Сахилга бат хэмээх бидний мартсан үг

1as2df1as2df

“Аар саар юм хийсээр шөнө дөл болгон унтсан Сүрэнхүү сэрүүлгийн дуугаар арай ядан сэрнэ. Амарч чадаагүй бие нь хөшиж, толгой нь манантах тул эхнэр хүүхдэдээ олигтой сайхан үг хэлж чадсангүй тэгсгээд гэрээсээ гарлаа. Тэгээд ч өчигдөр том хүү нь харанхуй гудамжинд явж байгаад дээрэмдүүлэн зодуулчихсанаас болоод эхнэртэйгээ хэрэлдчихсэн.

Эхнэр угаасаа хүүхэд цэцэрлэгт өгч авдаг ажилтай, гэр сахидаг тул их стресстэй байдаг юм. Багш нь хүүхдийг зоддог гэж харддаг. Бас хөршийн эхнэр булган шуба авчихсан…

Сүрэнхүү утаанд хоолой нь хорссоор зам руу орон түгжрэлдээ нийллээ. Ажил дээрээ ирээд удаагүй байтал гэнэт гаднаас уржигдар ирэх байсан ч ирээгүй гадны байгууллагын хүн ороод ирэв. Удахгүй өөр нэг зочин ирэх тул Сүрэнхүү бүхнийг зохицуулах шаардлагатай боллоо. Аз болж тэр нь бас ирсэнгүй.

Үдээс хойш гэхэд Сүрэнхүүгийн залхуу хүрч эхлэх тул ажлын бүтээмж нойл зааж фэйсбүүкдсээр байгаад тарна. Ахиад л түгжрэл, утаа, гарцгүй газраар гүйх хүмүүс, урдуур нь дайрах хажуу эгнээний жолооч… Өдөр лизингийн хүн утасдсан. “Маргааш цалин буухаар яг хийнээ” гээд хэлчихсэн.

Маргааш цалин буудаг л байгаа даа../ Бидний хэнд ч тохиолддог Сүрэнхүүгийн нэг өдрийн энэ үзэгдэлд хөршийн эхнэрийн булган шубаны атаархал, гэрийн эзний хувийн зохион байгуулалт хоёроос бусад нь гадны хүчин зүйл байна. Гадны хүчин зүйлүүдийг харвал төрөөс гаргасан хууль, журмын дутуу биелэлт, биелэлтийн хяналт сул, мөн ажилдаа хариуцлагагүй хүмүүс, мөнгөний эргэлт эрс багассан тул дампуурах шахаж байгаа ажил олгогч, түүнчлэн Төрийн оромдсон ажлуудаас үүджээ. Сүрэнхүү амьдралдаа сэтгэл ханамжгүй байна. Сүрэнхүүгийнхэн аз жаргалгүй байна.

Аз жаргалын хулгайч

Гадаадад удаан байгаад ирсэн хүмүүс “Манайхан яасан баргар царайтай, яасан ууртай юм бэ” гэж дуу алддаг. Энэ бол мянга мянган Сүрэнхүүгийн сэтгэл ханамжгүйгээс үүдсэн бухимдал, сэтгэл дундуур харц, ирээдүйдээ итгэлгүй хүний царай юм.

Хэдийгээр бүх зүйлд сэтгэл нь ханасан хүн байдаггүй ч судлаачид янз бүрийн хүчин зүйлээр тооцоолон сэтгэл ханамжийн буюу Аз жаргалын индекс гэгч хэмжигдэхүүнийг гаргаад арав гаруй жил болж байна, Үүнийг тооцоход тухайн орны хүн амын урт наслалт, байгаль орчин, цаашлаад нэг хүнд ноогдох орлого, иргэний эрх чөлөө, эрүүл амьдралын хугацаа, авилгал хээл хахуулийн хэмжээ гэх мэт олон шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг аж.

Гэхдээ Сүрэнхүү өөрийн гэсэн байшин, машин унаа, мөнгөтэй болоод ч аз жаргалыг олж авахгүй байж мэднэ. Учир нь хүний аз жаргал зөвхөн гадаад хүчин зүйл буюу материаллаг байдлаас бус дотоод сэтгэл, оюуны хөгжил, ухамсарын төвшинөөс асар их хамаардаг. Жишээ нь  гэгээрэл бол аз жаргалын дээд. Нэг ч төгрөггүй байсан ч аз жаргалд хүрэх боломжтой гэсэн үг. Харамсалтай нь бид бүгдээрээ Будда мэт гэгээрч чадахгүй тул зөвхөн “Дотоод чадлаараа аз жаргалд хүрч болно шүү дээ’’ гэх нь өрөөсгөл бөгөөд нэн харгис хандлага билээ. Харин төр, засгийн зүгээс ингээсэй гэж хүсдэг байж болно. Учир нь тэдний маш олон үйлдэл хийгээд ЭС ҮЙЛДЛЭЭС шалтгаалан бидний сэтгэл ханамж үгүй болж ард иргэд стрессд дарлагджээ. Нийт хүн амын 15 хүрэхтэй үгүйтэй хувь буюу чинээлэг хэсэг нь мөнгөөр зарим асуудлаа шийддэг гэж бодоход үлдсэн хэсгийн хувьд өдөр бүр яах нь мэдэгдэхгүй маргаашийг хүлээдэг. Хүн амын 30 шахам хувийг эзэлдэг дундаж гэгдэх давхарга нь үнэндээ 1-6 сар орлого нь тасрахад л нэн ядуу, нийгмийн ангилал руу гулган орохоор амьдарч байна. Гаднаасаа муугүй хувцас хунартай харагддаг, “дундаж амьдралтай” Сүрэнхүүгийн орлого хуримтлал үүсгэх хэмжээний биш болохыг та бид мэднэ.

Иргэдийн зүгээс төрийг буруутгадаг. Тэрийг нь бид буруутгадаг. Энэ бол өнгөц бодол бөгөөд углуургаар нь бодвол төр үнэхээр буруутай юм.3амын хөдөлгөөн, утааны эх болсон хүн амын нягтаршлыг шийдэх менежментийг төрийн хүч зангаргаар л шийдэх учиртай. Цалин буух эсэх нь эргэлзээтэй байгаа олон зуун компанийн өмнө гадаадын хөрөнгө оруулагч гэдэг эдийн засгийн витаминуудаас өөрөө татгалзсан Төр буруутай. Эгзэгтэй үед татвар шимтгэлийн бодлогоо зөөллөхийн оронд өөрсдийн унаа машиныг зөөллөж суугаа дарга нарын буруу их бий.

Иргэдийнхээ сэтгэлгээ, ухамсарт чиглэх юу ч хийсэнгүй. Нийгмийн харилцааг асар их хөнгөвчилж, соёлыг дээшлүүлж болох хүмүүсийн хоорондын харилцаа, хувь хүний зохион байгуулалтын талаар ядаж хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг, сургуулийн ч хөтөлбөр алга. Айлаар яривал аав ээж нь хүүхдүүдээ хаалганыхаа гадаа гаргаад дотроосоо түгжчихээд сууж байна. Боловсролын яам сурах бичгийн хэрүүлээс хэтрэхгүй. Соёлын газар нь хэдэн ясны олдвор яриад л…

Эцсийн эцэст Төрөөс шийдэмгий арга хэмжээ авсан нь: Мөнгө нэмж хэвлэв!

Бид ингээд Зимбабвегийн араас жагсаж байгаа нь энэ. Энэ улсын мөнгөний нэгж юань болсон. Тэгээд ч аз жаргалын индексээр бидний яг дараагийн орон Зимбабве.

Төрөө дээдэлье…

…гэтэл Төр нь өөрөө дэндүү сул дорой, дажин самуунтай, хоорондоо дайтах бүлгүүдийг харахад эмгэнэлт инээдмийн театр шиг байна. Шударга гэх юм бидний эргэн тойронд алга. Захын монгол хүн төрөө харааж, доромжилж байна. Бас буруутгах аргагүй, учир нь арван мянган төгрөгийн хулгайгаар 10 жил, дөрвөн тэрбумын хулгайгаар хоёр жил… гэсэн эшлэлийг одоо хүн болгон мэднэ.

Зарим нь хэрэг хийчихээд “гадуур байцаагдаж” амралт сувилалаар явдаг. Гэтэл нөгөө хэсгийн хийсэн хэрэг нотлогдоогүй байхад торны цаана хүйтэн нойтон сууж өвчний үүр болоод цагаадсан болж гардаг. Хүний хувийн компани тэлэх аргагүй болж, төрийн нэр барьсан нэг түшмэлд “дээрэмдүүлэх” нь энүүхэнд. Эсвэл арай гэж босгосон компаниа хуваалцаж санааг нь амраадаг гэнэ. Харин бид энэ бүхэн болох ёстой явдал гэж боддог болсон. Бид мөхөл рүүгээ шуудраад байна уу даа?

Уг нь бид цаасан дээр бичсэн хуультай ард түмэн шүү дээ. Тэгээд тэр нь хэрэгжвэл бид яг л Америкад, Германд байгаа мэт амьдрах боломж харагдана. Том дарга ба бид нар хуулийн өмнө бараг ямар ч ялгаагүй болохыг мэдэх болно. Гэвч бид дээр дооргүй нэгнээ авилгадаж хуулийг уландаа гишгэж байна. Хамгийн арилсан дотортой хулгайч хүн л даргын суудалд суугаад авлига авдаг.

Монголчууд эртнээс нааш ёс суртахуунгүй, өмнөх хийгээд дараах учрал тохиол, үйлийн үрийг огоорч энэ насны жаргалаа хичээн бирд мэт амьдардаг хүнийг арилсан дотортой гэж нэрийдсэн билээ. Өөрөөсөө өөр хэнийг ч эс бодох бирдүүдийг бид толгой дээрээ залжээ. Дарга нар өнгөрсөн 25 жилд зөвхөн зарах ажил хийв.

Тэд юу ч бүтээгээгүй бөгөөд, бүтээх орчин нөхцөл бий болгох битгий хэл байгааг нь боомилон дарсан. Төрийн өмч хувьчлахаас эхлээд лиценз зарах хүртэл хөгжсөн энэ үйл явц одоо зарах зүйлгүй үлдсэн бөгөөд аймаг сумын нутаг дэвсгэрт сонирхолоо илэрхийлээд эхэлсэн байна. Худалдан авагч нь хэн гэдгийг бид мэднэ.

Завхарсан дарга нарыг ёс зүйтэй хүнээр л сольчихвол болох юм шиг харагдаж байна уу? Гэвч бирдийн өвчин хүний төрөлх шунал, тачаал, хүслээс үүдэлтэй тул өндөр халдвартай юм. Хүн ёс зүйтэй эсэхээсээ үл хамааран дампуурч өтсөн газар удаан байвал нэг бол шахагдан гадуурхагдаж, эс бол өөрөө бирд болно.

Мянган Сүрэнхүүгийн нуруун дээр сандайлагч Бирд. Тиймээс манай оронд нүүрлээд удаж буй энэ гажуудал, завхралыг механизмаар нь солих, Төрийн бүх салбаруудад хатуу сахилга бат суулгах нь нэн яаралтай шаардлага юм аа. Зөвхөн муудсан навчийг нь түүгээд мод эрүүлжихгүй тул төрийн орчинд төдийгүй нийгмийн иш үндэс болсон иргэдийн ухамсар, ирээдүй болсон хүүхэд багачууддаа ч анхнаас нь. сахилга бат суулгууштай…

Сахилга бат

Сахилга бат буюу discipline хэмээх нь нэн өргөн ойлголт бөгөөд чухам энэ тогтолцоо хэр хөгжсөнөөс улс орны хөгжил, ёс суртахуун шууд хамаарч баина. Бид ажил хэрэгч америк хүн, чанд нарийн герман хүн, ёс журамт япон хүний тухай ярьдаг. Мөн өөрсөдтэйгээ таарсан африк нөхдийг ч шоолохоо мартахгүй. Хэнийг шоолж, хэнийг хүндэлж байна вэ?

Энэ ердөө л сахилга батын асуудал юм. Бид “Германд ч өөр юмаа!” гэж ярих нь ердөө л сахилга батын үр шимийг нь ярьж буй хэрэг. Өндөр хөгжилтэй оронд хүүхэд эхийн хэвлийд байхаасаа эхлээд сахилга баттай нүүр тулна. Эмчийн тавих шаардлагаас эхлээд жирэмсэн эх тайван байх, амрах, сувилуулах эрхийг дээд зэргээр хангах тухай хуульчилж, тэр нь яг таг биелдэг нь сахилга бат. Энэ мэтчилэн цэцэрлэг, сургууль, ажлын байр, нийгмийн бүх салбар, чиглэлүүд цаашлаад төр, төрийнхөө оройд хүртэл сахилга бат ноёлж байж өндөр хөгжил, сайхан амьдрал, иргэдийн аз жаргалыг бүтээдэг байна.

Бид агуу түүхтэй, хүнтэй адил гар хөлтэй, оюуны төвшин дунджаас дээгүүр… харин сахилга бат л алга! Бидний олон жил ярьж, толгой сэгсэрч ирсэн зүйлийн хариулт нь энэ.

Явж явж манай оронд ард түмэн нь хамгийн сахилга баттай байдаг. Хэрэгт орчих вий, алдаа эндэгдэл гаргах вий, ард үлдсэн хүүхдүүд хоолгүй болох вий, найзыгаа гомдоох вий гэсэн түмэн зүйлийн бодлоор өөрийн ёс суртахууныг хангаад явж байна. Яагаад гэвэл дарга нар маань хувийн хэвшлийнхэн, ард иргэддээ л зориулж “болохгүй”, “торгоно”, “барина”… гэсэн хууль дүрэм бөөн бөөнөөр нь гаргана. Харин өөрсдөө ганцхан л айдастай нь: “баригдах вий!’’. Авсан хүн айхаас ч яахав.

Сахилга бат гэдэг нь дарлал, дарангуйлал, хүчирхийлэл огт биш бөгөөд гагцхүү дүрэм журам, үүрэг хариуцлага, цэгцтэй хуваарилалт юм. Discipline гэгч энэ зүйл бүхэл бүтэн судлагдахуун болж хөгжжээ. Хувь хүн аятайхан амьдрахаас эхлээд улс орон хөгжихийн үндэс суурь бол сахилга бат. Сахилга бат гадаад дотоод гэсэн хоёр хүчин зүйлээс бүрдэнэ.

Дотоод сахилга бат хүний өсөх орчин, амьдрах хэв маягаар бүрэлддэг сэтгэл зүрх юм. Энэ бол урт хугацааны үйл явц. Нэг зарчимч, ёс зүйтэй, сахилга баттай хүнийг өсгөхийн тулд 18 жил дотоод руу нь чиглэсэн сургалт маягийн юм хийх нь байна. Гэтэл нийгэм, хүрээлэн байгаа орчин нэг нь нөгөөөдөө нөлөөлсөөр байдаг учир нийтээрээ дотоод ёс зүйтэй болохын тулд хүний хэдэн үеийг элээдэг байна Тиймээс өндөр хөгжилтэй орнууд өөрийн үнэ цэнийг удаан хугацаанд бүтээсэн байдаг.

Харин гадаад сахилга батыг хууль, хяналтын хүчээр мөрдүүлдэг. Манайх хуультай, хяналттай улс орон. Гэвч яагаад хэрэгжихгүй байна вэ? Үүнийг хамгийн энгийн жишээ татан хэлээд энэ өгүүллээ дуусгая.

Их Монгол Улсын эринд худлаа хэлбэл цаазын ялтай байсан тул цэрэг ард зөвхөн үнэнийг хэлдэг байжээ. Тэр цэрэг худлаа хэлбэл хэзээ нэгтээ, магадгүй нэг алхаад эргэн тойрон дахь үнэнч хүмүүст баригдана. Гэхдээ тэр цэрэгт амь мултрах боломж бий. Хэрэв эргэн тойрныхон нь мөн худлаа хэлбэл…

Тиймээ, манай хууль тогтоогчид, гүйцэтгэгчид, хариуцлагатай алба хашигчид нийтээрээ худлаа хэлэхээс өөр аргагүй болчихож. Сахилга батын асуудал бүтнээрээ хаягдсан болоод л тэр шүү дээ. Үүнийг хэрхэн хангах талаар дараа дараагийн өгүүллээрээ хүргэе.

Москвагийн их сургуулийн докторант Бадарчийн Одсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих