Ил тодын хуулийн хугацаа дууслаа

ё

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжих хугацаа өнгөрсөн бямба гаригт дуусав. Энэ хууль хэрэгжсэнээр 14.4 их наяд төгрөгийн хөрөнгө, ажил үйлчилгээ ил болсон гэх урьдчилсан мэдээ бий. Энэ хуулийн хүрээнд иргэн болон аж ахуйн нэгжүүд нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо ил болгох учиртай. Хуулиар 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө ямар нэгэн байдлаар нуун дарагдуулсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг сайн дураар ил болгосон тохиолдолд нэг удаа хариуцлагаас чөлөөлөхөөр заасан. Хэрэгжих хугацаа нь арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болох байсан ч нэг удаа сунгасан. Хамгийн гол нь хариуцлагаас чөлөөлснөөр татварын орлого бүрдэлт өсч, хөрөнгө оруулалтын урсгал сайжирна хэмээн албаныхан тайлбарлаж буй. Мөн бизнес эрхлэгчид шударгаар үйл ажиллагаа явуулах боломж нээлттэй болох юм. Эцсийн дүндээ сүүдрийн буюу далд эдийн засгийг бууруулна гэдгийг албаныхан онцолж байлаа.

Дээрх хуульд зургаан төрлийн татварын тайлан, долоон төрлийн хууль хамрагдана. Тухайлбал, Нийгмийн даатгал, Хуулийн этгээдийн улсын бүртгэл, Нягтлан бодох бүртгэл, Гааль, Захиргааны хариуцлага, Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль орно. Хуулийн хүрээнд 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнөх хугацааг хязгааргүй заасан бөгөөд аливаа нуун дарагдуулсан орлого, хөрөнгө, үйл ажиллагаагаа ил болговол холбогдох  зургаан төрлийн татвар болон аливаа нөхөн төлбөр, алданги тооцохгүйгээр чөлөөлж байгаа. Зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийг төлнө. Үүнтэй холбоотой хүү, торгууль нөхөн төлбөрөөс чөлөөлсөн юм. Тиймээс өнгөрөгч долоо хоногт хуулийн хугацаа дуусахаас өмнө төлбөрөө шилжүүлсэн байх учиртай аж. Ажилтнуудынхаа нийг­мийн даатгалыг дутуу төлж байсан эсвэл ажилласан жилээ нө­хүү­лэхийг хүссэн найз нөхөд, танил хүмүүсийнхээ ирээдүйд тэтгэвэр авах нөхцлийг бүрдүүлэхэд туслах зорилгоор нийгмийн даатгалд төлөх мөнгөний эрэлд гарсан цөөнгүй хүнтэй таарав. Нэгэн компанийн захирал /нэрээ хэлэхийг хү­сээгүй/ “Нийгмийн даалтгалын төлбөрт 11 сая төгрөгийг өнөөдөр /2016.02.20/ 00:00 цагаас өмнө хийх ёстой. Гэтэл мөнгө олдохгүй сандарч байна” гэв. Санхүүгийн тайлан хүлээж авах ажилд ачаалал алга. Гэхдээ манайхны муу зуршил бол хамгийн сүүлийн мөчид амжуулахаар зэрэг дайрдаг. Тиймээс энэ үед системд хэт ачаалал үүссэнээс сервер гацах эрсдэлтэй. Тэгэхээр аль болох эрт хандахыг уриалж байна хэмээн мэргэжилтнүүд эртнээс сануулж байсан. Гэсэн хэдий ч цагийг нь тулгаад минут, хоромтой уралдан сандарцгаах, урт дараалал үүсгэх нь дадал болсон хүмүүсийн буянаар бямба гаригт нийгмийн даатгалынхан ачаалалтай ажиллажээ. Магадгүй заримд нь аз таарч, зарим нь азгүйтвэл хэнийг буруутгах бол.

Д.Оюунчимэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: Туча Огноо: 24 February 2016

2016 оны 02 сарын 20-ны 00 цагт биш 23 цагт хаасан энийг яах вэ нэг цагаа нөхөж өгөх юмуу

Сэтгэгдэл бичих