Хар тамхичид суллагдах нь зөв үү?

Монгол Улсад саяхан л шинэ төрлийн гэгдэж байсан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлтэй холбоотой гэмт хэрэг хуучирч, холбогдогчдын тоо жил бүр өссөөр байна. Цагдаагийн ерөнхий газраас мэдээлснээр 2012 онд 36 хэрэг гарсан бол 2013 онд 37, 2014 онд 65 болж өсчээ. Өнгөрсөн онд гэхэд энэ тоо дахин нэмэгдэж, цагдаа нар хар тамхи хилээр нэвтрүүлсэн, хадгалсан, зарж борлуулсан 69 гэмт хэргийг илрүүлж, 160 хүнийг холбогдуулан шалгажээ. Холбогдсон хүмүүс голдуу 18-35 насныхан байгаа юм.

Энэ төрлийн гэмт хэрэг ихээхэн онцлогтой. Хор уршиг өндөр, онц аюултай гэж болно. Хүний эд хөрөнгө, эрүүл мэндэд халдсэн хэрэгтэй зүйрлэх боломжгүй. Эрүүл мэнд хийгээд эдийн засгийн маш хор хөнөөлтэй. Энэ төрлийн хэрэгт нэгэнт татагдсан, хар тамхи хэрэглэж үзсэн л гарах боломжгүй, донтуулсаар байдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулдаг.

Өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн санаачлагаар Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж 4000 гаруй хүн эрх чөлөөтэй болсон. Тэдний дунд хар тамхины хэрэгт холбогдон шалгагдсан, ял эдэлж байсан хүмүүс багтсан юм. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нарын шүүх өнгөрсөн оны турш үргэлжилж, ял авсан. Тэгвэл тэдгээр хүмүүс саяхан суллагдав. Түүнчлэн гэр бүлийн бүх гишүүдээ хар тамхи хилээр нэвтрүүлэх хэрэгт уруу татсанаас бүгдийг нь шоронгийн хаалга татуулсан С.Наранбаатар нарын хэрэг гэж бий. Тэрээр Өршөөл үзүүлэх тухай хуулиар оны өмнө эрх чөлөөтэй болсон мэдээг хууль, шүүхийнхэн дуулгаж байсан. Ийнхүү хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүс эрх чөлөөтэй болох нь хэр зөв бэ?

Энэ тухай хуулийн байгууллагын хүмүүс ихээхэн эсэргүүцэж байгаа юм. Дээр өгүүлсэнчлэн хэрэгт холбогдож, эрх чөлөөгөө хасуулсан ч хэргийг дахин үйлдэх эрсдэлтэй, алдаагаа засч хар тамхинаас гарах боломжгүй байдгийг тэд хэлж байна. Түүгээр барахгүй Өршөөл үзүүлэх тухай хуульд хар тамхины хэргийн заалтыг оруулахыг Улсын дээд шүүхээс эсэргүүцэж байв. Гэвч уг хууль хэрэгжиж эхлээд нэр бүхий хүмүүс эрх чөлөөтэй болж эхэллээ.

Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэл, нэг үгээр хар тамхи гээч нь Монголын залуу үеийнхний ирээдүйд улам заналхийлсээр. Тэднийг тамын амьдрал руу хөтлөх гэмт этгээдүүдийг цагдаа нар ур чадвар, цаг зав, улсын төсвийг зарлагадан байж илрүүлэн баривчилж, энэ төрлийн хэргийг хумихыг хичээж буй. Гэтэл нөгөө талд Төрийн өндөрлөгүүд нь тэдэнд эрх чөлөө олгосоор байгааг хэн анхаарах вэ?

Б.Заяа

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих