Үнс шиг үнэгүйдэж буй түүхий нүүрсэнд өрсөлдөх чадвар байна уу?
“Хар алт”. Энэ үгээр дэлхий нийт нефтийг, монголчууд нүүрсийг төсөөлдөг. Гэвч энэ хоёр түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр алтны дайтай үнэлэгдэж байсан цаг ард хоцорчээ. Томоохон биржүүдийн ханшийн самбар дээр нефть, нүүрс хоёрын үнэ уралдаж унасаар өдгөө 30-50 ам.долларт л хэлбэлзэх болов. Саяхан баррель нефть 144 ам.доллар, тонн коксжих нүүрс 200 ам.долларт шүргэж байсантай харьцуулбал энэ бол сүйрэл. Нефть, нүүрсний экспортоор төсвөө бүрдүүлдэг манайх шиг орнуудын хувьд том аюул. Ийм улс орнууд бүгд л “Үнэ буцаад өсөх болов уу” гэсэн хүлээлт, “Үнэ буцаад өснө” гэсэн хоосон итгэл хоёртой өдөр хоногийг өнгөрөөсөөр найдлага бараг тасарч байх шиг.
Олон улсын шинжээчдийн тайлбараар нефть, нүүрсний үнийн уналт өөр, өөрийн бодитой шалтгаантай аж. Нефтийн үнийн уналт нь эдийн засгийн гэхээс илүүтэй улс төрийн шалтгаантай бол нүүрснийх улс төрөөс бус зах зээлээс шууд хамаарч унасан. Өөрөөр хэлбэл, их гүрнүүдийн харилцаа буцаад дулаарбал нефтийн үнэ дагаж өсөх магадлалтай юм. Харин манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ мөддөө сэргэхгүй нь бололтой. Дэлхийн зах зээл дэх өрсөлдөөн ширүүсч, үнэ өсөх бус улам л доошлох, уруудах магадлал нь илүүтэй жин дарж байгааг бодит нөхцөл байдлууд анхааруулсаар. Үүнийг батлах мэт дэлхийн нүүрсний хамгийн том импортлогч орон болох БНХАУ-ын хэрэгцээ жилээс жилд хумигдсаар байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн таамаглаж буйгаар 1999 оноос хойш анх удаа 2014 онд Хятадын нүүрсний импорт 219 сая тонн болтлоо буурсан бол энэ үзүүлэлт 2020 он гэхэд ердөө 128 сая тонн болж огцом багасах таамаг гарчээ. Тавантолгойн гол хэрэглэгч гэж бидний хардаг Хятадын хэрэглээний энэхүү үргэлжилсэн уналт төсвийнхөө багагүй хэсгийг нүүрсний экспортоос бүрдүүлдэг манай улсад ямархуу хүнд цохилт болж буух бол?!
2020 оныг хүлээж чадалгүй, боксоор бол бид дөнгөж эхний үе дээрээ нам цохиулчихаад байгааг салбарын мэргэжилтнүүд анхаарууллаа. Нүүрсний салбар дээр хөгжих өрсөлдөөн бус, амьд үлдэх уралдаан үргэлжилсээр байгаа гашуун үнэнийг тэд шууд хэлдэг болжээ. Үнэхээр нөхцөл байдал тэгтлээ муудсан гэдэгтэй маргах арга алга. Хачиргүй нүцгэн тоо худал хэлдэггүй гэдэг. Зах зээл боломжийн байсан 2011 онд Монгол Улс 21 сая тонн нүүрс экспортолж, тэр хэрээр төсвийн орлогод жинтэй хувь нэмэр оруулж байжээ. Гэвч түүнээс хойш нүүрсний экспортын хэмжээ жилээс жилд багасч, 2015 онд ердөө 14.5 сая тонн болж буурсан байна. Эдийн засгийн уналт, долларын ханшийн өсөлт хоёроос шалтгаалж улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан 40 гаруй уурхайгаас ганц, хоёрхон нь үлдэж, бусад нь үүдээ барив. Бодит байдал, үнэн төрх ийм л байгаа аж.
Бүхэлдээ уналтын байдалд орсон нүүрсний салбарыг буцааж босгох ганц л гарц үлдсэн нь өрсөлдөх чадварыг нь сайжруулах юм. Өөрөөр хэлбэл, нүүрсээ ухаад зараад, ухаад зараад байдаг уламжлалт “технологио” үргэлжлүүлэх бус, Монголдоо нэмүү өртөг шингээж, баяжуулж экспортлох нь энэ салбарын амьд үлдэх ганц арга болчихоод байна.
НҮҮРС НЬ ХЯМД, БОДЛОГО НЬ ХӨШҮҮН
Тавантолгойн бүлэг ордоор жишээ татъя. Чанарын хувьд Австралийн брэнд нүүрсэн бүтээгдэхүүнтэй дүйцэхүйц боловч “Энержи Ресурс” компаниас бусад нь нүүрсийг түүхийгээр экспортолсоор байна. Орон нутгийн Тавантолгой, Баруун Цанхид олборлолт явуулж буй “Эрдэнэс Тавантолгой” компани гээд бүгд л уурхайн аман дээрээс нүүрсээ түүхийгээр нь Хятадын “Винсвей” зэрэг зууч компаниудад өгч ирлээ. Зууч нэртэй боловч эд бүгд ченжүүд. Тэд Монголоос хямд үнээр авсан түүхий нүүрсээ Өвөрмонгол дахь Жинчуаны Нүүрс баяжуулах цогцолборт нийлүүлж, Хятадын дотоодын чанар муутай нүүрстэй хольж баяжуулдаг. Үүнийгээ “Монголын Тавантолгойн нүүрс” нэрээр цаашаа Тяньжин хүргэж зарсаар байгаа нь бодит үнэн. Үр дүнд нь Монголд “0” төгрөгийн нэмүү өртөг үлдэж, Өвөр Монголд хэдэн оронтой тоогоор хэмжигдэх бодит ашиг шингэж байна.
Ийм бодлоготойгоор Монголын Тавантолгойн нүүрс дэлхийн зах зээлд өрсөлдөж чадах уу, бид 2020 хүртэл тэсч үлдэх үү, нүүрс үнснээс ялгаагүй үнэгүйдэх үү гээд олон, олон асуулт байна. Өрсөлдлөө гэж бодоход өрмийг нь Өвөрмонголд хамж, хусмыг нь л эндээ булаацалдан хувааж суух нь. Уг нь дотоодоо баяжуулаад, нэмүү өртөг үлдээгээд олон улсад “нэг цонх”-оор өрсөлдвөл дээр өгүүлсэнчлэн Тавантолгойн бүлэг орд бол Австралийн брэнд нүүрсэн бүтээгдэхүүнтэй чанараар, газар зүйн байрлалаар өрсөлдөж чадна. Чанар дагаж үнэ хөдөлдөг болохоор монголчуудын олдог мөнгө ч ахиу болох нь гарцаагүй юм. Тиймээс ч УИХ-аас баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого болон холбогдох хууль, шийдвэрт дандаа л “Монгол Улс дотооддоо нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл явуулахыг зорино, дотооддоо боловсруулах үйлдвэрлэлийг дэмжинэ”, “Жилд 50 сая тонн нүүрс экспортолж, дэлхийн зах зээлд өрсөлдөнө”, “Нүүрсний экспортын нэг “цонх”-ны бодлого хэрэгжүүлнэ” гэж тусгасан байдаг аж. Гэвч цагаан цаасан дээр хараар бичигдсэн төрийн энэ бодлого хэрэгжихдээ тун хөшүүн учраас Тавантолгойн нүүрс өнөөдөр өрсөлдөх чадваргүй хэвээрээ л байна.
НҮҮРСЭЭ БАЯЖУУЛАХ, ТҮҮХИЙГЭЭР НЬ “ЯДУУ” БАЙЛГАХ ХОЁРЫН ЯЛГАА
Нүүрсээ ухаад, уурхайн аман дээрээс нь шууд зарахад технологи шаардахгүй амар л сонголт байх. Гэвч ажлыг хялбаршуулах гэсэн энэ хандлагаас болж Монгол Улс одоо болон ирээдүйд олох хэчнээн боломжоо алдаж байгаа бол. Шууд өгч авалцаж байгаа мөнгөн дүнгээсээ гадна эдийн засгийн хувьд асар ихийг алдаж байгааг хэдхэн баримтаар жишээ татъя. Түүхий нүүрсийг уурхайн аман дээрээс зарахад Монголын тал үнэд хяналт тогтоох боломж үнэндээ бараг байхгүйтэй л адил. Тиймдээ ч одоо нэг тонн түүхий нүүрсийг ердөө 25-хан ам.доллараар ченжүүд үнэлж авч байна. Энэ бол шалдаа буучихаад буй дэлхийн зах зээлийн жишиг үнийн ердөө тал нь гээд бод доо. Хэрэв эндээ баяжуулаад, уурхайн аман дээрээс бус, ядаж Ганцмодны боомт хүргэвэл тонн нүүрс 51 ам.доллар болж ханш нь хоёр дахин өсөх бэлэн боломж байна. Энэ бол шууд авалцаж, өгөлцөх мөнгөн дүнгийн зөрүү. Үүнээс гадна эдийн засгийн бусад агуулгаар харвал түүхий нүүрсээ уурхайн аман дээрээс зарах, баяжуулсан нүүрсээ экспортлох хоёрт асар хол зөрүү бий.
Өнөөг хүртэл Хятадын компаниуд түүхий нүүрсийг сорчилж авсаар иржээ. Өөрөөр хэлбэл, зууч компаниуд нүүрсийг сорчлон аль сайн чанарынхыг нь ялгаж аваад явдаг байна. Харин нийт олборлосон нүүрсний 20-30 хувь нь овоолго болон эндээ хаягддаг аж. Сорчлох нь нэг ёсондоо урт хугацаандаа уурхайд асар их алдагдал авчирдаг гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар иржээ. Учрыг энгийнээр тайлбарлавал өнгөрсөн хугацаанд Тавантолгойн бүсээс нүүрс түүхийгээр нь экспортлогч компаниудын жилийн олборлолтын хэмжээ дээд тал нь 6 сая тонн хүрчээ. Чамлах үзүүлэлт биш гэж бодъё. Гэтэл энэхүү олборлосон 6 сая тонн нүүрснээс нь 30 орчим хувь нь сорчлогдон хаягдана гэвэл жилд ердөө 4 орчим сая тонн түүхий нүүрс л экспортолж байсан гэсэн үг. Хэрэв олборлосон нүүрсээ чанараар нь ангилан хольж баяжуулсан бол нэгдүгээрт, орд газрыг сорчлохгүй, хоёрт, урт хугацаандаа уурхайг зөв зохистойгоор бүрэн ашиглах давуу талтай. Хар ухаанаар бодоход эдийн засгийн өгөөж шууд 20-30 хувиар нэмэгдэх боломжтой юм. Овоолго болоод хаягдаж байсан 30 хувь маань хүртэл экспортолсон нүүрстэйгээ нэгэн адил мөнгө болно оо л гэсэн үг. Мэдээж нүүрсийг ангилж, баяжуулж байгаа учраас ажлын байр нэмэгдэнэ, нэмүү өртөг Монголд үлдэнэ, Тавантолгойн нүүрсэн бүтээгдэхүүн дэлхийд өрсөлдөх стандарттай болно. Энэ мэтээр давуу тал олныг дурдаж болох юм.
Тавантолгойн бүлэг орд дээр баяжуулалт хийж байгаа ганц компани нь “Энержи Ресурс”. Эдний нүүрс олборлож, баяжуулах үйлдвэрийн бүрэн хүчин чадал нь жилд 15 сая тонн. Тэгэхээр Монгол Улсын экспортод гаргаж буй бүх нүүрсийг биш юм гэхэд, ихэнхийг нь эндээ баяжуулах боломж байна аа л гэсэн үг. Үнэ ханшийг нь одоогийн төвшинд тооцвол, түүхий нүүрсний экспортоос 5 жилийн хугацаанд 500 сая ам.долларын экспортын орлого орж ирэх боломжтой юм. Харин одоогийн үнээр 5 жилд 45 сая тонн баяжуулсан нүүрс экспортлох юм бол 2.3 тэрбум ам.долларын экспортын орлого төвлөрүүлэх бүрэн боломж бий. Энэ хоёрын хооронд “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллараас ч давсан мөнгөн дүн яригдаж байна шүү дээ. Анхаарах л ёстой.
Нүүрсийг дотооддоо баяжуулж, нэгдсэн стандартын нүүрсэн бүтээгдэхүүн гаргаж авснаар тээвэрлэлт, зах зээлээ ч бүрэн хянах боломжтой. Өөрөөр хэлбэл, Хятадын зууч нэртэй ченж компаниуд хүссэн үнээ тогтоодог бус, Монгол Улс нэг амаар, нэг үнээр нүүрсээ эхний ээлжинд Ганцмодны боомтод хүргэх, улмаар БНХАУ-тай транзит тээврийн гэрээ, нөхцөлүүдийг баталгаажуулах замаар цааш далайн эргийн боомтууд дахь эцсийн хэрэглэгчдэд хүргэх боломж бий. Энэ бол Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод туссан л зорилт. Хэрэв төрийн энэ бодлогоо хэрэгжүүлэхгүй, хөшүүн царцанги хэвээр нь байлгасаар байвал, нэг ёсондоо одоогийх шиг нүүрсээ түүхийгээр нь Хятадын ченж компаниудад хямд үнээр худалдсанаар Монголдоо нэмүү өртөг бүтээх, орд газрын үнэ цэнийг өсгөх, үнэд хяналт, зохицуулалт хийх, гадаад зах зээлд өрсөлдөх бүх боломж хаагдсаар байна. Монголд үлдэх байсан нэмүү өртгөө, ажлын байраа, экспортын орлогоо бид Хятадын Жинчуан дахь Нүүрс баяжуулах төвүүдэд алдсаар л байна.
Энэ утгаар нь бодвол Хятадын тал Монгол нүүрсийг зөвхөн түүхийгээр нь хямд үнэлж авах, улмаар өөрсдийн нутагт нэмүү өртөг, ажлын байр бий болгох, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг тууштай барьж байхыг ч үгүйсгэхгүй. Цаашид ийм байдлаар үргэлжилвэл монгол нүүрс Хятад компаниудын мэдэлд бүрэн шилжиж, Тавантолгойн бүс түүхий нүүрсний өрийн циклиэс гарах боломжгүй болно. Түүхий нүүрсний бүдүүлэг загвараас татгалзаагүй цагт угааж, баяжуулсан нүүрсний зах зээл дотоодынхоо өрсөлдөөнд шахагдаж, Монголын нүүрсний салбар ажилгүй уурхайчид, зэвэрсэн тоног төхөөрөмж, сэглэгдсэн орд газар, өрийн данстай үлдэх ирээдүй нүүрлээд байна. Хэрэв нүүрсээ угааж баяжуулаад экспортлох төрийн бодлого бодитой хэрэгжвэл ядаж л хямралын үед орд газруудын үнэ цэнэ өсч, зах зээлд эзлэх байр суурь батжиж, эдийн засагт ирэх орлого, ашиг нэмэгдэх давуу талтай. Хамгийн гол нь монгол нүүрс өрсөлдөөнд бүрэн шахагдахаас урьдчилан сэргийлэх, дотоодын компаниуд, иргэдийнхээ ажлын байрыг хамгаалж үлдэх бүрэн боломж бий. Нүүрсээ баяжуулж мөнгө болгох, түүхийгээр нь “ядуу” байлгах хоёрын ялгаа энэ
А.Болдбаатар
Эх сурвалж: Ардын эрх сонин
URL: