Яруу найрагч На.Батболд “Ачиймаа”

Энэ хаврын шувууд яасан эрт нутагт минь ирж Эл хульханг бидэртүүлж бөхөн бөхөн алханам Эгүүрийн шүүдэрт цэцэг шиг харцанд чинь Ачиймаа Ээвэргэн дуслууд навчсыг амилуулж салхинаа хийсгээд Тогосын өдөн сормуус чинь дэвэхийн эгшинд Ачиймаа Тоононы минь цамхагт солонго татаад л замхардаг шүү

Энэ хаврын бороо яасан эрт асгарч Ээвгэр моддын мутрын завсраар бүлээцэж урснам Энэлэлийн хязгаарт дэнлүү шиг гэрэлтэх харцанд чинь Ачиймаа Эцэнгэр моддын навчис түүдгийн улаан гэгээ татуулаад Тогорууны даль шиг сормуус чинь дэвэхийн тэртээд Ачиймаа Тотгоны минь цаана бороо зүсрээд л өнгөрдөг шүү

Энэ хаврын уйтай харц намайг юундаа ширтэж Эгшигт горхины мөсийг гунигтай минь хамт хүлхнэм Ээлийн сэтгэл түгээдэг уярлын гэгээтэй Ачиймааг Эгээл намар руу явуулчихаад цэцэгсийг уйлуулж суудагсан Тоорын өнгөт уруулын чинь исэлгэн амт үдшээр Ачиймаа Тосон дэнгийн гэрэлд эрвээхэй үйхэд чамайг саналаа

Энэ хаврын яргуй яасан эрт нүдэлж Эрт багын минь дурсамжийг сөхөн сөхөн урганам Итгэлийн гэрэлдээ хоргодуулсан дулаахан харцтай Ачиймаа Инээднийхээ төгөлд сэтгэлийг минь төөрүүлж орхидогсон Мойлын өнгөт харцыг чинь үгүйлэхийн тэрүүхэнд Ачиймаа Моносын цагаан цэцэгс зүрхийг минь аргадаж ургадаг шүү


URL:

Сэтгэгдэл бичих