Ж.Батзандан: Сонгогчдын 40 хувийн санал гудамжинд гарч байна

АН-ын Нэг Ардчилал клубын гишүүн Ж. Батзандантай ярилцлаа.

-Сонгуулийн хуулийг өөрчлөх талаар идэвхтэй ярьж байгаа энэ үед таны байр суурь ямар байгааг сонсъё?
-Сонгуулийн хууль, системийн өөрчлөлттэй холбоотой улс төрийн намуудаас олон санал гарч байна. Энэ хүрээнд АН-ын залуучуудын байгууллага Нэг Ардчилал клубээс сонгуулийн системийн өөрчлөлтийг хэрхэн яаж хийх вэ гэдэг талаар нээлттэй хэлэлцүүлгийг хийж байна.

Сүүлийн 20 жилд бид таван удаагийн сонгуулийг мажоритар системээр явууллаа. Энэ системийн сул тал, гажуудлыг хэрхэн яаж нөхөх вэ гэдгийг яриад байгаа юм л даа. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хийсэн сонгуулиудыг харахаар нийт сонгогчдын 50 гаруй хувийн саналыг авсан нам парламентын суудлын 90 гаруй суудлыг авч байх жишээтэй.

Гэтэл 40 гаруй хувийнх нь санал гудамжинд гарч байгаа сонгуулийн системээр бид яваад байгаа юм. Дээрээс нь эмэгтэйчүүдийн, залуучуудын, гуравдагч улс төрийн намд ямар ч орон зай алга. Энэ байдпыг өөрчлөхгүйгээр Монголын улс төр явахгүй нь ээ.

Дээрээс нь Монголын сонгуулийн системээс үүдэлтэйгээр жалга довны үзэл, ах дүүгийн бодлого Монгол Улсын бодлогоос илүүтэйгээр явж байгааг бид харж байна. Монголын улс төр авлига, бүлэглэлийн улс төр болж хувирлаа. Энэ бүхнийг еөрчлөхийн тулд бид сонгуулийн системийг өөрчлөх хэрэгтэй.

-Мажоритар систем “ард түмний төлөөллийг шууд сонгох” гэдэг утгаараа байгаад байх шиг байна?
-НҮБ-ын гишүүн орнууд пропорциональ системээр сонгуулиа хийж байна. Монголтой адилхан улстөр, эдийн засаг, нийгмийн шинэчлэл хийсэн улс орнуудын 95 хувь нь хувь тэнцүүлсэн системээр сонгуулиа хийж байна. Хэрвээ энэ байдлаар мажоритар системээр бид сонгуулиа хийх юм бол нийгэмд сөргөлдөөн, талцал, тогтворгүй байдал руу орох нь ээ.

Ашигт малтмалаас асар их мөнгө орж ирж байгаа энэ үед улс төрчдийн дунд талцлыг бий болгодог бус хамтралыг үүсгэж, улстөрийн тогтвортой байдлыг бий болгодог сонгуулийн шинэ системийг сонгох нь зүйтэй гэсэн саналыг манай клубээс дэвшүүлж байгаа юм.

-Зарим улс төрчид мандатын тоог хүн амын нягтралтай нь харьцуулж гаргах хэрэгтэй гэсэн саналыг хэлж байна. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Монголын парламентад төв суурин газрын иргэдийн төлөөлөл цөөхөн ордог. Жишээлбэл Улаанбаатар хотод Монголын хүн амын талаас илүү хувь нь амьдарч байна. Мөн гадаадад 200 гаруй мянган монгол иргэн амьдарч байна. Гэтэл Moнгoлын парламентад энэ иргэдийн төлөөлөл бүрэн утгаараа орж чадахгүй байгаа.

Тиймээс шинээр батлагдах сонгуулийн хуулинд төв суурин газрын иргэдийн төлөөллийг түлхүү оруулъя, ялангуяа сонгогчид болон мандатын тоо хоорондын харьцаа тэнцүү байх гэсэн зарчим үйлчлэх ёстой.

-Гадаадад байгаа монголчуудын төлөөллийг оруулахын тулд хэрхэн шийдэх вэ?
-Сонгуулийн хуулийг пропорциональ болгосон тохиолдолд энэ боломж нээгдэнэ. Пропорциональ тогтолцоог дэмжээд байгаа нь нийт монголчуудын төлөөллийг оруулж, иргэн бүрийн санал гээгдэхгүй байх л хэрэгтэй.

-Пропорциональ системээр сонгууль явуулснаар олон намын тогтолцоо бүрдэх үү?
-Хувь тэнцүүлсэн системийг сонгосон улсуудыг харахад 2-3 улс төрийн хүчин засгийн эрхийг ээлжилж барьж байна. Засаг төрийн үйл ажиллагаа тогтвортой үргэлжилж байгаа бөгөөд хоорондын зөвшилцөл, хэлэлцээрийн хамтын улс төр тэнд байна. Түүнээс биш манайх шиг нутгархсан, дов жалганы үзэл дээр тулгуурласан, сургууль цэцэрлэгийн дээвэр засах төдийхнөөр хязгаарлагддаг улс төрийн бодлого байхгүй болчихож байгаа юм.

Үндэсний хэмжээний улс төрийн бодлого барьдаг, томоохон улс төрчдийг төрүүлдэг, том бодлого хэрэгжүүлдэг цаг хэрэгтэй гэж бодож байна.

-Сонгуулийн хуулийг шинэчлэх явцыг удаашруулах сонирхолтой хүмүүс олон бий гэж бодож байна уу?
-Сонгуулийн хуулийн хэлэлцүүлэг одоо эхлэх гэж байна. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь өөрчлөх хүсэлтэй байгаа. Яагаад гэвэл дор хаяж долдугаар сарын нэгнээс монголчууд бүгдээрээ сургамж авсан байгаа. Сонгуулийн булхай, луйвар, будлианыг хэрхэн яаж бууруулах вэ.

Сонгуулийн хууль гэдэг бол үндсэндээ сонгогчдын, сонгох эрхийн тухай хууль болохоос биш улс төрчдийн тухай хууль биш юм. Энэ утгаараа сонгуулийн хуулийг өөрчилье гэсэн асуудал маш хүчтэй яригдаж байна. Улстөрийн намуудын дунд хараахан зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Үр дүнд хүрэх байх гэдэгт найдаж байна.

Б.Жаргал
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих