Чихэвчнээс чихний аппарат руу

Гэрлийн хурдаар өсөн нэмэгдэж буй  технологийн дэвшлийн хэрэглээ бидний амьдралд хэтийдэж байна. Ухаалаг утас, цахим орчны хэт их хэрэглээ эрүүл мэнд, эд хөрөнгө зэргээр хохироосон уу гэхээс сайн зүйл лав авчирсангүй. Тэгвэл энд өсвөр насныхныг  хэтэрхий их “соёлжуулж” байгаа ээлжит асуудлыг онцолж байна. Энэ бол жижиг чанга яригч буюу чихэвч. Энэхүү төхөөрөмжийг 1910 онд Солт Лейк хот дахь Baldwin радио компанийг үүсгэн байгуулагч “Baldy утас” нэртэйгээр  анх зах зээлд нийлүүлж байсан бол өнөөдөр дэлхий дахинаа түгэн дэлгэрч, хүн бүрийн хэрэглээ болж өргөжжээ.

Гудамж, нийтийн тээвэр, номын сан, сургууль гээд ер нь хаана ч явсан залуус  чихнээсээ “уядаг” ганц зүйлтэй болчихсон. Хэн нэгэн юм асуухаар анзаарах сөхөө алга. Дөхөж очиж нудрахгүй л бол нүд нь гөлийж, оюун санаа нь хаана явна гэмээр залуус хэтэрхий олширчээ.Ойр байгаа хүнд хөгжимнийх нь дуу тод сонсогдож байхыг бодоход хамгийн чанга дээр нь тохируулчихдаг  бололтой юм. Өнөөгийн нийгэмд таван залуу тутмын  гурав нь чихэвчний хамааралтай болсон гэсэн нь хол зөрөхгүй болов уу. Хот гэлтгүй хөдөөгийн залуус ч  хониныхоо хажууд өдрийг хугаслахдаа чихэвчний хөгжим сонсч, фэйсбүүктэж суудаг боллоо. Энэ хэрээрээ гэр бүл, найз нөхдийн “амьд” харилцаа ч алдагдаж байна. Аргагүй шүү дээ, найман настай балчраас наян настай буурал хүртэл ухаалаг утас, цахим ертөнцөөс салахаа больсон цаг.

Тэгвэл бидний ах, дүү, найз нөхдийн өдөр тутмын хэрэглээ болсон чихэвч сонсгол бууруулж, улмаар дүлий болгох аюултай гэдгийг эмч нар хэлж байна. Хамгийн гол нь чихэвч их зүүснээр, мөн чихэвчний хөгжмийг чанга сонссоноос болсон сонсголын бууралт дахиад сэргэдэггүй аж. Тэгэхээр өдөр, шөнө, өглөө үдшийг ялгахгүй чихнээсээ чихэвч зүүж явдаг хүмүүс нэг л мэдэхэд сонсголын аппарат зүүх нь. Нэгэнт сонсголын аппарат зүүх хэмжээнд хүрчихвэл хүний хэлснийг олигтой сонсохгүй. Юун хөгжим сонсох манатай. Дээр нь чихэвчнээс гадна бухимдал, гадна орчны шуугиан сонсголыг муутгадаг. Өөрөөр хэлбэл манай улс ногоон байгууламж, хотжилж муутай учраас бидний сонсгол аажмаар буурч байна гэсэн үг. Бусад оронд хурдны замаас эхлээд ногоон байгууламж их байдаг зэргээр дуу шуугианы хамгаалалттай  байдаг аж. Тиймээс хотжилт муутай, хором бүрт бухимдмаар нийгэмд амьдарч хүссэн хүсээгүй сонсгол муудаж байгаа дээрээ чихэвчний хөгжим сонсч гал дээр тос нэмээд яахав. Хожим харамсахаасаа өмнө хэтийдсэн хэрэглээгээ хязгаарласан нь зөв алхам болно.

IPod, MP3, төрөл бүрийн утас гээд  чихэвчээр дуу хөгжим  удаан хугацаагаар сонсох, хэт чанга сонсох нь сонсголын мэдрэлийн хүлээн авах хэлбэрийн сонсгол муудах, дүлийрэх шалтгаан болдог байна.  Чанга дуу чимээ нь дотор мэдрэлийн үслэг эсүүдийг шууд гэмтээж дахин сэргэхээргүй болгох аюултай гэнэ. Тухайлбал, Хүний сонсголын эрхтэн нь 16-20000Гц-ийн давтамжтай дууг хүлээн авч ялган мэдрэх чадвартай байдаг. Дууны даралт ба сонсох мэдрэмж хоёрын хамаарлыг  децибелээр илэрхийлдэг ба хүмүүсийн харилцан ярианы түвшин 60дБ байхад онгоц буух үеийн дуу чимээний түвшин 110дБ байх жишээтэй. Гэтэл MP3, IPod-ны чангаруулагчийн дээд түвшин 120 дБ байдаг байна. Тэгэхээр хөгжмөө дууны түвшний эцэст нь тавьж сонсох нь онгоц буух үеийн дуу чимээтэй тэнцэж байна гэсэн үг юм.

ДЭМБ-аас  гаргасан баримтаар 85 дБ хэмжээний чангаар нэг цаг чихэвчээр хөгжим сонсоход л сонсголын эрхтэн гэмтдэг болохыг тогтоожээ.  Мөн чихэвчний хөгжимнөөс болж  дэлхий дээр амьдарч буй 12-35 насны 1.1 тэрбум хүнд сонсголгүй болох аюул нүүрлэж байгаа аж. Жишээ нь 1994 онд Америкийн өсвөр насныхны 3.5 хувь нь сонсголгүй болсон гэх судалгаа гарч байсан бол энэ тоо 10 гаруй жилийн дотор таван хувь өсчээ. Тиймээс үүнтэй тэмцэхийн тулд өдөрт нэг цагаас илүү хугацаагаар чихэвчээр дуу сонсохгүй байх, дууных нь төвшнийг 60 хувиас хэтрүүлэхгүй байх шаардлагатай юм. Мөн 30 минут дуу сонссон бол хоёр цаг амраах ёстой гэнэ. Сонсгол муудах нь тухайн үедээ мэдэгдэхгүй ч насах их тусам анзаарагддаг тул хүүхдийг аль болох цөөн цагаар, бага түвшинд чихэвчний хөгжимтэй нөхөрлүүлэх хэрэгтэй. Харин манай өсвөр үеийнхэн өдөрт хамгийн багадаа зургаагаас дээш цаг чихэвчний хөгжим сонсдог бөгөөд зарим нь шөнө чихэвчээ чихнээсээ салгахгүй унтдаг байна. Бид хот, хөдөөгийн өсвөр үеийнхний төлөөллийн сэтгэгдлийг сонссон юм.

Дунд ангийн сурагч Ц.Батбилэг: Өдөрт 4-5 цаг чихэвчний хөгжим сонсдог

-Манай хичээл өглөө 8:30 цагаас ороод үдээс хойш тардаг. Завсарлагаан болон зарим сонирхолгүй хичээл дээр чихэвчний хөгжим сонсдог. Хичээлийн зав чөлөө болон сургууль, гэр хоёрынхоо хооронд сонсдог гээд тооцоод үзэхээр ойролцоогоор өдөрт 4-5 цаг чихэвчний хөгжим сонсдог. Манай найзууд ч гэсэн байнга чихэвч сонсдог. Заримдаа гэртээ амрах, усанд явах гээд үүнээс олон цаг ч сонсоно. Гэхдээ хамгийн чанга дээр нь сонсдоггүй.

Ахлах ангийн сурагч Г.Мөнхбилэг: Чихэвчний хөгжим сонсоод унтчихдаг

-Ер нь бол гэртээ ирж, очих гээд автобусанд явах  үедээ байнга чихэвчний хөгжим сонсдог. Автобусанд хөгжим сонсоод явахаар хүмүүсийн маргаанаас эхлээд янз бүрийн хэрүүл сонсохгүй амар байдаг юм. Сүүлийн үед хүүхдүүд хэн нь үнэтэй чихэвч зүүснээрээ өрсөлдөх болсон. Ер нь дундаж нь 10-20 мянган төгрөгийн үнэтэй чихэвч зүүдэг юм. Миний хувьд гадуур явахдаа болон орой өрөөндөө ороод чихэвч сонсч байгаад унтчихдаг юм. Өглөө хөгжим нь дуугарч л байдаг.

Сонсголоо хэрхэн хамгаалах вэ?

• 60/60 дүрмийг баримтлах: Чихэвчний хөгжмийн дууны түвшнийг чангарлын талаас ихгүй хувиар буюу 60 хувиас хэтрүүлэхгүй, нэг өдөрт 60 минут л сонсох хэрэгтэй.

• Чихэвчний хөгжмийг шуугиан ихтэй газар сонсох хэрэггүй. Шуугианаас давж хөгжмөө сонсохын тулд дууг нь чангалснаар сонсох эрхтэнд гэмтэл учруулах эрсдэлтэй.

• Гэртээ хөгжмөө чихэвчгүйгээр сонсоорой.

• Сонсгол муудаж, чих нь дүлийрээд ирэхээрээ хүн нийгэмтэй зөв харьцаж чадахгүй.

• Зам хөндлөн гарахдаа, гудамж талбай, олон нийтийн газар, барилга байгууламжийн дэргэдүүр өнгөрөхдөө чихэвчгүй явах хэрэгтэй. Япон улс авто замаар чихэвчтэй явж байгаад осолд орвол тухайн хүний буруу гэж хуульд заажээ.

Иймд бид өөрсдийн эрүүл, аюулгүй байдлаа хангахын тулд гар утас, чихэвчний хөгжмийн дууг чанга сонсох зуршлаа хаях хэрэгтэй. Үүний тулд эхлээд тархиа нам дуунд дасгах ёстой. Хамт яваа хүмүүсийнхээ яриаг маш тод сонсдог болох хүртлээ гар утас, чихэвчний хөгжмийнхөө дууг султгаарай.

Б.Энхтуяа: Чихэвчний хөгжимнөөс шалтгаалсан сонсгол сэргэдэггүй

ЭМЖЖ эмнэлгийн ахлах зэрэгтэй сонсголын эмч, анагаах ухааны магистер Б.Энхтуяагаас сонсголын талаар заримасуултад хариулт авлаа.

-Чихний бүтэц, сонсгол хэрхэн ажилладаг талаар товчхон мэдээлэл өгнө үү?

-Чих нь гадна, дунд, дотор хэсгээс тогтоно. Гадна чих дуу авиаг цуглуулах, дамжуулах, байршлыг тогтоох, хамгаалах болон гоо сайхны үүрэгтэй. Дунд чих нь хамгаалах, дууны долгионыг механик энерги болгон, өсгөж дотор чихэнд дамжуулах үүрэгтэй.

Чихний дэлбээ дууны долгионыг цуглуулан, сонсголын гадна сувгаар дамжин дунд чихэнд очиж хэнгэргэн хальсыг хэлбэлзүүлнэ.  Алх, дөш, дөрөө гэсэн сонсголын жижиг яснуудаар дамжин дунгийн зуйван цонхыг хэлбэлзүүлэхэд дунгийн доторхи шингэн цалгин, дунгийн дотор байрлах Кортийн эрхтэн дууны долгионыг физикийн энергээс цахилгаан потенциал болгон хувиргаж, сонсголын мэдээллийг цааш төв мэдрэлийн системийн сонсохуйн төвд дамжуулснаар хүн дуу авиаг ялган сонсдог.

-Чихэвчний хөгжим удаан хугацаагаар сонссоноос болж муудсан бол ямар эмчилгээ хийлгэх вэ?

-Сонсгол бууралтыг шалтгаан, байрлал, зэргээр нь ангилдаг бөгөөд байрлалын хувьд гадна, дунд, дотор чих, сонсголын мэдрэл болон сонсголын төвүүдийн түвшинд байж болно.  Сонсгол бууралтыг ерөнхийд нь  дуу дамжуулах хэлбэрийн, мэдрэл-сэрэхүйн гаралтай, холимог хэлбэрийн  гэж ангилна.

Гадна, дунд чихний эмгэгийн үед ихэвчлэн дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт үүсдэг бөгөөд эмийн болон мэс заслын эмчилгээ хийлгэх боломжтой. Дотор чихний эмгэгүүдийн үед дуу хүлээн авах хэлбэрийн буюу мэдрэл-мэдрэхүйн гаралтай сонсгол бууралт үүсдэг. Энэ хэлбэрийн сонсгол бууралтыг эмчлэх эмийн болон мэс заслын арга одоогоор байхгүй, олон улсад судалгааны түвшинд явж байгаа бөгөөд зөвхөн сонсголын аппаратаар л нөхөн сэргээх боломжтой.Өөрөөр хэлбэл, чихэвчний хөгжим удаан хугацаагаар, чанга сонссоноос болсон сонсголын бууралт дотор чихний гаралтай учир сэргэхгүй. Тиймээс сонсгол буурч байгаагаа мэдсэн бол шууд эмчид хандаж сонсголын багц шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Мөн тохирсон эмчилгээгээ хийлгэхгүй бол сонсгол муудсаар  байгаад дүлий болно. Мэдрэл мэдрэхүйн гаралтай сонсгол бууралтаас болж үг ялгах чадвар алдагдана.

-Танай эмнэлэгт энэ асуудлаар өсвөр үеийнхэн хэр хандаж байна вэ?

-Гадаадад  ч гэсэн чихэвчний хөгжимнөөс үүдэж буй сонсголын асуудал маш их байгаа. Чихэвчнээс гадна бухимдал, гадна орчны шуугиан хотжилт зэргээс болж сонсгол аажмаар мууддаг.  Бусад улсад тодорхой хэмжээний шуугиан үүсч байх юм бол үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүс сонсгол хамгаалах хэрэгсэл зүүлгэдэг. Манайд бол тэгдэггүй. Шуугиантай газар ажиллаж байгаа хүмүүс манай эмнэлэгт маш их ханддаг. Хэдэн жил ажилласнаасаа болоод сонсгол нь муудсан байдаг. Өсвөр үеийнхэн маш их  ирж байна. Өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдсэн.  Муу сонсоод байна, зурагт чанга үзээд байна гээд аав, ээж нь дагуулж ирж байна.

-Сонсгол муудсанаа яаж мэдэх вэ?

-Хүний хэлж байгааг олон дахин давтаж асуух, зурагт чанга үзэж байвал бага багаар л муудаж байна гэсэн үг. Тиймээс эмчид хандаж нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Чихэвчний хөгжимний дамжуулж байгаа долгион зурагт ч юм уу энгийн дуу чимээнээс маш их хортой.  Хамгийн гол нь сонсголоо хамгаалах ёстой.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих