Шүрэнгээс бус Гацууртаас болгоомжил, хөршүүд ээ
Байгаль нуурын гол цутгалангийн газар нутагт амьдардаг Буриадын Кабаны районы оршин суугчид энэ сарын 8-ны өдөр “Шүрэнгийн Усан Цахилгаан Станц/ УЦС/ төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж түүнийг бариулахаас татгалзан Монгол Улсыг өөр төрлийн цахилгаанаар хангах хувилбарыг боловсруулах хэрэгтэй гэжээ.
Хэлэлцүүлэг Кабанск сууринд болж, Буриадын холбогдох яам, албан тушаалтнууд оролцсон бөгөөд бичиг баримтыг дахин сайтар боловсруулж, Монголын талтай хэлэлцүүлэг явуулахаар болсон байна. Сэлэнгэ мөрний усыг хаасан УЦС-ын даланг босгох нь Байгаль нуурын экологийн системд сүйрэл учруулан ширгээх болно гэж Буриадын тал түгшүүр дэлдэж байгаа юм.
Тэд Монгол Улс олон улсын санал дүгнэлтийг үл тоон УЦС бариулах болно гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд энэ нь Монгол болон ОХУ-ын харилцаанд ч нөлөөлөх болно гэсэн яриа тус бүс нутагт газар авч байгаа гэх. Ямартай ч Сэлэнгэ мөрөн зөвхөн Монголынх бус гэдгийг бид эндээс харж болно.
Байгаль нуураа аврах тэдний тэмцлийг ч бид дэмжиж байна. Сэлэнгэ мөрнийг авран хамгаалахын тулд түүний цутгал голуудыг ч бас хамгаалалтад авах зайлшгүй шаардлага тулгарна гэдгийг бодох цаг болжээ.
ХАРАА ГОЛ
Ухаан далай номоос эхтэй, ус мөрөн булгаас эхтэй хэмээн цэцэлж ярьдаг ард түмэн билээ, монголчууд. Сэлэнгэ мөрний хамгийн том цутгал голуудын нэг бол яах аргагүй Хараа гол. Уг гол нь Хүйн голоос эх авч урсч, 210 мянган хүн, 300 мянган мал ундаалж, 200 гаруй га талбайг тэжээж, 300 орчим км замыг туулан Орхон голтой нийлж Байгаль нуурт цутгадаг. Гэтэл одоо Хараа голын хөвөөн дээр Гацууртын ордыг ашиглаж, ихээхэн хэмжээний “Хаан хор” буюу хүнцэлийг агаарт дэгдээж, хөрс, усыг бохирдуулах шийдвэрийг УИХ-аас гаргаад байгаа билээ.
Одоогоос хоёр жилийн өмнө Хараа голын усны чанарт хийсэн судалгааны дүн байдаг. Тэрхүү судалгааны дүн “Хараа гол нь алт олборлолтоос үүдэлтэй техногенийн нөлөөлөлд их өртөөд байгаа нь голын усны чанарт сөргөөр нөлөөлж хүнцэлээр бохирдуулж болзошгүй байна” гэж гарсан байдаг.
Мөн ОХУ-ын эрдэмтэн С.Чалов нарын 2012 онд хийсэн судалгаагаар Заамарын уурхайгаас жилд 30 тонн хүртэл хүнцэл Туул гол руу орж, Сэлэнгэ мөрний сав газрыг бохирдуулдаг бол Германы эрдэмтэн Хофман нарын 2013 онд хийсэн судалгаагаар Хараа гол руу ордог хүнцлийн хэмжээ жилээс жилд ихэсч, 3.3 тоннд хүрсэн дүн гарчээ.
ГАЦУУРТЫН ОРД БА ХҮНЦЭЛ
Гацууртын ордыг ашигласнаар байгальд ямар ч хор хөнөөлгүй бөгөөд хүнцэл гэдэг хор тэнд байхгүй, байсан ч хор хөнөөлгүй гэж “Сентерра гоулд” болон тус компанийн эрх ашгийг өмгөөлөгч эрдэмтэн мэргэд өгүүлдэг. Тэгвэл доктор Р.Байгалмаа Гацууртын орд орчмын хөрсөнд 2880 дахин их хүнцэл агуулагдаж байгаа. Гацууртын үндсэн ордын алтыг авахын тулд дэлбэлнэ. Хүнцэл агаарт дэгдээд усанд уусна. Дэлбэлж, тэсэлсэн үед хүнцэл усанд уусвал зөвхөн байгаль төдийгүй хүний биеийн махбодь, генид хор нөлөөтэй бөгөөд 10 мянган жилд хөрснөөс гарахгүй.
Хүнцэл 2000 жилийн турш агаарт байдаг. Тэгэхээр хүнд, бохирдолтой металыг Гацууртын ордоос өгөх гэж байна. Гацууртын голын хүнцэл байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн. Гэтэл энэ байдлыг ихэсгэвэл үнэхээр хүнд асуудалд орно хэмээн байр сууриа илэрхийлж байна.
Харин УИХ дахь бие даагчдийн бүлгийн гишүүд “Хамгийн аюултай нь Гацууртын ордыг ашиглавал хүнцэл гэдэг асар их хор ил гарахаар идэвхжинэ. Хараа гол төдийгүй Сэлэнгийг хордуулах эрсдэлтэй. Гацууртын асуудлаар Ерөнхий сайдын байр суурийг сонирхож, хариуцлагыг нь та үүрч чадах уу гэж асуухад өөрөөсөө холдуулж тайлбар хийгээд аюулгүй гэдэг баталгаа өгч чадахгүй байгаа” хэмээн мэдэгдээд байгаа билээ.
“СЕНТТЕРА ГОУЛД” БА ХҮНЦЭЛ
“Сенттера гоулд” компанийн зүгээс Гацууртын ордыг ашигласнаар Монгол Улс хэдэн мянган ам долларын ашиг олно хэмээн ухуулан сэнхрүүлэхээс биш учирч болох эрсдэл, хор хөнөөлийн талаар дурсдаггүй. Өмнө нь ашиглаж байсан Бороо гоулдын алтны уурхайг түшиглэн үйл ажиллагаа явуулах болохоор ямар ч хор хөнөөлгүй хэмээдэг. Тэгвэл “Бороо гоулд” компани бидэнд юу үлдээснийг эргээд нэг саная.
Тэд 42 тонн алтыг авсан ч байгаль сүйтгэж, бүрэн бус тооцоогоор 1600 тонн цианит натри, 240 тн натрийн гидроксид, 12 тн антискалянт, 80 тн флокулянт, гурван тонн идэвхжүүлсэн нүүрс, 3500 тн кальцийн гидроксид нийт 5235 тонн онцгой хортой ба аюултай химийн бодисыг бидэнд “хөрөнгө оруулалт” болгон үлдээжээ.
Энэхүү тоо баримт нь зөвхөн Байгаль орчны яамнаас олгосон 0000005 дугаарт тоот зөвшөөрлөөс 0000128 тоот зөвшөөрлийн хооронд оруулж ирж ашигласан химийн бодисын мэдээлэл гэдгийг анхаарна уу. Үүнээс цаана хууль бусаар хэр хэмжээний бодис ашигласныг бид мэдэхгүй. Үнэндээ “Бороо гоулд” ХХК Монголд 5235 тн онц аюултай хороор хөрөнгө оруулалт хийж, алт угаах үйлдвэр барихад оруулсан хөрөнгөө хэдэн зуу дахин нугалж авсан байдаг. Зүгээр ч үгүй тэд биднээс 42тн алтыг үнэгүй авч явсан ба нэг тонн алт бүрийн оронд 125 тн онцгой хорт химийн хор үлдээснийг өдгөө хаашаа зайлуулахаа мэдэхгүй сууж байна.
“Сентерра гоулд” компанийн зүгээс хүнцэл бараг ялгарахгүй, байгаль орчныг бохирдуулахгүй олборлолт явуулна, бид бол дэлхийд шилдэг нь хэмээн сурталчилдаг. Гэтэл тэд Киргизийн Кумторын ордыг ашиглаж, байгаль орчныг нь сэхэхгүй болгосон түүх өнөөдөр ч хэрүүл заргатайгаа байж байна. Өнөөдөр дэлхий дээр 100 хувь найдвартай зүйл бий болоогүй байна.
Ялангуяа уул уурхайн салбарт. Хамгийн найдвартай гэж байсан АНУ-ын Коларадо мужид алт олборлож байсан “Галакгик Ресорс” компанийн уурхайн хаягдлын далан 1992 онд сэтэрч, хорт хаягдал Аламос голд алдагдсанаас амьд амьтад нь бүгд устаж үгүй болсон. Энэхүү экологийн сүйрлийн хор хөнөөлийг өнөөдөр ч арилгаж чадахгүй байгаа бөгөөд Америкийн эмгэнэлт явдал хэмээн түүхэнд тэмдэглэгдээд байна. Хорыг саармагжуулах ажилд АНУ-ын Засгийн газар тухайн үед 160 сая ам.доллар зарсан ч уршигт хөнөөл нь өнөөдөр ч байсаар л байна.
Тухайн үед энэ компанийг эзэмшиж байсан “Айванхоу Майнз” компанийн захирал Роберт Фридланд шүүхийн шийдвэрээр нутгийн иргэдэд 30 сая доллар нөхөн төлбөрт өгсөн ч энэ нь тус бүс нутагт сүйрлийг авчирснаар төгсгөл болсон юм. Канад улсын хөрөнгө оруулалтай “Габриел Ресорс” компани 2000 онд Румын улсад алт олборлож байх явцдаа хорт бодис алдасны улмаас Дунай мөрөн бохирдож, голын дагуу амьдардаг хоёр сая хүний ундны ус хордов.
Бохирдлын бүсээс бүх иргэдийг нүүлгэн шилжүүлж голыг цэвэршүүлэхэд Европын холбооноос 15 жилийн хугацаанд гурван тэрбум гаруй доллар зарцуулах тооцоо гарав. Алт дагасан ийм сүйрэл сүүлийн хорин жилд янз бүрийн улс оронд нийтдээ 30 гаруй удаа тохиож, алт олборлосноосоо илүү их хохирол хүлээгээд байна. Хохирогч нь тухайн орон нутгийн иргэд, улс орон байдаг бол хождог нь олборлолт явуулсан компани байдаг байна.
Монголын улстөрчид сүүлийн хорь гаруй жил шатраар бол хожигдсоор ирлээ. Ядаж нэг удаа уул уурхайн компаниудтай хайнцах хэмжээнд гэрээ хийж чадсан түүх алга. Хожигдохын тулд гэрээ хийх гэж яарснаас хайнцахын тулд маргаашийг хүлээж сурах хэрэгтэй байна. Үүнийг монголчууд “дэлдэхээр сүүлд” хэмээн сургаж хэлсэн байдаг.
ХҮНЦЭЛ ГЭЖ ЮУ ВЭ
Хүнцэл нь байгаль дээр өргөн тархсан химийн бодис бөгөөд хүн төрөлхтөн 2400 жилийн тэртээгээс нээж, хэрэглэж ирсэн түүх бий. Өнөөдөр хүнцэл нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан том асуудлын нэг болж хувираад байна. Дэлхийн 70 орны 137 сая хүн хүнцлийн хордпоготой бүс нутагт амьдарч байна гэсэн статистик бий.
Манайх дэлхийн хүнцэл өндөртэй улсад багтдаг. Монгол дахь хүнцлийн илүүдлийн асуудал чулуулгаас гаралтай. Дэлхий дээр байгаа бүх химийн бодисын гол эх үүсвэр нь чулуу. Энэ утгаараа хүнцэл металлын ашигт малтмал ихтэй газарт илүүтэй тархсан байдаг.
Хүнцэл ундны усаар тархсаны улмаас Бангладешт улсад онцгой хордлого болж олон зуун хүмүүс хордсон түүх бий. Уулнаас буусан хөрсний усанд хүнцлийн агууламж өндөр байсны улмаас хордлого болсон гэж тайлбарладаг.
ХӨРШҮҮДИЙН ТЭМЦЭЛ БИДНИЙ МУХАРДАЛ
Хөрш зэргэлдээ буриад зон Байгаль нуураа авран хамгаалахаар тэмцэж байна. Гэхдээ тэд бидний бүтээн байгуулах гэж буй усан цахилгаан станцтай тэмцэж байна. Гэтэл энэхүү усан цахилгаан станцаас хэд дахин их хор хөнөөл учруулах Гацууртын ордыг Монголын Засгийн газар ашиглахаар шийдээд байгааг тэд олж харсангүй.
Уг нь тэд Байгаль далайгаа аварч үлдэх гэж тэмцэж байгаа бол их хэмжээгээр хүнцэл хийгээд бусад химийн хорт бодисоор Сэлэнгэ мөрнийг бохирдуулж, хордуулах гэж байгаа уул уурхайн зүй бус олборлолттой тэмцэх ёстой баймаар. “Сенттера гоулд” компани олборлолт явуулахын тулд Ноён уулыг дэлбэлнэ.
Ийнхүү үндсэн чулуулгийг ил гаргаснаар газрын гүнд байгаа арсенопирит мэт хүнцэлтэй эрдсүүд наранд ил гарч, бороо цасны устай холилдон исэлдэж уусамтгай нэгдлүүд үүснэ. Хүнцлээр бохирдсон гол горхиор дамжин Гацуурт, Бороо, Хараа гол, Сэлэнгэ мөрөн “хороор” цалгилж Байгаль далайд цутгана.
Цаашилбал Байгаль далайн ус Ангар, Енисей мөрнөөр дамжин Хойд мөсөн далай хүрснээр дэлхий нийтийн байгаль орчны асуудал хөндөгдөх болно. Ноён уулаа хэрхэн аврах вэ хэмээн арга мухардаад байгаа энэ үед усан цахилгаан станцтай тэмцэх бус түүнээс ч илүү хор хөнөөл, сүйтгэл дагуулах уул уурхайн компанитай хүчээ нэгтгэн тэмцэж болохгүй гэж үү.
Байгаль нуураа хамгаалах хөршүүдийн тэмцлийг дэмжиж байгаа ч таниас, биднээс хамаарахгүй их сүйтгэл авчрах цагийн хүрд эргээд эхэлсэн гэдгийг сануулах юун. Гацууртын орд зөвхөн монголчуудад төдийгүй дэлхий нийтэд гай дагуулахаар аюултай гэдгийг мэдсэн ч мэдээгүй юм шиг шунагсад Байгаль нуурыг дусалхан ус төдий санаж сууна.
Д.Лхагва-Очир
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
unen shvv hurshvvd eee hamtran temtsie
unen shvv hurshvv dee hamtran tsemtsie
“…Монголын улстөрчид сүүлийн хорь гаруй жил шатраар бол хожигдсоор ирлээ. Ядаж нэг удаа уул уурхайн компаниудтай хайнцах хэмжээнд гэрээ хийж чадсан түүх алга. Хожигдохын тулд гэрээ хийх гэж яарснаас хайнцахын тулд маргаашийг хүлээж сурах хэрэгтэй байна.”