Түлхүүр эргүүлсэн хүн ТӨР ЭРГҮҮЛНЭ
Хаалга бол боломж. Улс төрд хамгийн их хаалгатай хүн бол Н.Энхбаяр. Заримд нь арай чүү ганцхан хаалга олдож байхад түүний өмнө маш олон хаалга нээлттэй байдаг. Тэр хаалга бүрийг тогшиж үздэг, шагайж хардаг. Аль нэг хаалгаар орсон бол заавал хойморт гарч суух гэж зүтгэдэг улстөрч. Өөрийнх нь хувьд аль хэдийнэ хаагдчихсан хаалгыг ч тэр гөжиж байгаад нээдэг онцлогтой.
Шадар сайд болох нь түүнд дараа дараагийн олон хаалгыг нээх ёстой байлаа. Үүний тулд тэрээр Ерөнхий сайдыг огцруулахгүй авч үлдэх тохиролцоог АН-тай хийж, түүгээр ч зогсохгүй МАН-ыг хүртэл өөрийн талд оруулчихаад байсан юм. Гэтэл орж явсан хаалгыг нь АТГ тас хийтэл хааж орхив бололтой. Хуульнд төрийн албан хаагч болоод өндөр албан тушаалтныг томилохоос өмнө АТГ-т шалгуулах ёстой байдаг. АТГ тэр албан тушаалд ажиллах боломжтой гэж үзсэн тохиолдолд Засгийн газар томилох үүрэгтэй.
Харин МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдын албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчилтэй буюу хуульд нийцэхгүй байгаа тул тус албан тушаалд тохирохгүй гэж АТГ дүгнэжээ. Ийнхүү Н.Энхбаярын төрийн албан тушаалд томилогдож, улмаар сонгуульд нэр дэвших боломжийг нээх учиртай байсан нэг хаалга хаагдлаа.
Тэгмэгц Н.Энхбаяр бусад хаалгаа онголзуулаад эхлэв. Эдгээр нь сонгуульд аль нам, хүчинтэй эвсэж, эсвэл нэгдэж орох вэ гэдэг түүний сонголт юм. Түүний эхний нүүдэл нь АН-д дохио сануулга өгөхийн тулд МАН-д илэрхий тал өгснөөр эхэлж байна. Эх орончдын баярыг МАН, МАХН хоёр нам хамтдаа тэмдэглэх гэсэн санаачилга гаргаж, албан тоот хүргүүлэв. Энэ нь чухамдаа ирэх сонгуульд хоёр нам нэгдэж орох тухай анхны мессежийг олон нийт төдийгүй АН-д өгөх зорилготой. Хэрвээ энэ хоёр нам эвсвэл мэдээж АН-д ашиггүй.
Хэдийгээр тус нам өөрийн жингээ нэмэгдүүлэхийг чармайж ИЗНН, МҮАН-ыг нэгтгэж авах бодлогыг хэрэгжүүлж байгаа ч МАХН аль талд очихоос хамаарч, жингийн харьцаа өөрчлөгдөнө гэдгийг ойлгож байгаа. Өөрийн ийм давуу талаа мэдэрсэн Н.Энхбаяр энэ дунд тоглолт хийж, өөртөө үнэмлэхүй давуу тал бий болгохыг зорьж байна.
МАХН сонгуульд хэрхэн оролцох тухай түүний хэлсэн хувилбарууд бол өөрийн үнэ цэнийг мэдэрч, томоор үнэлж буйн илрэл. Тэрээр “Бидэнд дөрвөн үүд хаалга нээлттэй байгаа. Би аль ч хаалгыг түгжээд, түлхүүрийг нь ус руу шидээгүй байна” гэж хэлсэн. Эхний хаалга бол АН-тай эвсэл болж сонгуульд оролцох. Гэвч энэ хувилбар биелэх магадлал тун бага болж ирсэн. Учир нь АН-ын дарга З.Энхболд “Ирэх сонгуульд манай нам аль нэг намтай эвсэхгүй, харин нэгдэж л оролцоно” гэсэн байр сууриа зарлаад буй.
Тэр ч ёсоороо ИЗНН-ыг, МҮАН-ыг өөртөө нэгтгэх талаар ярилцаж байна. Тэгвэл эсрэг талд Н.Энхбаяр АН-тай хэзээ ч нэгдэх тухай яриа байхгүй гэдгийг өөрөө хэлсэн юм. Харин зохицох тухай асуудал байж болно гэсэн нь магадгүй эвсэх, эс бөгөөс дан дангаараа сонгуульд оролцоод, улмаар засаг байгуулахдаа хамтрах тухай хэлсэн санаа болов уу. Н.Алтанхуяг АН-ын дарга байхдаа МАХН-тай хийсэн мөнөөх алдарт гэрээнд яг ийм санааг тусгасан байдаг билээ.
Удаах хаалга бол МАН-тай эвсэх. МАХН-ын хувьд МАН-тай бүр нэгдэх ч хувилбар байж болно. АН-тай нэгдэх тухай яриа байхгүй, харин МАН-тай нэгдэж болохыг үгүйсгэхгүй гэж Н.Энхбаяр өөрөө хэлсэн удаатай. Гагцхүү аль ч тохиолдолд Н.Энхбаярын эрх ашиг 100 хувь хангагдах учиртай. Эвсэл болбол эвслийн тэргүүн нь Н.Энхбаяр байх болзлыг МАН-д тулгах нь гарцаагүй. Харин хоёр нам нэгдсэн тохиолдолд жагсаалтын нэгдүгээрт нэрээ бичүүлэхийг хүсэх болов уу. Гэвч Эх орончдын баярыг хамтран тэмдэглэх санал гаргасан гэдэг үндэслэлд итгээд, энэ хоёр нам хамтрах нь гэж ойлговол эртдэнэ. Н.Энхбаяр аль ч хаалгыг нээгээгүй, бас хаагаагүй байгаа гэж хэлснийг нь мартаж болохгүй.
МАН-тай хамтрах тухай бор шувууг МАХН-ын зүгээс үргэлж нисгэдэг нь санамсаргүй хэрэг биш. Тэр тоолондоо Н.Энхбаяр болоод түүний нам өөрсдөдөө давуу байдал бий болгож авдаг байсан. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус хоёр намыг эвсэн орох тухай санаачилга ахмадуудаас нь гаргаж байсан ч ажил хэрэг болоогүй. Н.Энхбаяр АН-тай нууц тохиролцоо хийсэн ч гэж яригддаг билээ. Санаж буй бол сар шинээр хоёр намын хамтарсан золголт болно гэж байснаа МАХН-ынхан очоогүй. Жанжин Д.Сүхбаатарын ойг тэмдэглэх үеэр мөн л хоёр нам хамт цэцэг өргөнө гэж байсан ч МАХН бас л мурисан гэдэг. Тэгэхээр Н.Энхбаярт одоохондоо итгэхэд эрт байна.
Гурав дахь хаалга нь бусад жижиг намтай эвсэл байгуулах хувилбар. МАХН-ын хувьд энэ нь байж болох хамгийн боломжит хувилбар байх магадлалтай. Тухайлбал, Монголын ногоон намтай эвсэл байгуулах боломж нээлттэй яригдаж буй. МАХН өнгөрсөн сонгуулиар авсан саналаа баталгаажуулж, улмаар АН, МАН хоёр намтай өрсөлдөхүйц санал авах амбиц байгаа. Тиймд саналын хуудасны эхэнд бичигдэхийг хүсч байж мэднэ. Намууд Дээд шүүхэд бүртгэгдсэн дарааллаараа саналын хуудсанд байршдаг.
Тэгвэл Монголын ногоон нам гуравдугаарт бичигддэг байна. Тус жагсаалтын 18 дугаарт бичигддэг МАХН-ын хувьд дээрх намтай эвссэн тохиолдолд МАН болон АН-ын дараа нэр бичүүлэх давуу эрхтэй болно гэсэн үг. Жижиг гэх намуудтай эвсэл болох энэхүү хувилбар нь Н.Энхбаярт энэ мэт бага боловч давуу талыг бий болгох боломжуудыг хамт авчирна.
Дөрөв дэх хаалга нь мэдээж дангаараа сонгуульд оролцох. Гэвч МАХН энэ хаалгаар орох нь юу л бол. Учир нь хэтэрхий эрсдэлтэй, бас ямар ч давуу тал, тоглолт хийх боломжийг олгохгүй. Н.Энхбаяр энэ хаалгыг зөвхөн бэлгэдлийн шинжтэй л байлгаж байгаа гэхэд болно.
МАХН-ын өмнө нээлттэй буй энэ дөрвөн хаалганы түлхүүрийг атгаж суугаагийн хувьд Н.Энхбаяр алиныг нь ч цоожлохыг хүсэхгүй байгаа нь лавтай. Гэвч нэгийг хааж, нөгөөг нээх улс төрийн сонголт түүний өмнө тулж иржээ. АТГ-аас Н.Энхбаярыг Шадар сайд болгохгүй гэж хариу ирүүлсний цаад эзэнг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэж олон хүн тааж байна. Тохиролцоондоо хүрэх анхны сануулга болгож МАН-тай нэгдэх дохиог хүргүүлсэн Н.Энхбаяр АН-д шахалт үзүүлж байгаа нь нэгэнт ил болсон. Тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой зөвшилцөж, ямар нэг шийдвэр гаргахыг АН-ын дарга З.Энхболдоос шаардсан байх магадлалтай.
Ц.Элбэгдоржийн хувьд Н.Энхбаярыг улс төрд гаргаж ирэхгүй байх сүүлчийн алхам нь энэ байсан бол Н.Энхбаярын хувьд тийм ч амар бууж өгөхгүй бололтой. Тэрээр гартаа байгаа түлхүүрүүдээ эргэлдүүлээд эхэлсэн нь энэ.
Хэрэв Н.Энхбаяр АН-ын хаалгыг хааж, МАН-ын хаалгыг нээх сонголт хийсэн тохиолдолд Шийдлийн Засгийн газраас МАХН-ын сайд нар гарч, улмаар ирэх сонгуульд МАХН+МАН гэсэн хүчтэй өрсөлдөгч бий болно. “Живж байгаа хүн сүрэл өвс тааралдсан ч шүүрч авдаг” гэж ноён Н.Энхбаяр өөрөө нэгэнтээ өгүүлжээ.
Д.ДАМДИНЖАВ
АРДЫН ЭРХ
URL: