Г.Дэнзэнд холбогдох хэргийг прокурорт шилжүүлнэ гэв

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн “алдарт” хүргэн хүү Г.Дэнзэнд холбогдох эрүүгийн хэргийг АТГ-аас шалгаад удаж байгаа. Гэтэл түүнд холбогдох авлигын шинжтэй хэргийг албан тушаалтнууд замхруулсан, сураггүй болгосон гэх мэдээлэл ч нэг хэсэг гарч байсан юм.

Тэгвэл өнөөдөр АТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн хуралд тус газрын Мөрдөн шалгахын хэлтсийн дарга Ө.Энхтөр оролцож, олны анхаарлын төвд байгаа эрүүгийн хэргүүдийн шалгалтын явц болон хэчнээн хэргийг шийдвэрлэсэн, хэдэн хавтаст хэрэгт яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн талаараа мэдээлэл өгсөн юм. Түүнээс ЗГХЭГ-ын дарга асан Г.Дэнзэнд холбогдох хэрэг юу болсон талаар тодруулахад “Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан байгаа. Ирэх долоо хоногт Нийслэлийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар шилжүүлнэ” гэв.

Ийнхүү Эрүүгийн 2014250007486 дугаартай хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл 265.2, 150 дугаар зүйл 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцон шалгаж дуусчээ. Мөн түүнийг өнгөрсөн оны тавдугаар сард цагдан хорьсон бөгөөд хоёр сар хориод батлан даалтад гаргасан байгаа юм.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих