Боулингийн ахмадын нээлттэй тэмцээн боллоо
Монголын боулинг сонирхогчдын холбооноос ахмадын нээлттэй тэмцээнийг өчигдөр “Big bowling” төвд зохион байгууллаа. Бичин жилийн анхны тэмцээнд оролцогчид дөрвөн төрлөөр өрсөлдсөн юм. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн 40-45 насны ангилалд Д.Чулуунбаатар тэргүүлж, Д.Зоригт, Б.Пүрэвдорж нар удаалав.
Энэ төрлийн 46-гаас дээш насны ангилалд С.Батзориг түрүүлж, дэд байрт М.Түвшинсанаа, гуравдугаар байрт Ю.Ганболд шалгарлаа. Мөн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл 35-аас дээш насныхны дунд болоход Ш.Гэрлээ шилдгээр тодорч, С.Хандаа, Т.Долгормаа нар удаах байруудад шалгарсан.
Харин хосын төрөлд С.Батзориг, Ш.Гэрлээ нар аваргалж, хос алтан медалиар энгэрээ мялаалаа. Дэд байрт Б.Пүрэвдорж, Н.Тамир нар шалгарч, Н.Цэрэндамбаа, Т.Долгормаа удаалсан юм. Тэмцээний турш 232 буюу хамгийн өндөр оноо авч, СЭЗДС-ийн тамирчин, сагсан бөмбөгийн ОУХМ Б.Пүрэвдорж шилдэг тамирчнаар шалгарав. Хоёр сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээний шилдэг тамирчин тус бүрийг мөнгөн шагнал, өргөмжлөл, цомоор урамшуулжээ.
Нийтэлсэн: Б.Батхолбоо
URL: