Нийслэлийн удирдлагын зөвлөл хуралдана
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Удирдлагын зөвлөлийн хуралдааны журамд өөрчлөлт оруулсан билээ.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн нэгдүгээр салбарыг Дүнжингарав худалдааны төвд байгуулсан. Тус төв нь нийслэлийн нутгийн захиргааны 25 байгууллагын 350 гаруй үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа бөгөөд өдөрт дунджаар 2000-2500 иргэн үйлчлүүлж байна. Үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх өргөдөл, гомдлыг өдөрт нь шийдвэрлэж байгаа бол тодорхой хугацаа шаардлагатай асуудлыг дараагийн шатанд шилжүүлэх зарчмаар ажиллаж байна. Тус төвийн ачаалал, иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэхийн тулд Нийслэлийн удирдлагын зөвлөл Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд тогтмол хуралдахаар боллоо. Ингэснээр Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, Засаг даргын Тамгын газрын дарга, Хотын Ерөнхий менежер, Ерөнхий архитектор нарын бүрэлдэхүүнтэй Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан долоо хоногийн даваа гарагт 14 цагаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд, пүрэв гарагт 14 цагаас Нийслэлийн Төрийн захиргааны Хангарди ордонд болно.
Даваа гарагийн хуралдаанаар зөвхөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг шийдвэрлэх бол пүрэв гарагийн хуралдаанаар бусад асуудлыг хэлэлцэхээр тогтлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: