Газрыг хууль бусаар өмчлөв

Сүхбаатар Дүүргийн 11-р хороо Рашаантын 18-36 тоотод оршин суугч Б.Хонгорзулын 300м2 газрыг  Ариунаа гэгч этгээд хууль бусаар өмчилсөн байна. Ариунаад тус хороон дарга н.Хандсүрэн 18-36д амьдардаг гэсэн тодорхойлолтыг хийж өгснөөр газрын будлиан үүсчээ.

2006 оны 12 сард иргэн Б.Хонгорзул оршин суудаг хашаа, газрын бичгээ хадам ээж Мээжингийн нэрээс өөрийн нэр лүү шилжүүлэх гэтэл оршин суудаг газрыг нь тус оны есдүгээр сарын 5-нд өмчилсөн байна гэжээ. Огт танихгүй хүнд газраа өмчлүүлсэн хохирогч Ариунааг Захиргааны хэргийн шүүхэд өгч шүүхээс энэ эмэгтэйг эрэн сурвалжлах шийдвэр гарсан байна.

Уг хэрэг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдан, Ариунааг гадаад гараагүй эх орондоо байгаа гэж баталсан аж. Орон даяар эрэн сурвалжилж хайж байснаа 2010 оны дөрөвдүгээр сард энэ эмэгтэй 2009 онд хил давж гадаад гарсан гэсэн мэдээлэл өгсөн юм байна.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс Ариунааг Монголд байгааг удаа дараалан баталсан атлаа газар өмчилсөн эмэгтэйгээс авлига авсан уу гэнэт ийм шийдвэр гаргасан нь хууль бус үйл ажиллагаа хэмээн үзэж буйгаа хохирогчийн өмгөөлөгч Ч.Энхээ хэлэв.

Мөн тэрбээр энэ хэргийг цагдаагийнхан цааш үргэлжлүүлэхгүй бол холбоотой цагдаа болон газрын албаны хүмүүсийн нэр, албан тушаалыг олон нийтэд зарлана гэдгээ онцлов.

Газрыг хууль бусаар өмчилсөн эмэгтэй энэ газар ”шинэ хороолол” барихдаа иргэдэд өгөх нөхөн олговрыг авах зорилгоор үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр болгож өмчилсөн байх гэж бодож байгаагаа иргэн Б.Хонгорзул хэлэв.

Б.Одончимэг

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих