Ноён доллар Улсын төсөвт нөлөөлөхөд ойрхон байна

Ноён долларын ханш өсөж, бор төгрөгийн үнэ цэнэ шалдаа унасаар…Доллар долоо хоног тутамд 20-40 төгрөгөөр өсч, 2030 болоход ойрхон байна. Үүнийг мэдэрсэн иргэд хадгаламжаа татаж авч, мөнгөө доллар болгон солих ажилд гарцгаалаа.

Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад нэг ам.долларыг зарах ханш 2028 төгрөг байна. Сүүлийн нэг сарын хугацаанд долларын ханш огцом өссөөр ийн 2028 төгрөгт хүрлээ. Ийм байхад УИХ-ын дарга, АН-ын дарга, ноён З.Энхболд “Бидний зөв бодлогын ачаар ам.доллар 2000 төгрөгтэй тэнцэж байна. 5000 төгрөг хүрчихээгүй нь их юм” хэмээн “төгрөг”-өө даапаалав.

Энэ оны улсын төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөг байхаар тооцсон билээ.

Мөнгөний бодлогыг барьдаг эрх мэдэлтэнгүүд ам.долларын амыг сайн хазаарлаж байсан ч хүч нь хүрсэнгүй гар алдсанаар хазааргүй морь шиг өдөр болгон ам.доллар өсөж байна. Валютын ханш чангарахын хэрээр эдийн засаг дахь таагүй байдал хүрээгээ тэлнэ гэдгийг эдийн засагчид онцолж байгаа. “Ногоон” чангарах хэрээр иргэдийн халаасан дахь хэд нимгэрээд зогсохгүй хадгаламж дахь мөнгөнд нь ч нөлөөлж байгаа аж. Иргэд хадгаламж дахь Чингисийн хөрөнгөтэй цаасаа “ногоон” цаасаар сольж байна шүү дээ. Өнгөрсөн 12 дугаар сард АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөсөнтэй холбоотой. Цаашид ч мөнгөний бодлогоо алгуур хатууруулж болзошгүй байгаа. Энэ нь ам.долларын ханшийг дэлхийн бусад валютын эсрэг чангарахад хамгийн их нөлөөлж буй. Мөн дэлхийн томоохон худалдан авагч Хятад улсын эдийн засгийн өсөлт саарсан нь түүхий эдийн үнийн уналтыг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын зүг чигийг өөрчилсөн” гэж Төв банк тайлбарласан юм.

Валютын ханш чангарахын хэрээр эдийн засаг дахь таагүй байдал хүрээгээ тэлнэ гэдгийг эдийн засагчид онцолж байгаа.

Эдийн засагчдын зүгээс Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага ажиглагдаагүй учир ам.долларын ханш ийнхүү өссөн хэвээр байх болно гэж үзэж байгаа. Энэ оны улсын төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөг байхаар тооцсон билээ. Ноён доллар хазааргүй морь шиг урагшилсаар 2030 төгрөгөөс давах юм бол улсын төсөвт дарамт болж эргээд иргэдийн халаас руу дайрах юм болох вий дээ. Иймд ноён доллар 2030 төгрөг хүрэхгүй байхын төлөө залбирахаас өөр арга ард түмэнд үлдсэнгүй.

Т.Буянаа


URL:

Сэтгэгдэл бичих