Амьдрал дээрдэв үү, дордов уу

1sd2f1sd2f

Социализмын үед телевизийн дэлгэцээр гарсан хэн боловч “амьдрал ямар байна?” гэж асуухад “амьдрал маш сайн байна, бид жаргаж байна” гэж хариулдаг байлаа. “Манай улс хөгжиж байна уу?” гэхэд мэдээж бүгд “капитализмыг алгасан харайлгаж явна” гэдэг сэн. Өөр хариулт өгдөг иргэн бараг байгаагүй. Нэг үгээр нам засгаа дээдэлнэ үү гэхээс харааж зүхдэггүй байжээ. Тэгвэл ардчилал, зах зээлийн жилүүдэд зурагтаар гарсан хүн бүхэн “амьдрал ямар байна?” гэж асуухад “амьдрал аймшигтай байна” гэж халагладаг боллоо. Бүгд нэгэн дуугаар өлсгөлөнд нэрвэгдэж, эх орон элгээрээ хэвтлээ. Урьд социализмын үед хэзээ ингэж гуриатаж явлаа гэж ам булаацалдан бухимдана.

Эхлээд идэж ууж байсан хүнсний бүтээгдэхүүнээ эдүгээ хэрэглэж буй хүнстэйгээ жишээд үзье. Дараа нь социализмд өмсөж явсан хувцасаа одоогийнхоо өмсөж яваа хувцастайгаа харьцуулаад бодъё. Дараа нь орон байраа, цалингаа, хөл дүүжилдэг унаагаа, хотын үйлчилгээгээ, дэлгүүрийн очер дугаараа, хөдөө орон нутагт явдаг унаа, замаа харьцуулъя. Тэгээд амьдрал дээрдэж үү, дордож уу гэдгээ ярьцгаая. Дордсон дээрдсэн юм алаглаж буй нь мэдээж. Гэхдээ дүн нуруугаараа дээрдэж үү, дордож уу гэдэг сонин. Аль ч нийгэмд туйлшралгүй сайныг нь сайн, мууг нь муу хэмээн зааглаад, сайныгаа хөхүүлэн хөгжүүлээд, саарыгаа үтэр түргэн хаяад өөдөлдөг “хүний ном”-д суралцах шаардлага монголчуудад тулгарчээ.

Урдахь нийгмийнхэн одоогийн хүмүүсээс арай ухаалаг байж. Яагаад гэвэл тоталитар тогтолцоонд “хөгжил эрчтэй байна”, “амьдрал хангалуун, жаргаж явна” хэмээн сэргэлэнтэж тушаал дэвшиж цалингаа нэмүүлж байв. Одоогийнхон тэнэг учраас ямар ч өгөөжгүй хий хоосон хараал зүхэл, жагсаал цуглаан өдөр болгон өвөл зунгүй хийгээд л явах юм. Тэглээ гээд олигархиудаас юу ч олж долоохгүй.

Энэ сэтгэхүйн шалтгаан нь эдүгээ манай ахмадууд социализмээ сангалздагт оршино. Урьд юм бүр маш сайхан байсан одоо бүх юм болохоо болилоо гэж бухимддаг. Үнэн сэтгэлээсээ бухимдаж байна уу, хуурамч дүр эсгэж байна уу бүү мэд. Ямар ч байсан өнгөндөө ардчиллын бүх юманд бухимдуу ханддаг хүмүүс хүн амын үлэмж хэсгийг бүрэлдүүлж байна. Үүнийг би яагаад бичих болов оо гэвэл энэ их хортой юм аа. Хөгшчүүд хүүхдүүдийнхээ хийх гэж сэдэж, хуруу хумсаа хуйхалж яваа ажил-төслүүдийг ядаж амаараа ч болохноо дэм өгвөл яасан юм бэ гэх гээд байна би. Засгийнхаа сэдсэн болгоныг эсэргүүцдэгээ цэглэе. Шүүмжлэх эсэргүүцэх юмаа шүүмжилж эсэргүүцэж, буруутанд таарсан хариуцлагыг нь хүртээхээ харин чадсан шиг чадъя. Гагцхүү бүгдийг харлуулах уршигтай байна.

Хөгшчүүд бидэнд бас аргагүй шалтгаан бий. Бидний тархины бор хальсны атираа нугачаа бүхэнд өнгөрсөн зууны үзэл суртлын хар үүл хургасаар байгаа. Гурван сая хүн амын суурь болсон эцэг эх, эмээ өвөө нарыг үр хүүхэд дагалдах нь жам. Энэ хариуцлагаа настангууд ухамсарлаж эрэн зуны алхаатай хөл нийлүүлэх учиртай. Хэний ч дур хүслээс гадуур жам ёсны урсгалыг мугуйдлан сөрөх тэнэглэл. Үр удмаа буруу зүгт уруу татах амьдын хар нүгэл. Шинэ тархи толгойг дагацгаая. Хүн амын дийлэнх хэсэг хуучин руугаа ил далд зүтгэж байхад Монголд ардчилал, зах зээл удааширах нь зүй. Амьдрал дээрдэв үү, дордов уу? Дээрдсэн нь дордсоноосоо илүү жин дарах байх гэж өвгөн би боддог. Дээрдсэн нь давж буй аваас бүх юман дээр эвэр хушуулаад зохимжгүй.

Төр Засгийн эрхэнд сонгуулиар аль нам гарна түүний хийж бүтээхээр сэдсэнийг хөгшчүүд минь үр удмаараа дэмжье. Төрөө самрах, Засгаа огцруулах, сайд нарыг түүж намнах хорон санаанаас ондооныг сонгуулийн дөрвөн жилд сэдээгүй, эх оронч сүржигнэлийн цаана баяжих, дахин сонгогдохыг мөрөөддөг гишүүдийн тарыг бүрэн таньж, одоо залхаа биз дээ. Хийж бүтээх сонгуульт дөрвөн жилийн үнэт хугацааны ихэнхийг тэд залгидаг. Үнэмшихийн аргагүй аймаар баримт, тоо ярина. Тэднээс нь нэг нь ч нотлогдоогүй. Ганцхан миний зүрх эх орныхоо төлөө булгилж байна. Бусад бүх сайд, гишүүд бүгд эх орноо харьд найр тавин бэлэглэж байна гэж гэнэн харанхуй сонгогчдыг хошгоруулах санаатай. Ноён уулын дор Хятадад илэрдэг хот шиг хот бий. (Газарт булагдсан хотууд Хятад, Энэтхэг, Египет, Балканы хойг-Грек, Италид илэрдэг. Нүүдэлчдийн нутгаас хаадын булш мунхан л гарна. Хотоо үхэр тэргэнд ачаад, тэмээнд тэгнээд нүүлтэй нь биш монголчууд том хот бариагүй). Ерөнхий сайдыг чуулганд орж ирсэн бол би шанаадах байв гэнэ. Эмэгтэй хүн байж ичдэг ч болоосой. Түрийвчээрээ даллаад мөнгө дууддаг ид шидтэй доктор профессор Сарандаваад шулуулдаг хэдэн түмэн мухар сүсэгтэн Уянга, Ганбаатар, Цог нарт саналаа өгөх нь ойлгомжтой. Хэрэв Сарандаваа нэрээ дэвшүүлж, нэг тойрогт Уянгатай өрсөлдвөл эрхэм гишүүн будаа болно. Сарандаваад шавь орж, түрүүвч даллаж мөнгө олох ид шидийг өндөр үнээр заалгадаг мухар сүсэгтнүүдийн өрөөсөн дугуйнууд Уянга гишүүний сонгогчид. Оюунлаг сонгогчид хүн амын хэдэн хувийг эзэлж байна аа? Манай бүх сонгогчдын ихэнх Ганбаатар гишүүний пенүүд гэсэн. За тэр яахав. Өөрийн сонголт өөртөө зөв.

Авилгын эсрэг өрнүүлж буй тэмцлийг уухайлан түрье хөгшчүүдээ! Хуулиа дээр доргүй алхам тутамдаа мөрдөөд нэг үзье. Улс даяар ямар эмх цэгцэнд орох нь вэ харъя. Монгол хөгжинө, баяжна. Цөөхөн хүнд хүч дутах бэрхшээл бишгүй гардаг. “Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг” гэх сургаалаа дээдлээд нэг хүн шиг нэгдмэл хүчээр зүтгэцгээе монголчууд аа! Хамгийн гол нь бид хэнээс ч асуухгүй бие даасан бодлого явуулах боломжтой боллоо. Одоо хөгжих эс хөгжих нь зөвхөн биднээс-өөрсдөөс шалтгаална. Ямар гоё вэ. А.Амар, П.Гэндэн, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар харвал яаж баярлах бол. Бараг итгэхгүй биз дээ. Өдгөө Төр Засгийн толгойд заларсан залуус сүүлийн зуунуудад заяаж байгаагүй энэ сайхан түүхэн боломжоо ашиглаач. Цөөхүүлээ учраас “Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг” сургаалаа Төр Засгийн орчинд сүлдлэн тахь. Тэгээд ядуустаа бизнес эрхлэхэд нь хууль, эрх зүйгээр дэмнээд, зээлийнхээ хүүг л бууруулаад бай. Хүүг яаж бууруулах вэ гэвэл хүү бага, хугацаа урт гадны банк оруулж, дотоодын арилжааны банкуудтай өрсөлдүүлэх. Асар өндөр хүүтэй дураараа дургисан манай арилжааны банкуудын нууц ноёд УИХ-ын гишүүд байдаг бөгөөд тэд гадны банк оруулж ирэхийг олон жил хааж, улсаа хорлож, өөрсдөө цулайв. Ятгадаг ухуулга нь нэг улсын эрхшээлд нэгмөсөн унана гэж айлгах. Үсрэнгүй хөгжсөн орнууд гадны банктай өөрийн банкийг өрсөлдүүлж зээлийн хүүгээ бууруулсан туршлага энгийн. Бага хүүтэй, хугацаа урттай зээлээр бизнес хийж баяжих хоосрох хувь хүний заяа. Эзэн хичээвэл заяа хичээнэ гээд зүтгэцгээ залуус аа!


URL:

Сэтгэгдэл бичих