Шар үнэмлэхээ 12.500 төгрөгөөр солиулна
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор жолооны хуучин шар үнэмлэхийг солиулах тухай мэдээлэл цацагдсан билээ. Яг одоогоор шар үнэмлэхийг солих ажлыг гүйцэтгэж буй Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв өндөр ачаалалтай ажиллаж байна.
Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат “Шар үнэмлэхээ заавал солих шаардлагатай. Хууль зүйн сайдын тушаалаар жолоодох эрхийн үнэмлэхний загвар батлагдсан. Замын хөдөлгөөний тухай хуульдаа үнэмлэхийг 10 жилийн хугацаатай олгоно гээд заачихсан байгаа. Шинэ загварын саарал үнэмлэхийг манай улс төдийгүй, олон улсад тараагдчихсан учраас хуучин шар үнэмлэхээ зайлшгүй солих шаардлагатай” гэсэн мэдээлэл өглөө.
Хуучин шар үнэмлэх хүчингүйд тооцогдсон бөгөөд шар үнэмлэхтэй жолооч нарт арга хэмжээ тооцоод эхэлжээ. Тиймээс иргэд үнэмлэхээ солиулахаар Лицензийн төвд очиж, урт дараалал үүсгээд байгаа юм. Үнэмлэхийг ажлын ачаалал багатай тохиолдолд 3 хоног дотор гаргаж байгаа гэлээ.
Үнэмлэх солиулах бол
Жолоочийн үнэмлэх хуучирч муудсан, хуучин шар үнэмлэх солиулах бол дараах бичиг баримтыг бүрдүүлж, ЦЕГ-ын Лицензийн төвд очино. Лицензийн төв хуучнаар цэргийн 805 дугаар ангийн хажууд байрладаг билээ.
1. Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа.
2. Цээж зураг 1% /3х4см/
3. Эрүүл мэндийн тодорхойлолт /цусны бүлэг тогтоолгосон./
4. Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 900012408, Хүлээн авагч банк – Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага – ЦЕГ-ын СХГазар/
5. Хуучин шар үнэмлэх
URL: