Э.Бөхбат: 2007 оноос өмнө авсан жолооны үнэмлэхээ шинээр солиулах шаардлагатай

Автомашин жолоодох эрхийн хуучин шар үнэмлэхтэй жолооч нарт замын цагдаагийн алба хаагчид үнэмлэхээ солиулахыг анхааруулж байгаа юм байна. Энэ талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга,цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа.

-Хуучин загварын жолооны үнэмлэхээ солихыг замын цагдаа нар шаардаж байна гэсэн. Энэ нь ямар учиртай вэ?

-Замын цагдаагийн газраас ч юм уу манай алба хаагчид шаардаад байгаа хэрэг биш юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд жолоодох эрхийн үнэмлэхийг арван жилийн хугацаатай олгоно гээд заачихсан байгаа. Харин олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийн хугацааг гурван жил байна гэсэн байдаг. Энэ дагуу  үнэмлэхийнх нь хугацаа дууссан тохиолдолд хуулийн дагуу шаардлага тавьж байгаа. 2007 болон түүнээс хойш авсан үнэмлэхийн хугацаа нь дуусаагүй учраас хүчинтэй хэвээрээ гэсэн үг.

-Жолооны үнэмлэх олгосон жилээс хамаарч байгаа юм байна, тийм үү?

-Тийм. Жолооч нар үнэмлэхийнхээ хугацааг нэг харчих. Анх авснаас хойш 10 жил өнгөрч хугацаа нь дууссан бол шинээр солиулах нь тухайн хүний үүрэг.  Замын цагдаагийн газраас кампаничлаад солиод байгаа ажил биш юм.

-Үнэмлэхээ шинээр солиулахын тулд ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хандах вэ?

-Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хандана. Хоёр хувь цээж зураг, 12500 төгрөг, иргэний болон жолооны үнэмлэхийн хуулбар, үнэмлэх сольж өгөхийг хүссэн өргөдөл гаргана.  Шинэ үнэмлэхийг  ажлын гурав хоногт багтаан олгоно.

М.Алтанцэцэг

Эх сурвалж: Ардын эрх


URL:

Сэтгэгдэл бичих