ИЖИЛ АЖИЛ ХӨДӨЛМӨРТ АДИЛХАН ЦАЛИН ХӨЛС ОЛГОНО
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатартай уулзаж ярилцлаа. -Та бүхэн сая Таван толгой, Оюу толгойтой танилцаад ирсэн гэсэн. Ямар үр дүнтэй явав? -Монголын хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэгт МҮЭХ-ны төлөөлөл оролцож ажиллах боломж гарлаа. Хүний эрхийг зөрчсөн үйлдлүүдийн талаарх томоохон мэдэгдлийг бид хамтарч гаргах болно. Одоогоор Ж.Бямбадорж дарга нар улсын хилээр явж байгаа. Бид дундаас нь уул уурхай, нүүрсний замаа үзчихээд ирлээ. Бид хамтарсан мэдэгдлээ гаргах болно. Харин үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хувьд юуг үзэж харснаа МҮЭХ-ны Ерөнхийлөгчийнхөө хувьд би та бүхэндээ мэдээлэх боломжтой. Бид Таван толгойн уурхайг очиж үзлээ. Хүний эрхийн асуудлаар, гадаад ажилчдын асуудлаар харж байхад энд Монгол төр гэж байна уу гэж бодогдохоор байлаа. Таван толгойн асуудлыг нийт ард түмнээрээ хэлэлцэхгүй бол, хаалттай хаалганы цаана хэлхэн улстөрчид хэлэлцдэг байдлаар явах аваас Оюу толгойн аймшигтай гэрээ хэлэлцээр дахин давтагдана шүү.
Оюу толгойн гэрээ муу болсон. Үүний буруутан нь манай тал. Манай улстөрчид ямар ч мэдлэггүй, туршлагагүй байж ийм тэнэг зориг гаргасанд би одоо ч гайхаж байна. Энэ алдааг давтахгүйн тулд Таван толгойн гэрээг ард түмнийхээ анхааралд оруулж хэлэлцүүлэхээс өмнө хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг гаргах хэрэгтэй гэж би хэлээд байгаа.
Мөн Оюу толгой дээр очлоо. Оюу толгойн төслийг хамгийн ихээр шүүмжилдэг хүн нь би. Өлсгөлөн зарлаад ч шүүмжилж байлаа, ирээдүйд ч шүүмжлэх болно. Энд манай улстөрчид л хамгийн том алдаа хийсэн. Бид сая удирдлагуудтай нь 4 зүйл дээр тохирч яриа хэлцэл хийгээд ирлээ. Нэгдүгээрт, «2012 оны 8 дугаар сараас ажиллагчдын 90 хувь нь монгол хүн байна» гэсэн талаар сайтар хэлэлцэж тогтоё. Хэдэн хүн ямар цалинтай ямар хугацаагаар ажиллах юм бэ? Энэ талаар одоо л тогтоё. Хоёрдугаарт, нэгэнт тогтсон дээрх хүмүүсээ одооноос эхлэн бэлтгэж, сургалтын томоохон хөтөлбөр гаргая. Гуравдугаарт, тэнд хөдөлмөрийн харилцаа, хууль тогтоомж хэрэгжихгүй байгаа хэдэн зүйл байгаа юм. Юуны өмнө туслан гүйцэтгэх компаниуд дээр зарим нь гадаадын болон Монголын ажилчдыг оруулж ирээд монгол залуусыг маань дээрэлхэн зовоож байна. Энэ талаар нэлээд яриад «Таны гэрээ хийсэн компани дээр хүний эрхийг ийнхүү зөрчиж байвал та дам утгаараа хүний эрхийг зөрчиж байна гэсэн үг. Иймээс та хариуцлага хүлээнэ шүү» гэсэн. Тэд зөвшөөрсөн. Иймээс эрх ашиг тань зөрчигдөж байгаа бол та шууд Оюу толгойн толгой компанид хандах цаг ирсэн шүү.
Дөрөвдүгээрт, Женевийн Олон улсын 100 дугаар конвенц энд хэрэгжихгүй байна. Энэ нь «ижил хөдөлмөрт ижил хөлс» гэсэн зарчим юм. Монгол болон гадаад ажилчдын цалин эрс ялгарч байгаа. Үүнийг нэг түвшинд хүргэх болно. Энэ талаар ярилцаж тохиролцлоо. Хэрвээ та ижилхэн ажил хийгээд гадаад ажилчдаас бага цалин авч байгаа бол Оюу толгойд байгаа Үйлдвэрчний эвлэлийн хороонд хандаарай.
С.Энх-Амар
URL: