”Монголын төрийн өндөрлөгүүд зөрчилтэй байна”

Оюутолгойн гэрээ болон Тавантолгойн төслийн асуудлаар Монголын төр засгийн төвшинд гаргасан шинэ санаачилгуудыг гадаадын хэвлэлд янз бүрээр тайлбарлан бичсээр байна. Оросын бизнесийн хүрээний нэр хүндтэй “Коммерсант” мэдээллийн агентлаг доорхи мэдээллийг өчигдөр нийтэлжээ.

Гадаадын хөрөнгө оруулагч нар, түүн дотроо Оросын хөрөнгө оруулагчдын оролцож байгаа байгалийн баялаг бүхий орд газруудынхаа төслийг Монголын эрх баригчид эргэн харж эхэлсэн байна. Монголын төр засаг дэлхийн алт зэсийн томоохон ордуудын нэг болох Оюутолгойн гэрээний нөхцөлийг өөрчлөх бодолтой байгаагаа зарлахын сацуу Оросын РЖД компанийн тэргүүлэл бүхий олон улсын консорциум оролцож байгаа Тавантолгойн нүүрсний орд газрын олборлолтын төсөлдөө зарласан олон улсын тендерийн шалгаруулалтаа ч мөн эргэн харна гэж мэдэгдэж байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдэгдэж байгаагаар бол ийнхүү гадаадын хөрөнгө оруулагчид руу дайралт хийх болсон шалтгаан нь 2012 оны зургадугаар сард болох парламентийн сонгуулийн өм­нө засаглалын төлөөх тэмцэл дүрэлзэж байгаатай холбоотой хэмээн тайлбарлаж байна.

Оюутолгойн асуудлыг той­рон Монголын Засгийн га­зар болон гадаадын хөрөнгө оруулагчдын хооронд үүссэн зөрчил өнгөрөгч ням гарагаас эхлэн олон нийтэд ил болов. Энэ тухай Австрали болон Их Британийн “Рио Тинто” холдингийн Монголыг хариуц­сан захирал Кэмерон МакРей олонд дуулгасан байна. Тэрээр, “Хөрөнгө оруулагчдын хувьд ажиллаж байгаа улс орныхоо нөхцөл байдлыг урьдчилан таамагладаг, тогтвортой байдлыг нь мэдэрч байх гэдэг хамгийн чухал зүйл болж байдаг” гэж тэр мэдэгдээд “Нэгэнт хийгдсэн гэрээнд хүчээр засвар оруулах хэмжээний тогтворгүй нөхцөл байдал нь тодорхойгүй орчинд байна гэх мэдрэмжийг төрүүлж байгаа юм” гэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Мон­го­лын Эрдэс баялаг эр­чим хүчний сайд Д.Зоригт Оюутол­гойн гэрээний нөхцөлийг эргэн харна гэдгийг мэдэгдсэнээр “Рио Тинто” компани тодорхой бус байдлыг мэдэрч эхэлжээ. Дээрх гэрээг 2009 онд Монголын Засгийн газар болон “Рио Тинто” консорциум, Оюутолгойн лицен­зийг эзэмшигч Канадын “Айвенхоу Майнз” компанийн хооронд байгуулсан юм.  Энэхүү гэрээгээр “Айвенхоу Майнз” Оюутолгойн төслийн 66 хувийг, харин Монголын Засгийн газар 34 хувийг эзэмшихээр тохирсон байна. Гэвч одоо Монголын тал 50 хувийг авахаар хүсч байгаа гэж сайд Д.Зоригт хэлж байгаа. Монголын парламентийн 20 гишүүн ийм шаардлагыг илэрхийлж  есдүгээр сарын 7-нд Ерөнхий сайд С.Батболдод шаардлага хүргүүлжээ. Харин одоогийн мөрдөж байгаа гэрээгээр бол Монголын талын эзэмших хувь гучин жилийн дараа л 50 хувьд хүрэхээр байгаа аж. 2009 онд үзэглэсэн энэ гэрээ нь зургаан жил сунжирсан урт удаан хугацааны хэлэлцээрийн үр дүн болон гарч байжээ.

“Рио Тинто” компанийн гаргасан тооцоогоор бол Оюутолгой нь дэлхийн хамгийн том таван ордын нэг бөгөөд эхний арван жилдээ жил бүр 450 мянган тонн зэс, 330 мянган унц алтыг гаргах юм байна. Мөн Bloomberg-ийн гаргасан тооцоогоор энэ бүтээгдэхүүнийг борлуулахад жилдээ дөрвөн тэрбум  ам.долларын ашиг олох тооцоо ч байгаа аж. 2020 он гэхэд Оюутолгойгоос олох ашиг нь Монголын ДНБ-ий 20 хувьтай тэнцэнэ гэсэн тооцоо бас гарч байгаа юм. “Рио Тинто”-гоос мэдээлж байгаагаар бол Монголын талын шинэ шаардлага нь 2013 онд ордыг ашиглахаар төлөвлөж байсан хугацааг нь сунгахад хүргэж мэдэх гэнэ.

Нөгөө талаар Монголын Засгийн газар болон “Рио Тинто”-гийн хоорондох мар­гаан үүнтэй яг ижил өөр нэгэн асуудалтай давхацсан нь ашиглагдаж эхлээгүй байгаа Тавантолгойн орд газрын ол­бор­­­­логчийг шалгаруулах тен­­дерийн нийтэд зарлагдсан эц­сийн дүнг өөрчлөх асуудал байлаа. Өнгөрөгч долдугаар сард Монголын Засгийн газраас Тавантолгойн баруун хэсэгт нэгэн зэрэг АНУ-ын “Peabody”, Хятадын “Shenhua” болон Японы “Mitsui” компаниудын хамтарсан нэгдэл, мөн “РЖД”-гээр толгойлуулсан олон улсын консорциум гэсэн гурван ч оролцогч олборлолт явуулах тухай  мэдэгдэж байжээ. Гэвч саяхнаас Монголын удирдлага энэ тендерийн үр дүнг эргэн харах болсон тухай мэдээлэл гарсан байна.

Монголын байгалийн баял­гийн төлөө өрсөлдөгчид Улаанбаатараас гарч байгаа шийдвэрүүд яагаад ийм эц­сийн шийдгүй байдгийн уч­рыг олох гэж цөхөрч байгаа бололтой. ОХУ-ын засгийн газарт байгаа мэдээллийн эх сурвалжаас мэдээлэхдээ, “Тэд (монголчууд) бүгдийг хуурах гэж оролдсон ч эцсийн дүндээ өөрсдийгөө ч дөнгөж орхисноо ойлгосон” гээд “Сүүлийн үед монголчууд бидэн рүү хандаж Тавантолгойн тендерийн шинэ шалгаруулалтын дүнг удахгүй танилцуулна гэж мэдээлж байгаа бөгөөд тэр нь Оросын хувьд илүү таатай байх болно гэсэн ойлголт төрүүлэхийг чар­майж байгаа” гэсэн юм.

Дээрх эх сурвалжид Монго­лын Засгийн газарт байдаг түнш нь хэлэхдээ асуудал удааширч байгаагийн гол шалтгаан нь Монголын дотоод улстөрийн хямралтай нөхцөл байдлаас үүдэлтэй гэж тайлбарласан байна. Энэхүү Монголын Зас­гийн газар дахь эх сурвалж  “Иймэрхүү төслийн асуудлаар шийдвэр гаргахдаа эхлээд Засгийн газар баталж, дараа нь Ерөнхийлөгчийн тэргүүлсэн ҮАБЗ, эцэст нь Монголын пар­ламент баталдаг. Харин одоо дээрхи гурван тал хоорондоо ярьж хэлэлцсээр байгаа хэрнээ яагаад ч тохиролцож чадахгүй байна” хэмээжээ.

Энэхүү Монголын дээд төвшний хүрээнийнхний зөрчил 2012 онд болох парламентийн айсуй сонгуультай холбогдон тайлбарлагдахаар байгаа аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь Ардчилсан намыг толгойлж байгаа бол түүний гол өрсөлдөгч Ерөнхий сайд С.Батболд нь Монголын парламентийг хянаж байгаа МАН-ыг тэргүүлж бай­гаа юм. Одоо энэ хоёр улстөрийн хүчин эрдэс баялгийн их бялуунаас хувь хүртээх тал дээр сонгогчдын эрх ашгийг хамгаалагч болж харагдахын төлөө аль аль нь хүч сорьж эхэлсэн байна. Ийм нөхцөл байдлаар бол сонгууль дуустал Тавантолгой зэрэг томоохон төслийн хувь заяаг шийдчихээр бодитой шийдвэрийг хүлээгээд нэмэргүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн яаман дахь эх сурвалж хэлж байгаа юм.

М.Наст

URL:

Сэтгэгдэл бичих