
- Төр мэргэжилтэй боловсон хүчнүүдээ шахаж байгаа нь харамсалтай. Би Монгол Улсын музейн салбарт 20 гаруй жил ажилласан. Үлэг гүрвэлийн музейн захирлаар ажиллахдаа 200 гаруй хуудастай Үлэг гүрвэлийн музейн концепцийг хийсэн. Ажлаасаа үндэслэлгүй халагдаж, шүүхээр яваагүй бол өнөөдөр Үлэг гүрвэлийн музейнхээ гол танхимыг босгож, бусад үзмэрээ дэглэчих байлаа. Гэхдээ шүүхийн шийдвэрийн дагуу удахгүй ажилдаа орно байх. Хийхээр төлөвлөсөн зүйлүүд бий.
Монгол орон үлэг гүрвэлийн өлгий нутаг. Гэвч саяхныг хүртэл төрөлжсөн музейгүй байв. “Үндэсний түүхийн музей” дэх динозаврын ганц араг яснаас өөр үзүүлэх зүйл ч байсангүй. Тэгвэл 2012 оны зургадугаар сард Монголоос алдагдсан тарбозаврын араг яс АНУ-д дуудлага худалдаанд орох гэж байгаа нь шуугиан тарьж, хулгайлагдсан археологийн олдворуудаа олж ирэн улмаар “Т.Батаарын музей” байгуулсан билээ. Одоогийн байдлаар отгон нь болоод буй тус музейгээр ийм сонинтой байна. Музейн байр, өмчлөлтэй холбоотой асуудлыг эрэн сурвалжилж, эргэж мэдээлэх болно.
Ц.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: