Монголчууд Индианчуудын замаар орох бололтой
МХЕГ-ын Хөдөлмөрийн нөхцөл, хэмжил шинжилгээний төвийн дарга Ж.Баасандаш, Нийгмийн хамгааллын улсын ахлах байцаагч, магадлагч эмч Г.Баяраа нар өчигдөр сурвалжлагчдад мэдээлэл өглөө.
МХЕГ-ын энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөө, тус газрын дэд даргын удирдамжийн дагуу Төв, Завхан, Хөвсгөл, Дорноговь аймгуудын нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс /ЭХМК/ -ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар Нийгмийн хамгааллын сангаас олгож буй байнгын асаргааны нөхцөлт мөнгөн тэтгэмжийг ихээхэн нэмэгдүүлсэн зөрчил илэрсэн байна. Гэтэл нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хувийн хэргийн бүрдэлт, байнгын асаргааны гэрээ, асрагчийн тайлан, эмнэлгийн тодорхойлолт болон өвчтний оношийн үндэслэл нь туйлын хангалтгүй байгаа нь тогтоогджээ.
Шалгалтаар ердийн өвчин болон ахуйн осол, гэмтдийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдан хувь тогтоолгосон иргэдийн уг хувийг бууруулсан, нэмсэн шалтгаан нөхцөл, оношийн үндэслэл, клиник шинжилгээг эмнэлгийн карт, хяналтын бичлэгийг үндэслэн дахин магадлахад дараах зөрчил илэрсэн байна.
Төв аймгийн ЭХМК-т хийсэн шалгалтаар өвчтний эмнэлгийн картад өвчний явц, эмчилгээ, үр дүн, биеийн байдлын талаар үечилсэн дүгнэлт бичээгүй, өвчний оношийн үндэслэл тодорхойлолт хангалтгүй бичигдсэн байжээ.
Харин Дорноговь аймгийн ЭМХК-т хийсэн шалгалтаар оношийн үндэслэлд клиник шинжилгээний бүрдэл дутуу, ЭХМК нь тайлан мэдээг бичгээр өгөөгүй, эмнэлэг хяналтын комисс санал дүгнэлт бичээгүй, клиник, динамик өөрчлөлт гарсан байхад дүгнэлт бичээгүй гэх зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Завхан аймгийн ЭХМК-т хийсэн шалгалтаар өвчтний эмнэлгийн картад өвчний явц, хийсэн эмчилгээ, үр дүн биеийн байдлын талаар үечилсэн дүгнэлт бичээгүй, өвчтний оношийн үндэслэлд клиник шинжилгээний бүрдэл дутуу, эмчийн оролцоо, дүгнэлтгүйгээр хөдөлмөр зохицуулалт хийж байгаа хоёр буюу түүнээс дээш өвчнөөр өвчилсөн мөн хавсарсан өвчний үе шат явцтай нь уялдуулж магадлал хийгээгүй, НХС-аас тэтгэмж олгож буй иргэний байнгын асаргаа олгох өвчний оношийн үндэслэл тодорхойлолт хангалтгүй бичигдсэн гэх зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн аж.
Шалгалтаар 4 аймгийн нийт 265 хүнд 95400000 төгрөгийн тэтгэмжийг энэ шалгалтаар зогсоосон байна. Түүнчлэн дээрх аймагт улсын байцаагчийн албан шаардлага өгч, Төв аймгийн ХХҮХэлтэст нийгмийн халамжийн байнгын асаргааны нөхцөлт мөнгөн тэтгэмжийг авч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан 41 хүний тэтгэмжийг зогсоох тухай, Дорноговь аймгийн ХХҮХ-т 53 хүний нөхцөлт мөнгөн тэтгэмжийг зогсоох тухай, Завхан аймгийн ХХҮХ-т 34 хүний нөхцөлт мөнгөн тэтгэмжийг зогсоох тухай, Хөвсгөл аймгийн ХХҮХ-т 137 хүний нөхцөлт мөнгөн тэтгэмжийг зогсоох тухай актыг бичжээ.
Орон нутагт ажилгүйдэл их, цалин орлого бага байгаагаас шалтгаалан ажилтай болон ажилгүй хүмүүс “хөдөлмөрийн чадвараа алдсан” гэх хувь тогтоолгох, тахир дутуугийн тэтгэврийн мөнгийг амьжиргааны нэг эх үүсвэр болгох, нийгмийн халамжид хамрагдах сонирхол ихэссэнтэй холбогдон энэ төрлийн өвчтний тоо өсч байна. Ердийн болон мэргэжлээс шалтгаалах өвчний нэрсийн жагсаалт хэт дэлгэрэнгүй болсон нь өвчлөлийн тоог нэмэгдүүлэх нэг эх үүсвэр болсон гэж эмч нар шүүмжилж байна.
Сүүлийн жилүүдэд төр засгаас нийгмийн халамжид чиглэсэн бодлогын арга хэмжээ ихээхэн өргөжиж байна. Тухайлбал, нийгмийн халамжийн сангаас олгож буй байнгын асаргааны нөхцөлт мөнгөн тэтгэмжийг ихээхэн нэмэгдүүлсэн. Гэтэл нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хувийн хэргийн бүрдэт, байнгын асаргааны гэрээ, асрагчийн тайлан, эмнэлгийн тодорхойлолт болон өвчтний оношийн үндэслэл нь туйлын хангалтгүй байна. Үүний жишээ нь шалгалтад хамрагдсан 4 аймгийн нийт 265 хүнд олгож байсан 95400000 төгрөгийн тэтгэмжийг энэ шалгалтаар зогсоосон явдал юм.
-Саяны шалгалтаар ямар зөрчлүүд илрэв?
-Энэ удаагийн шалгалтаар хөдөлмөр халамжийн үйлчилгээнээс халамжийн сангаас нөхцөлт мөнгөн тэтгэмж авч байгаа байнгын асаргааны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг магадлан шалгалаа. Хөдөлмөрийн чадвар алдаж байгаа, хувь тогтоолгож байгаа иргэдийн тоо сүүлийн үед ихэсч байгаа. Энэ нь ажилгүйдэл, цомхотголд орсон ч юм уу, эсвэл хөдөлмөрийн чадвартай хэдий ч хууч архаг өвчний улмаас одоо мөрдөж байгаа энэхүү өвчний жагсаалтын дагуу хүмүүс ихээр орж байна. Иймээс хүн бүр энд орох сонирхолтой болжээ. Иймээс энэ жагсаалтыг өөрчлөх шаардлагатай болжээ.
-Хариуцлага алдсан этгээдүүдийг ажлаас нь халах арга хэмжээ авах уу?
-Үүнийг бид шийдэхгүй шүү дээ. Үүнийг тухайн халамжийн газар өөрөө шийднэ. Гол нь дээрх мөнгө авсан иргэд гомдол гаргаагүй. Тэгээд ч мөнгөө авчихсан хүмүүс юу боллоо гэж гомдол гаргах вэ. Үнэндээ бол эрүүл саруул хүмүүс л мөнгө авчихсан байгаа юм. Ийм алдааг үйлдсэн буруутан нь хэн бэ гэвэл сумын эмч, өрхийн эмч, эмнэлэг хяналтын комисс дээр нь халамжийн дотоодын хяналтын байцаагч нар юм.
–Ийм зөрчил илэрсэн тул асуудлыг хуулийн байгууллагад тавих уу?
-Асуудлыг хуулийн байгууллагад тавьж эрүү үүсгэнэ гэсэн зүйл бол байхгүй. Хэрвээ үнэхээр олон сая төгрөгийг олон жилийн туршид өөрсдөө хуйвалдаж авчихсан бол хуулиндаа “нөхөн төлүүлнэ” л гэсэн заалт байгаа.
-Энэ анхны шалгалт юм аа даа?
-Тийм ээ. Анхны шалгалтаар л ийм зөрчлүүд илэрлээ. Ер нь байнгын асаргааны асуудал бол сайхан 2009 оноос л эхэлсэн асуудал шүү дээ. Гэтэл ийм их хэмжээний зөрчил илэрч байна. Уржнан жил байнгын асаргаа дөнгөж эхэлж байхад Өвөрхангай аймгийн төвд л гэхэд 102 хүн дээр зөрчил илэрч байлаа. Тэгэхээр сумдын хэмжээнд ямар зөрчил илрэх нь тодорхойгүй шүү дээ.
-Хөдөөгийн зарим сумдад насанд хүрсэн хүмүүсийн ихэнх хувь нь группт орчихсон байдаг гэлцэх юм. Энэ ортой үг үү?
-Энэ бол үндсэндээ ортой үг. Монгол бол эрс тэс уур амьсгалтай, монгол хүмүүс өвчнөө заавал архагшуулж явдаг нь олонтаа тул тийм хүмүүс халамжид орохоос өөр аргагүй л дээ. Харин түүнийг нь үнэн зөв магадлаж онош тогтоох ёстой. Эмнэлэг хяналтын комисст оруулахдаа ононшийн үндэслэл, шинжилгээний бүрдлийг бүрэн хийсэн тохиолдолд олгох ёстой. Гэтэл шинжилгээ нь бүрдээгүй байтал мөнгө олгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн.
Нийслэл хотын дүүгүүдэд байдал ямар байгааг өнгөрсөн жил шалгахад ихээхэн зөрчил илэрсэн. Ер нь бол байнгын асаргааны асуудал улсын хэмжээнд хавтгайрчихаад байна.
Миний хувьд магадлагч эмч хүний хувьд тухайн өвчтний онош, эмнэлгийн карт, шинжилгээний бүрдэлттэй нь харьцуулан үзэж магадласнаар тухайн өвчтөн нь байнгын асаргаанд байх оноштой өвчтөн мөн үү, биш үү гэдгийг шалгадаг. Гэтэл өөрөө өөрийгөө асарч үйлчлээд, өөрөө цайгаа чанаж, хоолоо идээд явж байгаа хүн энд хамаарахгүй шүү дээ.
Гэтэл байнгын асаргаатай өвчтөн гэдэг бол ганц бие, хэвтрийн, өөрөө өөртөө үйллчлэх чадваргүй хүнийг л хэлдэг. Мөн хүүхэд ч байнгын асаргаанд хамрагддаг. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй нь ч ялгаагүй. Бүгд л дөрвөн мөч нь саажсан, тэргэнцэр дээр суудаг, бусдын тусламжгүйгээр бие засч чаддаггүй ийм хүмүүс байх ёстой.
Гэтэл тэдний хажууд эрүүл саруул хүмүүс дээрх мөнгийг аваад байна. Тэгэхээр халамжийн сангаас олгож буй дээрх мөнгийг ёс бусаар л олгож байна гэсэн юм.
Монголчууд дээр дооргүй ичингүйрлээ мартаж, ёс суртахуунаа алдаж байх шиг. Анх 90-ээд оноос айл өрх бүр картаар дэлгүүрээс хүнсний бараагаа авах болсон үеэс л олон айл 2-3 айл болон “өрх тусгаарлаж” илүү картаараа архи зэргийг авч шагладаг болсон. Хэлмэгдэсгсдэд мөнгөн олговор өгөх болсноос үүдэн олон ч айл хэлмэгдэгчлийн нөхөн олговрыг элдэв арга замаар авах болсон. Төр засгаас ч, намуудаас ч сонгуульд ялалт байгуулахын тулд нийгмийн халамжийн амлалтуудыг өгч, элдвээр бэлэн мөнгө тараах болсноос үүдэлтэй “Африк маягаар ажиллаж, Америк маягаар амьдрах” гэсэн эрмэлзлийг улам ихсэх болжээ. Энэ янзаараа бол Америкийн индианчуудын эмгэнэлт түүхийг давтах замд орох бололтой дог оо.
Индианчууд гэж Америкт ажил хийдэггүй дархан эрхтэй, үнэгүй казино тоглож, архидан мансуурсан хүмүүс байдаг гэлцэх.
С.Энх-Амар /MONTSAME/
URL: