Хотын дарга аа! Харгиагаа янзлаач ээ

Утаа униараас хол, дуу чимээ багатай гэж бодож байр сууцаа сонгосон ХУД-ийн 2-р хорооны иргэд, Цэлмэг хотхон болоод тэр орчмын айл өрхүүд өнөөдөр үгээ хэлж сууна.

Өчнөөн жил хэл ам татлаад оршин суугчдыг хордлогод орох хэмжээнд хүртэл дураараа дургисан арьс ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсооно, Харгиа цэвэрлэх байгууламжыг шинэчлэнэ гэдэг шийдвэр гаргагчдын үг өнөөг хүртэл үлгэр хэвээрээ байна. Арга ядсан иргэд орчноо сольё гэхээр байрыг нь авах хүн ч олдохгүй, зарахгүй гарна гэхээр очих газаргүйдэж, цонхоо ч онгойлгох эрхгүй вакум орчинд амьсгалахаа хүртэл хэн нэгэнд даатгахад хүрчээ. Ийм байдалтай цөөнгүй иргэн аж төрж байхад бид хот амгалан байна аа гээд инээгээд алхах эрхтэй юу? үгүй юу?.

Нийслэлийн агаарын чанарын албыг олигтойхон аваад явчиж чадаагүй Б.Инжинаш гэж нөхрийг Харгиагийн даргаар тавиад байдал бүр ч дордлоо. Сахил хүртээл шал дордов гэдэг шиг ажил сайжруулах гэж шинэ хүн тавьсан биш, бүр ч алгуурлаж, үгээ барсан хэдэн иргэдээр зүгээр л наадаж сууна. Сонгууль ойртохыг хүлээж, оноо авахаар зэхээд байна уу, эсвэл ерөөсөө энэ арьс ширний үйлдвэрүүдийн даварсан ажиллагааг далдлаад байхаар шийдсэн үү? Ямартай ч цаана нь олон иргэд тэр дундаа ирээдүйн монгол иргэний хувь заяа хэцүүдэж байна. Харгисан их хэл ам дагуулдаг Харгиагаа хурдан янзлаач ээ.


URL:

Сэтгэгдэл бичих