Б.Анар: Монголын уран бүтээлчид соргог, аливааг хурдан хүлээж авдгаараа бусдаас ялгардаг
Н.Римский-Корсаковын нэрэмжит Санкт- Петербургийн хөгжмийн консерваторийн оюутан Б.Анартай ярилцлаа. Тэрбээр “Италиа сонгодог уянгын үдэш” тоглолтыг УДБЭТ-т ирэх сарын 3-нд зохион байгуулах юм.
-Ярилцлагаа “Гранат” продакшны зохион байгуулж буй “Италиа сонгодог уянгын үдэш” тоглолтын талаар эхэлье. Энэ тоглолтыг зохион байгуулах санаа хэзээ төрсөн бэ?
-Манай продакшн төгөлдөр хуурч Вадим Холоденкогийн тоглолтыг өнгөрсөн оны есдүгээр сард зохион байгуулсан юм. Тэр тоглолтыг Итали улсад консулаар олон жил ажилласан Ч.Батжаргал гуай үзсэн юм билээ. Тэгээд надтай уулзаад “Их сайхан тоглолт боллоо. Монгол Улс Италид Элчин сайдын яамаа 2016 онд нээнэ. Энэ үйл явдалтай холбогдуулан сайхан сонгодог үдэш зохион байгуулах уу” гэсэн юм. Ч.Батжаргал гуайн санааг ажил хэрэг болгоно гэсэн бодолтой байлаа. Би Вадим Холоденкогийн тоглолтын дараа Санкт-Петербург руу буцсан. Санкт-Петербургийн И.Репиний нэрэмжит уран зургийн академийн багш, зураач Б.Отгонтүвдэн намайг “Италийн оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж, “Загалмайлсан эцэг” уран сайхны киноны хөгжмөөс бүрдсэн тоглолт хийнэ. Надад урилга нь байна. Чи үз” гэсэн юм. Дэлгэц дээр киноны үйл явдал нь гарч, Нина Ротагийн хөгжмийг Италийн оркестр тоглоод сайхан тоглолт болсон. Тэгэхэд би “Загалмайлсан эцэг” киноны хөгжмийг зүрхээрээ сонссон. Орой нь болсон хүлээн авалт дээр би тоглолтыг зохион байгуулсан Оросын “NCA” продакшныхантай Б.Отгонтүвдэнгээр дамжуулан танилцсан юм. Уг продакшнаар дамжуулан Италийн киноны хөгжмийн зохиолчдын бүтээлийн эрхийг гурван жилийн хугацаатай худалдан авч эзэмшиж байна. Италийн оркестрыг урьж болох байсан ч санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан учраас Монголынхоо оркестртой хамтран тоглохоор болсон.
-Тоглолтын бэлтгэл ажил хэзээнээс эхлэв. Тоглолтод оролцох уран бүтээлчдээс танилцуулна уу?
-Бид Италийн хөгжмийн зохиолчдын ноотыг албан ёсны эрхтэй авч, УДБЭТ-ын Ч.Мөнхзул захиралтай гэрээ хийснээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бэлтгэл ажилдаа орсон. Одоо хөгжимчидтэйгөө бэлтгэлээ хийж байна. Тоглолтод УДБЭТ болон Улсын филармонийн симфони оркестр, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Э.Амартүвшин, соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Гомбо-Очир, Б.Энхнаран нар оролцоно. Италид сурч, ажиллаж байсан уран бүтээлчид, мөн Италийн серенада аяыг тоглох учраас гитарчин Өөжгий /Д.Өлзий- Орших/ оролцох болно. Тоглолтын дуурь, симфони хэсгийг манай театрт ажиллаж буй Италийн удирдаач Роберто Салвалаио, киноны хөгжмийн хэсгийг би дохино.
-Тэгэхээр тоглолт хэд хэдэн хэсгээс бүрдэх нь ээ?
-Тоглолт хоёр хэсгээс бүрдэнэ. Тоглолтод XIX зууны сүүл үед уран бүтээлээ туурвиж байсан Ж.Пуччини, П.Масканини, А.Франчетти зэрэг мастеруудын бүтээлүүд багтсан. XIX зуун бол Италийн дуурийн оргил үе. Харин XX зуун бол киноны хөгжмийн эрин үе байсан. Дуурийн урлагийн нэг чиглэл нь киноны хөгжим байв. Нэг үгээр хэлбэл, дуурь кино урлагт дуу хэлбэрээр анх нэвтэрсэн бол удалгүй хөгжмөөр илэрхийлэх болж киноны симфони хэмээх бие даасан төрөл үүсэх хүртэлх задаргааг энэ тоглолтоос мэдэж болно.
-Италичууд их романтик, драматик хүмүүс. Тэгэхээр Италийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүд тийм уянгалаг байдаг уу?
-Италийн кино анх драматик чиглэлээр хөгжиж байсан бол уран бүтээлчид нь АНУ-д хөл тавьж хэрхэн фантастикаар задарч буйг тэдний бүтээлийг сонсоод мэдэрч болно. Тухайлбал, Италийн хөгжмийн зохиолч Сальватори Кардилли, “Пиксар” студийн хүүхэлдэйн киноны хөгжмийг бичдэг Майкл Жукинни нарыг нэрлэж болно.
-Зураач Б.Отгонтүвдэн та хоёр найзууд. Энэ удаагийн таны зохион байгуулж буй тоглолтод тэр оролцох уу?
-Бид хоёр нэг байрны, багын найзууд. Цэцэрлэг, бага ангидаа хамт суралцаж байлаа. Дунд сургуулиасаа би Хөгжим, бүжгийн коллежид, Отгоо зургийн чиглэлээрээ суралцахаар болсон юм. Дараа нь Соёл урлагийн их сургуульд хамт сурч байлаа. Харин одоо Санкт-Петербургт дахиад л хамт байна. Бид хоёр нэгнээсээ их зүйл сурдаг. Тухайлбал, би Отгоогоор дамжуулан уран зураг, дүрслэх урлагийн тухай илүү ихийг мэддэг бол найз минь надаас хөгжим, сонгодог урлагийн талаарх мэдлэгээ ахиулдаг. Италийн урлагийг тодорхойлдог дуурь, архитектур, уран зураг, загвар гэсэн үндсэн дөрвөн төрөл байдаг. Иймээс Италийн сонгодог үдшийг зохион байгуулж буйн хувьд уран зургийн төрлийг багтаахыг хүссэн. Тоглолтын үеэр Б.Отгонтүвдэнгийн гурван зургийг үзэсгэлэн хэлбэрээр тавина. Эдгээр зургийг Венецийн орчим зурснаараа онцгой юм. Венецийн дэргэдэх Равиана хэмээх хотод Оросын тэрбумтны хөрөнгөөр барьсан сүмийн дотоод чимэглэлийг Отгоо таван жилийн хугацаатай зурж байгаа. Тэрбээр энэ үеэр Равианагийн байгаль, Венецийн тухай олон зураг зурсан нь Санкт- Петербургт эрэлттэй байдаг. Найз минь манай тоглолтод зориулж Италид зурсан, өөртөө хадгалдаг гурван зургаа монголчууддаа үзүүлэхээр болсонд би их баяртай байна. Отгоо “Эдгээр зургаас нэгийг нь тоглолтын үеэр дуудлага худалдаагаар худалдаж болно шүү” гэсэн. Италид сүмийн дотоод чимэглэлийн зургуудыг монгол хүн зурж байна гэдэг бахархмаар зүйл шүү.
-Тэгэхээр их олон үйл явдалтай тоглолт болох нь ээ?
-Тийм ээ. Итали хоол дэлхийд алдартай учраас бид итали зоогийн газартай хамтран ажиллаж байгаа. “Монголын үнэн” сонины уншигчдад нэг нууц задлахад энэ үдэш ирсэн азтай үзэгчид Эннио Морриконегийн Москва хотод тоглох тоглолтын VIP урилгыг гардуулна. Эннио Морриконе насан өндөр болсон учраас тоглолтыг нь үзэх боломж тэр бүр тохиохгүй шүү дээ.
-Танай продакшн цаашид ямар уран бүтээлчдийн тоглолтыг Монголд зохион байгуулах төлөвлөгөөтэй байна вэ?
-Бид хөгжмийн сайхныг монголчууддаа таниулж, соёл урлагийн гадаад харилцааг хөгжүүлэх зорилгоор “Гранат” продакшнаа байгуулсан юм. Гадаад харилцааг зөвхөн улс төр, бизнесийн хүрээгээр хязгаарлан ойлгож болохгүй. Алдартай уран бүтээлчдийн тоглолтыг эх орондоо зохион байгуулснаар монголчууд хөгжмийн гайхалтай мэдрэмж авах болно. Ингэхдээ уран сайхны ойлголтыг системтэй түгээхийг хичээж байна. Бид зөвхөн гаднын уран бүтээлчдийг урилгүйгээр Монголын уран бүтээлчдээ гадаадад тоглуулж, эх орноо сурталчлах зорилготой байна. Энэ ажлаа ОХУ-аас эхлэх бодолтой байгаа. ОХУ-ын филармонитой хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Ингэснээр хойд хөршийн филармонийн тайзнаа манай оркестр тоглох боломж бүрдсэн. Гэрээ хийсэн тоглолт гэвэл Италийн Паганинийн уралдааны тэргүүн, П.Чайковскийн уралдааны дэд байрын шагналт, Москвагийн филармонийн гоцлол хийлч Павел Милюковын тоглолтыг ирэх есдүгээр сарын 9-нд Улаанбаатарт зохион байгуулахаар болсон. Виктор Цойгоор монголчууд сайн мэдэх “Кино” хамтлагтай “NCA” продакшн “Киноны симфониуд” төсөл дээр хамтран ажилладаг юм билээ. Бид энэ продакшнаар дамжуулан “Кино” хамтлагийн гитарчин Юрий Каспаряны тоглолтыг зохион байгуулах гэрээ хийсэн.
-Гаднын уран бүтээлчид Монголд тоглолт хийж буй нь сайшаалтай. Гэхдээ манай симфони оркестр, театрууд гадаад тоглолтоо хийх боломж хэр байдаг юм бол?
-Энэ бол улсын бодлогын нэг хэсэг, соёл урлагийн салбарын төлөвлөгөөт ажил. Харамсалтай нь, ийм бодлого манайд байхгүй учраас Монголын уран бүтээлчид сонгодог урлагийн төвшнөө гаднын сонсогчдод тэр бүр таниулж чадахгүй байна. Яагаад иймбодлого байдаггүйг би мэдэхгүй юм. Ардын жүжигчин, удирдаач Ц.Намсрайжав гуай, Ж.Чулуун гуай нарыг байх үед улсын бодлогоор Москвагийн Их театр зэрэг томоохон тайзнаа бүрэлдэхүүнээр тоглож байсан нь тэр үеийн гаднынханд Монголын урлагийг таниулж, одоо ч ярих хэмжээний дурсамж үлдээсэн байдаг. Ингэж гадаадад тоглох нь уран бүтээлчдийг мэрийлттэй болгох, ур чадварыг нь дээшлүүлэх зэрэг олон сайн талтай байдаг.
-Хөгжим, бүжгийн коллежийг ямар мэргэжлээр төгссөн юм бэ?
-Би Хөгжим, бүжгийн коллежийг Ардын жүжигчин Тувааны Цолмон багшийн удирдлага дор төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Улсын филармонид хөгжмийн найруулагчаар ажиллаж байлаа. Би төгөлдөр хуурчийн мэргэжилтэй ч сонгодог урлагтаа баригддаггүй. Миний хувьд хөгжмийн муу урсгал гэж байхгүй. Хөгжим бүхэн тансаг. Нийтийн дуу, ардын хөгжим, бусад үндэстний хөгжмийн зэмсгүүд, хип хоп, рок поп гээд хөгжмийн урсгал бүрийг сонсдог.
-Н.Римский-Корсаковын нэрэмжит хөгжмийн консерватори бол дэлхийд алдартай хөгжмийн зохиолчдыг бэлтгэсэн сургууль. Энд суралцах боломж хэрхэн тохиов?
-Манай консерватори бол Оросын хөгжмийн анхны сургууль. Олон зууны түүхтэй сургуулийн маань ширээ, сандал, шатны бариул хүртэл надад үнэ хүндтэй санагддаг. Энэ алдартай сургуульд сурах боломж 2012 онд шалгалт өгснөөр олдсон. Монголдоо шалгалт өгч тэнцээд Орост очиж дахин шалгалт өгсөн. Ингэхдээ жилд хоёрхон гадаад оюутан авдаг хуваарь дээр тэнцсэн юм. “Хунт нуур” балетыг бичсэн П.Чайковский, “Ромео Жульетта” балетыг бичсэн С.Прокофьев, Д.Шастокович, С.Рахманинов зэрэг агуу хөгжмийн зохиолч манай сургуульд суралцаж, багшилсан байдаг. Миний хичээл ордог өрөөнд “Сергей Прокофьев энд багшилж байв” гэсэн самбар байдаг. “Ромео Жульета” балетыг үзэж, хөгжмийг нь тоглож байсан надад тэр агуу хүний багшилж байсан өрөөнд нь хичээллэнэ гэдэг том хувь заяа. Манай консерваторийн үүдээр ороход хөгжим “үнэртдэг” юм. Дэгсдүүлсэн биш шүү. Агуу хөгжмийн зохиолчдын хөлс, авьяас шингэсэн учраас үнэр нь хүртэл сэтгэл хөглөдөг. Би дуурь, симфони оркестрын уран сайхны удирдаач мэргэжлээр сурдаг. Одоо гуравдугаар курсийн оюутан. Сургуулиа төгсөөд эх орондоо ажиллана гэж боддог.
-Танай сургуулийг өмнө нь монгол хүн төгсч байсан уу?
-Би сургуулийнхаа гуравдахь монгол оюутан нь. Өмнө нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх, Н.Бүтэнбаяр нар төгссөн. Удирдаач Ч.Жамсранжав гуай мэргэжил дээшлүүлэн суралцаж байсан юм билээ. Манай консерваторийн наян нас гарсан багш нар Н.Бүтэнбаяр гуайг их ярьдаг юм.
-Оросын сонгодог урлагийн хойч үеийг бэлтгэдэг сургуульд суралцаж буйн хувьд “эх орондоо би энийг л хийнэ” гэсэн төлөвлөгөө бий юү?
-Байлгүй яах вэ. Сургуулийнхаа хаалгаар орсон анхны өдөр л толгойд “үүнийг хийнэ” гэсэн контраст /ялгарал/ орж ирсэн. Монголд байхгүй зүйл Орост байна. Орост байхгүй зүйл манайд байна. Монголд интернет, сошиал ертөнц Оросыг бодвол илүү хөгжсөн. Хоёр хөршийнхөө дэргэд бид эрх чөлөөтэй байх шиг надад санагддаг. Орост хэдийгээр зарим сайт, мэдээлэл хориотой байдаг ч сонгодог урлаг нь сонгодог академик буюу Станиславскийн дэг жаягаа хатуу баримталсан хэвээр байна.
-Дуучин Г.Ариунбаатар П.Чайковскийн нэрэмжит уралдаанд өнгөрсөн жил түрүүлсэн нь Монголын сонгодог урлагийн төвшинг дэлхийд, ялангуяа Орост таниулсан. Энэ хэмжээгээр Монголын уран бүтээлчдийг мэргэжлийн төвшинд хүлээн зөвшөөрөх болсон уу?
-Г.Ариунбаатар бид хоёр танилууд. Монгол хүн энэ уралдаанд түрүүлсэн нь эх орны нэрийг өргөсөн. Мөн миний хувьд олзуурхууштай үйл явдал болсон юм. Манай сургууль Марийнский театрын дэргэдэх Н.Римский-Корсаковын нэрэмжит хөгжмийн консерватори гэж явдаг. Тиймээс Марийнский театрын гурван оркестрыг манай сургуулийн төгсөгчид бүрдүүлдэг. Би энэ театрын уран бүтээлчдийн чадвар, чансааг мэдэхийн хувьд Г.Ариунбаатарыг гоцлол дуучнаар ажилд орсонд бахархаж, омогшиж явдаг. Түүгээр дамжин Монголын уран бүтээлчид дэлхийн хэмжээний уранбүтээлчидтэйхамтранажиллах боломжтой. Нэг үгээр хэлбэл, ОХУ- ын хамгийн шилдэг дуурийн театрт Монголын дуучин ажиллаж байна гэдэг манай сонгодог урлагт их том үүрэг гүйцэтгэж байгаа хэрэг.
-Гадаадын олон орны оркестрын тоглолтыг сонссон байх. Тэднийг Монголынхоо уран бүтээлчидтэй харьцуулж байсан уу?
-Манай уран бүтээлчид авьяастай бас бусдаас илүү ажигч. Өөрт байхгүй зүйлийг хурдан олж хардаг. Гэм нь жаахан залхуу, алгуурлах гээд байдаг сул талтай. Би Санкт-Петербургт олон сайхан тоглолт үзсэн. Боломж олдвол мундаг уран бүтээлчдийн нээлттэй хичээлд сууж, уран сайхны талын мэдлэгээ ахиулж байна. Миний анзаарснаар монголчууд гүйлгээ ухаантай ч гэх үү аливааг сурахдаа хурдан. Сонгодог урлаг манайд XX зууны дунд үеэс хөгжсөн. Оростой харьцуулахад хожуу гэсэн үг. Хэдий тийм ч Монголын уран бүтээлчид аливаад соргог, хурдан хүлээн авдаг чадвараараа дутагдлаа нөхөж чаддаг. Монголын оркестр хаана ч гологдохгүй. Ямар ч улсын оркестртой энэ тэнцүү тоглож чадна.
Х.Эрдэнэзаяа
URL: