Сонгуулийн тухай хуульд “гар хүрэх” үү
Сонгуулийн тухай хуульд сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруулсан байх ёстой гэсэн заалтыг тусгалгүй мартаж орхисон нь сүүлийн өдрүүдэд багагүй маргаан дагуулсан асуудал болоод буй. Хуулийг боловсруулсан ажлын хэсгийнхэн ч, УИХ-ын гишүүд ч энэхүү заалтыг хайхралгүй “гээгдүүлсэн” нь энэ асуудал үүсэх гол шалтгаан болсон гэх. Учир нь дээрх хуульд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй байх тухай тусгайлан заагаагүй тул хуулийн “цоорхой”-г ашиглан Сонгуулийн тухай хуульд “гар хүрэх” бүрэн боломжтой гэх маргаан гараад байгаа юм. Энэ асуудлыг хуулийг боловсруулан өргөн барьсан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Р.Бурмаагаас тодрууллаа.
-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах боломжтой, сиймхий гараад байна гэх асуудал үүсээд байна. Үнэхээр ийм боломжтой юм уу?
-Сонгуулийн хуульд ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэсэн заалт ороогүй нь үнэн. Хуулийн тухай хуультай холбоотойтоор энэ заалтыг хассан гэж ойлгож болно. Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж байхад Хуулийн тухай хууль батлагдаад хоёрдугаар сарын 10-наас хэрэгжиж эхлэхээр болсон байсан учраас Сонгуулийн тухай хуультай нийцүүлсэн.
-Хуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн үг үү?
-Хуулийн тухай хуулинд зааснаар бол хэр баргийн хуулийн төслийг өргөн бариад, УИХ хүлээж аваад хэлэлцэхгүй. Талуудын оролцоог хангасан, хэлэлцүүлэг хийсэн гээд олон шалгуурыг хангаж байж хууль батлахаар тусгасан. Мөн Хүний эрхийг хангах УИХ-ын тогтоолд зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт хүчинтэй байгаа. Тиймээс заавал Сонгуулийн нэгдсэн хуульд зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулна гэсэн заалтыг оруулах шаардлагагүй гэж ажлын хэсгийн гишүүд үзсэн.
Д.ЖАРГАЛ
URL: