Зодуурын хэдэн хүүхэд
Хайран залуус. Төрийн алба залгуулах гэж залагдаж ирээд, төрлийн холбоо, намын харьяаллаар хөөгдөж буусан хөөрхий залуучууд. Хэн ч тэдний өмнөөс харамсахгүй юм. Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай гэх хатуурхах юм.
Тун удахгүй дахиад ч олон залуусын төрийн албанаас чөлөөлж, халж солих нь. Төсвийн хэмнэлт, зайлшгүй шаардлага гэсэн нэрийн дор цомхотгох, халах, яам агентлагуудыг нэгтгэнэ. Төрийн албан хаагчид үүний хөлд үрэгдэж, ёстой л ардаа татаастай нь үлдэж, арын хаалгагүй нь явна гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд төрийн албыг төрлийн алба болголоо, намын харьяаллаар халж сэлгэлээ гэх хэл ам бишгүй л өрнөсөн. Аль ч засгийн үед энэ байдал засагдаагүй. Гэтэл төрийн жинхэнэ албан хаагч, ажилдаа мэргэшсэн чадварлаг залуусыг энэ хоморго тойрч биш, дайраад өнгөрсөн байдаг нь харамсалтай.
Аливаа юм хоёр талтай. Төрийн алба улстөрчдийн нөлөөнд хэт орж, данхайж томорсон нь мөнөөх жинхэнэ төрийн албан хаагчийг нэр хүндийг шороотой хутгасан. “Мөнчгөр”-өөрөө ахиж дэвшээд, дарга удирдлага болсон байлаа ч намын хүн, тэрний, энэний татаас гэсээр байгаад унагачихдаг жишиг Монголд бий. Оронд нь харин жинхэнэ “Лифтний хүн” гарч ирнэ. Лифтний хүн гэдэг нь давхар алгасч, шат ахихыг хэлж буй юм. Хэн нэгний татаас, дэмжлэгээр дээшээ гардаг гэсэн санаа. Таван давхарт лифтээр гарах, шатаар гарах хоёрын ялгааг төрийн албаар жишээлж хэлсэн хэрэг.
Тэгвэл шатаар өгсөж, давхар бүрээ андахгүй болж гарч ирсэн залуучуудыгаа төрийн албаны халаа сэлгээ, цомхотголоор буцаагаад нэг давхар руу шидчих нь хэр шударга юм бэ.
Чиг үүрэг давхардсан агентлаг, ажлын алба, нэгж, төвүүдийг холбогдох яам, агентлаг, төсөвт байгууллагад нэгтэх, татан буулгах нь зүй ёсны нийгмийн шаардлага. Гэхдээ энэ нь эсрэгээрээ олон хүний ажил амьдрал, амжилт бүтээл, урам зоригийг хугалсан үйл хэрэг болж хэрэгждэг нь бодит үнэн. Дарга, сайд шинээр томилогдох бүрд тухайн байгууллагын үйлчлэгчээс эхлээд бараг бүх хүнийг сольдог гаж тогтолцоо манайд бүр заншил болж тогтсон.
2012 оноос хойш жилдээ 15 мянган хүн халаа сэлгээнд өртсөн гэх мэдээлэл байна. Тодруулбал хоёр жилийн дотор л гэхэд 30 мянган төрийн албан хаагч шилжилт хөдөлгөөнд орсон байх юм. Шилжилт хөдөлгөөн гэдэг нь албан тушаал буурсан, ахисан, гарсан, халагдсан бүх алба хаагчдын тоо. Шийдлийн Засгийн газар гарч ирснээс хойш энэ тоо хэрхэн өөрчлөгдсөнийг одоогоор мэдэх боломжгүй. Учир нь 2016 оны хавраас нааш Төрийн албаны зөвлөл халагдаж, солигдсон хүмүүсийн нарийн тоог гаргаж чадахгүй гэнэ. Гэхдээ Засгийн газрын орон тооны цомхотголд 2000 албан хаагч өртсөн бол яам, агентлагуудын сайд, дарга солигдохтой холбоотойгоор 500 орчим хүн халагдсан гэх мэдээлэл бий. Ядаж л энэ 500 хүн дотор өлгөөд авчихаар арав, хорийн зэрэг чадварлаг боловсон хүчнүүд байсан л байж таараа шүү дээ.
солигдож халагдаж мэдэх орчин нөхцөлд хүн хэрхэн ажиллах тухай бодох цаг болсон байна. Өнөөдөр төрийн албанд ажиллагсдад тогтвортой ажиллах, хийж буй ажлынхаа эцсийг нь харах, үр дүнг нь үзэх гэсэн ямар ч итгэл найдвар алга. Яах юм, маргааш хэн нэг нь ирээд халах тушаалыг нь гардуулж, хийсэн ажлынх нь тайланг сөхөж харах ч үгүй хогийн сав руу чулуудахаас хойш. Энэ бол хоноцын сэтгэлзүй л дээ. Олон залуу албан хаагч ийм сэтгэлгүй, өөрт оноосон үүрэг, цаг хугацааг бүх чадлаараа үүрээд л гарахын тулд мэрийж, хичээж, зүтгэж ажилладаг байх. Гэвч эцсийн дүн нь ялгаагүй. Хийсэн ч, эс хийсэн ч халагдаж солигдохоо хүрвэл ямар ч нэмэргүй. Өөрийн бус, өрөөлийн дур зорго түүнийг шийднэ.
Итгэл үнэмшилтэй, тогтвор суурьшилтай, авлигад өртөхгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, чин зүтгэлтэй, чиглэсэн зорилготой ажиллах бололцоо, хүсэл эрмэлзэл үүнээс улбаалж уствал яана вэ.
Хэн нэгэн даргын ая талыг олж, цүнхийг нь барьж гүйсэн залуучууд мэргэшсэн албан хаагчдын орон зай руу хүч түрэн орж ирснийг хэн хүнгүй бүгд л мэдэж, харж байгаа билээ.
Эдийн засгийн хямрал, төрийн албаны данхайсан бүтэц, хүнд суртал, авлига, төрийн чадамжгүй байдал зэрэг өнөөгийн бүх асуудлын угт дээрх төрийн албан хаагчдын халаа сэлгээ, тогтворгүй байдал зохих үрээ цацсан нь дамжиггүй юм. Төрийн алба ийм барьцгүй, тогтворгүй байхад төрийн залгамж халаа, уламжлал шинэчлэл, төрийн хар хайрцагны бодлого, салбарын тогтвортой хөгжил, хөтөлбөрийн тухай ярих ч утга алга. Зүйн нь төрийн алба маш чадварлаг, мэргэшсэн, тогтвортой байх ёстой. Улс төрийн томилгооноос ангид төрийн албаны бүтцийг бий болгох оролдлогууд хийсэн боловч аль ч нам үүнийг хэрэгжүүлж чадахгүй л байна. Улс төрийн голлох хоёр нам ээлжлэн засаг барих тоолондоо сөрөг хүчнийхнээ төрийн албанаас толгой дараалан халдаг жишиг 1990 оноос хойш бичигдээгүй хууль мэт мөрдөгдөж ирсэн.
Үүнийг өөрчлөхийн тулд 2008 онд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн найруулснаар төрийн албыг улс төрийн үйл ажиллагаанаас ангид байх хууль эрх зүйн орчин бүрдсэн. Гэвч төрийн алба улс төрийн албан тушаалтнуудтай адил халаа сэлгээнд өртсөөр, хэл ам дагуулсаар, хамгийн гол нь төрийн ажлыг хойш нь улдан чангаасаар өдий хүрэв. Уг нь улс төрийн албан тушаалтнууд томилогдож, халагдаж, огцорч л байдаг, төрийн жинхэнэ албан хаагчид тэднээс ямар ч хамааралгүйгээр ажлаа хийж, улс орныхоо хөгжлийн тулгуур бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж байдаг жишиг олон улсад бий. Бидний сайн мэдэх Японд л гэхэд сайд нар нь огцрохдоо амархан. Харин төрийн алба нь тогтвортой ажилладаг тул сайд нарын томилгоо эдийн засаг, нийгмийнх нь амьдралд тийм ч хүчтэй нөлөө үзүүлдэггүй. Канад, Австрали зэрэг орон бүгд төрийн албыг мэргэшсэн, тогтвортой ажиллуулах ийм жишгийг бий болгож чадсанаар хөгжиж чаджээ.
Монголд харин “Бялуу хуваах” гэгч үзэгдэл албан ёсоор оршин тогтнож байна. Эрх мэдэл хуваарилах гэдгийг их сайхан оноож хэлсэн хэрэг л дээ. Бялууг их олон янзын аргаар хувааж болдог. Эрх баригчид өөрсдийн эрх мэдлээ ашиглан хууль тогтоол, захирамж шийдвэр гаргах замаар төрийн албыг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх, цомхотгох, татан буулгах, нэгтгэх зэргээр хольж хутгах замаар бялуу хувааж болно. Олон жишээ бий дээ. Хэн нэгэн нь бялуунаас хоцрох гээд байвал ядах юмгүй нэг шинэ алба, агентлаг, эсвэл бүр яам бий болгочихно. Бүр яам бий болгож боломгүй байвал яамгүй ч хамаагүй сайд гэж албан тушаал бий болгоно.
2012 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Н.Алтанхуягийн Засгийн газар яамдын тоог нэмэгдүүлэн Эдийн засгийн хөгжлийн, Уул уурхай, Хөдөлмөрийн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын гэх мэт хэд хэдэн яамыг шинээр байгуулсан нь АН-ын улстөрчид, нам доторх бүлэг фракциудад төрийн албыг хүргэж хүртээх гэсэн шийдэл байсан. Тэгвэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар хамтарсан эвсэлдээ бялуу хүртээхийн тулд Монгол Улсын сайд гэх албан тушаал гаргаж ирж байсан. Одоо харин алдаагаа ухаарч, засах оролдлого хийж байна. Шинээр байгуулсан яамдаа буцаж татан буулгаж, чиг үүрэг нь давхардсан агентлаг газруудыг нэгтгэхээр санаа шулуудлаа. Гэвч энэ бүхний хамгийн том хохирогч нь мөнөөх төрийн жинхэнэ албан хаагчид юм. Бусдын бурууд хариуцлага хүлээж, үг дуугүйхэн албаа хүлээлгэн өгөхөөс өөр сонголт тэдэнд үгүй. Хэчнээн чадвартай, мундаг сайн байсан эсэх нь үзүүлэлт биш. Тэдэнд дүн тавих хүн энэ төр засагт байхгүй. Харамсалтай, хайран биш гэж үү. Үүнийг ямар ч ялын тогтоолгүйгээр хийж буй төрийн ав хомрого гэж хэлж болно.
Муу л бол хойд талын бор овоохой гэгчээр төрийн албаны хэдэн түшмэд л болж өгсөнгүй гээд өнөөдүүлээ дураараа халж солино. Саяхан л гэхэд өөрийгөө шатаасан ажилтны төлөө “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Батбилэг гэх залууг ажлаас нь сүржин байдалтай халж байх юм. Гэтэл тухайн ажилтны өөрийгөө шатаахад хүргэсэн гэм буруутан нь мань залуу биш, төр засгийн алдаатай бодлого шийдвэр байсан. Б.Батбилэгийн хувьд төрийн шийдвэрийг гүйцэтгэснийхээ төлөө эргээд хариуцлагын золионд явчихав уу даа гэж харагдсан. Энэ бол бас л жишээ юм. Монголчууд тун цөөхүүлээ. Тэдний дунд цүнх барьж гүйдэг “далдак”-уудыг эс тооцвол салбараа мэддэг, мэргэшсэн, чадварлаг төрийн боловсон хүчнүүд тун цөөн. Зодуурын хүүхэд шиг хэдэн төрийн алба хаагчдаа золио бүхний түрүүнд тууж аваачдагаа больё.
Б.Бямбасүрэн
URL: